АН-ын хүүхнүүд Д.Арвиныг яаж угтах вэ
2012 оны 12 сарын 28
АН-ын хүүхнүүд Д.Арвиныг яаж угтах вэ
УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас гарах өргөдлөө өнгөрсөн даваа гарагт Баянзүрх дүүргийн намын хороонд өгсөн. Харин өнөөдөр тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягаас АН-ын батлахаа гардан авах гэж байна.
Д.Арвин гишүүн угтаа МАН-аас Хэнтий аймагт гурван удаа нэр дэвшин сонгогдож байсан. Харин УИХ-ын 2012 оны сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн бөгөөд хоёр ч удаа өрсөлдөж ялалт байгуулсан. Ингэснээрээ тэрбээр нийслэлээс нэг ч суудал авч чадаагүй МАН-д цорын ганц суудлыг нь авч ирсэн юм. Харин Д.Арвин УИХ-д дөрөв дэх удаагаа тангараг өргөмөгцөө ийнхүү улс төрийн томоохон шийдвэр гаргалаа. Түүний шийдвэрийг олон нийт өөр өөр өнцгөөс харж байгаа ч улстөрчид ерөнхийдөө зөв алхам хэмээн дэмжиж байгаа сурагтай. Хэн ч байсан ийм алхам хийх байсан гэх хүн олон байна. Учир нь Д.Арвинг Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байх үед МАН-ынхан түүнийг дэмжиж ажиллах нь бүү хэл бүр түүний эсрэг ажиллаж байсан гэдэг. Олон нийт түүнийг сонгуулийн үеэр намынхандаа гомдсондоо ийм алхам хийж байна хэмээн үзэж байгаа.

Харин Д.Арвин өчигдөр орой Монголын үндэсний олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Би МАН-ыг ядарсан үед нь орхиогүй, задарсан үед нь гарч байна. Манай нам хоёр задарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Би 1990-ээд оны үед тухайн үеийн МАХН-д элсч, ямар ч гишүүнгүй хүнд үед нь бусад нөхдийнхөө адил түрийвчээ бариад очиж байсан. Оюун ухаанаа зориулж, өдөр шөнөгүй ажиллаж байсан. Ингээд манай нам удалгүй хүчирхэгжиж, эдийн засгийн хувьд ч хүчтэй нам болсон. Ийм үедээ манай намын удирдлагууд /Би жирийн гишүүдийг хэлээгүй шүү/, хэдхэн тооны хүмүүс биеэ тоож, гишүүдээ үл тоомсорлон, МАХН-ын нэрийг өөрчилсөн. Ингээд МАХН чадалтай, хүчтэй үедээ задарсан. Би одоо задарсан үед нь намаасаа явж байна” хэмээсэн. Түүгээр ч үл барам МАН-ынхан өөрсдийгөө удирдаж байсан үе үеийн удирдлагуудаа хэлмэгдүүлж байсан гэдгийг ч өгүүллээ. Энэ бүгдээс үүдэн Д.Арвин намын гишүүнчлэлээсээ татгалзаж АН-ыг сонгох болсон гэнэ.

Энэ долоо хоногийн эхнээс шуугисан Д.Арвины МАН-аас гарах асуудал өнөөдөр нэг тийш нь шийдэгдэх нь бололтой. Тэрбээр АН-ын батлах авах гэж байна. Харин АН-ын бүсгүйчүүд Д.Арвиныг яаж хүлээж авах бол гэдэг нь сонирхол төрүүлж байна. АН-д амбицтай, албан тушаалд сонирхолтой хүүхнүүд зөндөө бий. Тэгэхээр “Лиш цэцэгтнүүд” түүнийг лиш цэцгээ барин угтах болов уу. Аль эсвэл МАН-аас лидер эмэгтэй орж ирж байгаад нэг том өрсөлдөгч ирлээ хэмээн хүлээн авах уу. Үнэндээ Д.Арвин АН-д орж байгаа нь амбицтай хүүхнүүдийн “апетит”-ийг хөдөлгөж мэдэх л юм. Түүнийг олон нийт гурван эмэгтэйтэй тэнцэнэ гэдэг. Тэрбээр хэлэх гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг, хэн нэг даргын ая харж худал ярьдаггүй учир олны хүндэтгэлийг хүлээж чадсан юм.
Ямартай ч Д.Арвин АН-ын батлахаа гардах гэж байна. АН-ын бүсгүйчүүдтэй ая эвээ олоод, аятайхан нөхөрлөөд явчих байлгүй дээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив