МАН-ын Удирдах зөвлөл Д.Арвины нэрийг татуулах даалгавар өгчээ
2012 оны 12 сарын 28
МАН-ын Удирдах зөвлөл Д.Арвины нэрийг татуулах даалгавар өгчээ
УИХ-ын гишүүн Д.Арвин өнгөрсөн даваа гарагт Баянзүрх дүүргийн намын хороонд нааасаа гарах өргөдлөө өгсөн. Тэрбээр өргөдөлдөө намын удирдах албан тушаалтнуудын баримталж буй бодлого, шийдвэртэй нийлж ажиллах боломжгүй болсон талаараа дурьдсан байна.
Ийм шийдвэр гаргах нь эрхэм гишүүний улс төрийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч хатуухан даваа байсан нь мэдээж. Тэрбээр МАН-ын бүсгүйчүүдийн лидер нь байсан. Д.Арвин гишүүн 2000 оноос хойш дөрвөн удаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа. Түүнийг улстөрчид ч, олон нийт л муухан эр хүнээс дээр гэдэг. Үнэндээ тэрбээр МАН-ын гурван лидер бүсгүйтэй тэнцэхүйц улстөрч бүсгүй гэдэгтэй санал зөрөлдөх хүн үгүй. Энэ олон жилүүдэд МАН олонхи байхад ч, цөөнх байхад ч тэрбээр намаа цээжээрээ хамгаалдаг байсан. Түүнээс өөр хэн ч намаа өмөөрөн чуулганы танхимд ширээ “шааж” босож ирж байсан удаагүй. Үүнийг МАН-ынхан ч мэдэж байгаа.
Гэтэл Д.Арвинг намаас гарах өргөдөл өгсөний маргааш нь буюу өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл Налайх дүүргийн намын үүрийн дарга нарт үүрэг өгч, МАН-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж Д.Арвиныг УИХ-аас эгүүлэн татах гэж байгаа талаар мэдээлэл ирлээ. Нэг ёсондоо МАН намаас гарсан нэг гишүүнийхээ төлөө нэг дүүргийн гишүүдийг хөдөлгөж байна. Энэ бол байж боломгүй үзэгдэл. Ер нь тухайн хүн улс төрийн аль хүчинг сонгох нь Үндсэн хуульд заагдсан эрх. Намын удирдлагуудтай гар нийлж ажиллах боломжгүй байгаагаа илэрхийлэх нь тэр хүний эрх.
Д.Арвин намаас гарлаа гээд бусадтай адил Төрийн ордонд шатар тоглож, гадаадад зугаалж, төсвийн мөнгөөр тансаглахгүй. Үүнийгээ өмнө нь гурван удаа УИХ-ын гишүүн болохдоо харуулсан. Албан ёсоор дөрвөн удаа ялалт байгуулсан гэж байгаа ч Д.Арвинд баянзүрхчүүд хоёр ч удаа итгэл хүлээлгэсэн. Тиймээс түүнийг хоёр удаа ялалт байгуулсан гэж хэлж болно. Гэтэл түүнийг сонгуульд өрсөлдөж байх үед нь Удирдах зөвлөлийнхөн утсаар ч яриагүй гэдэг. Тэр бүү хэл өөрийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулж байсныг олон нийт мэдэж байгаа. Тухайн үед нь түүнийг тойглох нь яасан юм.
Д.Арвины энэ сонголт бол хувь хүний шийдвэрээс гадна Ардын намд өгч байгаа асар том сануулга боллоо. Бүхнийг дарга цэргийн асуудлаар шийдэж, дээрээс удирдаж, эрх мэдлийн суудалд зүтгүүлдэг тэдний арга барил нэг л биш болжээ гэдгийг Д.Арвин өөрийн шийдвэрээрээ харуулж байгаа хэрэг.
Нэг дүүргийн намын хорооныхон Д.Арвины нэрийг УИХ-аас татлаа гээд түүнийг унагаж чадахгүй. Учир нь тэр ард түмний төлөөлөл. Баянзүрхчүүд түүнд итгэл хүлээлгэсэн. Налайхчуудын тодорхой хэсэг нь Д.Арвины төлөө саналаа өгсөн л байж таараа. Тэдний сонголтыг хүчээр дээрээс шийдвэрлэж, налайхчуудын асуудалд намын нэрээр оролцох нь зүйд нийцэх үү, үгүй юу гэдэг бас сонин.  Хэрэв дуртайгаа оруулж, дургүйгээ гаргадаг жишиг тогтоох гэж оролдох л байсан юм бол МАН-ынхан УИХын 76 суудалд 76-ланд нь суучихгүй яасан юм.
Эцэст нь хэлэхэд УИХ-ын 2012 оны сонгуулиар МАН нийслэлд ганцхан суудал авсан. Түүнийг нь Д.Арвин авчирсан. Гэтэл МАН-ынхан нийслэлээс сонгогдсон ганц гишүүнээ улаан сарнай бариад угтахын оронд ус цацаагүйсэн бол Д.Арвин ийм сонголт хийх байсан уу, үгүй юу. Ямартай ч Д.Арвин сонголтоо хийлээ. Түүнийг яаж хүлээж авах нь МАН-ынханы улс төрийн соёл л мэднэ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив