Маяачууд мандтугай
2012 оны 12 сарын 28
Маяачууд мандтугай
Гадаа 30 гаруй хэм хүйтэн байгаа ч алтан наран урьд урьдынхаас илүү гэрэл гэгээтэй, хурц тусаж байна. Хориннэгдүгээр зунн эхлэхтэй зэрэгцэн үлгэр мэт яригдаж, сүүлийн хэдэн сар дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татсан 2012 оны арванхоёрдугаар сарын 21 өчигдөр тохиож, өнгөрлөө. Нэг ёсондоо маяачуудын он тоолол амар сайхан жаргалаа. Ингэж хэлэхийн учир гэвэл монголчууд бид эртнээс үлгэрт итгэж өссөн хүмүүс. Арвантаван толгойтой атгаалжин хар мангасыг монголчууд дарж, хайртай морь нь дөрвөн мөчөө тасдуулсан ч давхиад л байдаг үлгэр манайд бий. Хэчнээн чөтгөр, мангастай үлгэр байсан ч монголчууд дайснаа дарж, дархан цолоо мандуулан амар сайхандаа жаргажээ хэмээн төгсгөдөг. Ойрын хэдэн сар, хэдэн хоног “Дэлхийн сүйрэл”-ээр амьсгалж, дэлхий сүйрдэггүй юмаа гэхэд хэд хоног харанхуй болох гэнэ хэмээн лаа, шүдэнзээ бэлдсэн ч тийм зүйл болсонгүй. Харин ч алтан нар урьдынхаасаа улам ихээр гэрэлтэж байна. Магадгүй маяачуудын хэлдгээр шинэ он тоолол эхлэх эхний өглөө болохоор ийм сайхан гэрэлтэж байгаа юм болов уу. Ингэж хэлэхээр дахиад л нөгөө маяачуудад итгэж байгаа хэрэг болох байх даа.
Гэхдээ маяачуудыг магтан дуулахаас өөр аргагүй. Тэд бичиг үсэг үүсэхээс хэдэн мянган жилийн өмнө зохиосон хуанлигаараа дэлхий дахиныг цочроож чадлаа шүү дээ. Дэлхий нийтээрээ тэдэнд итгэлээ. Бүр коммунистаар овоглодог хятадууд илүү их итгэсэн гэж хэлж болно. Маяачууд үнэхээр аугаа юмаа. Тэд 5125 жил үргэлжилсэн урт хугацааны хуанлиг зохион бүтээжээ. Тэдний одон орны судлал одоо ч зарим эрдэмтдийн гайхашралыг төрүүлсээр байна. Маяачуудын цаг хугацааны бичиг дууссанаас болж дэлхий нийтээр эх захгүй үймэлдэнэ гэж тэд яаж мэдэх билээ дээ. Гэхдээ л маяачуудын хуанлиг зохиосон хүн дэлхийг донсолгож чадлаа.
Дэлхийн өнцөг булан бүрт “Сүйрэл”-д итгэгсэд янз бүрийн үйлдэл гаргалаа. Нэг хэсэг нь уулан дээр гарч байхад зарим нь банк дээрэмдэх, амиа хорлох гээд сөрөг үзэгдлүүд ч болсон байна. Нөгөө хэсэг нь шинэ он тоолол эхэлж, индиго хүүхэд олноор төрнө хэмээн хүлээн авчээ. Ихэнх хүн дэлхийн сүйрэлд итгэсэн байхад цөөхөн үлдсэн маяачуудын хойч үе баяр тэмдэглэж байлаа.
Харин монголчуудын бараг 80 хувь нь маяачуудын он тоололд итгэжээ. Дэлхийн сүүлчийн өдөр, эсвэл хэт их хүйтэрч, соронзон шуурга болох өдөр, бүр үгүй бол гурав хоног харанхуй болж, цаашид хэвийн байдалдаа ортол гурван сар үргэлжилнэ гэж итгэсэн хүмүүс өчигдөр гэр гэртээ, гэр бүлээрээ цуглаж нэг өдрийг өнгөрөөлөө.
Энэ бас их буян юм шүү. Үгүй яах вэ дээ. Тэднийг гэртээ бүгсэнийг мэдсэн нэг нь тэнэг зүйлд итгэлээ гэж шоолсон байх. Нөгөө хэсэг нь хотын түгжрэл багасаад ямар сайхан юм бэ, үргэлж ийм байгаасай хэмээн тэднийг тавласан. Гэхдээ л тэр хүмүүст атаархахаас өөр замгүй. Цаг хугацаатай уралдаж, ажил, амьдрал гэж гүйсээр байгаад аав ээжийгээ мартагсад Монголоор нэг байна. Жилдээ шинэ жил, цагаан сар, наадмаар л ах дүүсээрээ аав ээж дээрээ очиж нэг цугладаг байх. Өөрөөр ам бүлээрээ цуглаж чаддаг билүү. Тэгвэл маяачуудын ачаар ганцхан хоног ч болтугай халуун ам бүлээрээ цугларлаа шүү дээ. Айдас хүйдсээс илүү аз жаргал биш гэж үү. Өглөө мандах нарыг хараад тэд “Ура” хашгирсан нь лавтай. Магадгүй сайхан монгол ээж цай сүүнийхээ дээжийг өргөө биз.
Зарим нэг нь “Дэлхийн сүйрнэ” хэмээн цуурхал тараасан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой хэмээж байна. Нэгэнт дэлхий сүйрээгүйгээс хойш тэднийг шийтгэнэ гээд ч яах билээ. Харин сүүлийн хэдэн сар борлуулалт сайтай байсан лаа, шүдэнз үйлдвэрлэгчид ирэх хэдэн сар борлуулалт нь муудах байх. Өөрөөр муу зүйл болсонгүй шүү дээ. Харин одоо гэртээ толгой толгойгоор нь лаа, шүдэнз бэлдсэн хүмүүс өөрт байгаагаа малчиддаа бэлэглэчихвэл л болоо шүү дээ. Тэдэнд илүүдэхгүй нь лавтай.

Эцэст нь хэлэхэд хэдийгээр “Дэлхийн сүйрнэ” гэдэг яриа дагуулсан ч таван мянган жилийн тэртээ аугаа хуанли зохиосон маяачуудыг бишрэхээс өөр аргагүй. Харин одоо бидний итгэдэг шинжлэх ухаан, НАСА, одон орон судлаачид гурав хоногийн дараа газар хөдлөнө гэж ч хэлж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр маячууд мандтугай гэхээс өөр хэлэх үг алга даа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив