Сонгуулийн ерөнхий хороо сайн ажилласан гэв үү
2012 оны 12 сарын 28
Сонгуулийн ерөнхий хороо сайн ажилласан гэв үү
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан тэдэнд мэндчилгээ илгээлээ. Тэрбээр “Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдсанаас хойшхи 20 жилийн хугацаандаа Монгол Улсын төр, засгийг ардчилсан зарчмын үндсэн дээр шинээр бүрдүүлэх, сонгуулийн шударга тогтолцоо үүсч хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.  Монгол Улс ардчиллын замыг сонгосон өнгөрсөн 20 гаруй жилд нийгэм, эдийн засгийн шилжилт хийж, төрийн удирдлагын болон хууль тогтоох байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх, төр иргэний харилцааг бэхжүүлэх талаар ихээхэн ахиц дэвшил гарч байна. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооны гүйцэтгэсэн үүрэг багагүй билээ. Сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа улам бүр төлөвшиж, түүний хараат бус, бие даасан байдал нь эрх зүйн хувьд баталгаажиж байна” гэх зэргийг өгүүлжээ.
Түүнчлэн та бүхэн хуулиа дээдэлж чин шударгаар ажиллан, сонгуулийн аливаа луйвар, маргаан гарахаас тууштай сэргийлж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэж байна хэмээв.

Үнэхээр ч Монгол Улс ардчиллын замаар замнаснаас хойш иргэний сонгох, сонгогдох эрх хэрэгжиж байгаа. Хэн дуртай нь УИХ болон Орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхтэй болж, үнэхээр ардчиллын амтыг мэдэрч байна. Гэхдээ бид үнэхээр ардчилсан зарчмыг мөрдөж байна уу. СЕХ үнэхээр сайн ажиллаад байна уу гэж асуумаар байна.

УИХ-ын 2012 он сонгууль энэ оны зургадугаар сарын 21-нд болсон. Гэтэл хагас жил өнгөрчихөөд байхад УИХ элэг бүтэн болж чадаагүй байна. Үүнийг СЕХ-ныхон ажлаа сайн хийсэн гэж үзэж болно гэж үү. Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшигчид би, чи хэмээн маргалдаж эцэстээ эр бяртай нь дийлчихэв үү гэхээр харагдаж байна. МАН-аас нэр дэвшсэн хоёр нь сонгуулийн хууль зөрчсөн хэмээгдэж, АН-аас нэр дэвшсэн хоёр нь архи, мөнгө тараасан гэх. Гэсэн ч шүүх цагдаадаа тулсан тэднээс Г.Батхүү гэнэтхэн гишүүн болчихсон. Яг ямар зарчмаар яагаад гэдгийг өнөө хэр хэн ч ойлгохгүй байгаа. Үнэхээр МАН-ын хоёр хууль зөрчсөн юм бол АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт ч гишүүн баймаар. Гэтэл тэгсэнгүй. Үүнийг юу гэж ойлгох вэ. Хариултыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн л өгнө.

Энэ бас болоогүй ээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг мөн л сонгуулийн хууль зөрчсөн гээд байгаа. Гэтэл СЕХ тэдний нэрийг өргөн мэдүүлснээр тэд УИХ-ын гишүүн болсон. Гэтэл туслахууд нь мөнгө тараасан хэмээгдэж шүүхийн тогтоол нь гарчихсан. Үүнээс үүдэж СЕХ нэрийг нь өргөн мэдүүлсэн Увсын хоёрыг эгүүлэн татах уу, яах вэ гэдэг ацан шалаанд орсон бололтой. Ч.Содномцэрэн мөн л үүний эцсийн хариултыг хэлээгүй.
СЕХ-ноос өргөн мэдүүлсэн гишүүдийг тойрсон элдэв асуудал үүгээр дуусахгүй. Дархан-Уул аймгаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг АТГ шалгаж байгаа. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөн л сонгуулийн хууль зөрчсөн гэх. Эднээс гадна олны гайхширлыг төрүүлсэн хамгийн том асуудал бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 11 дэх суудал. Тэр суудлын эзнийг СЕХ мэддэг юм уу, Н.Энхбаярын МАХН мэддэг юм уу гэдэг асуулт одоо хэр нь олны дунд байсаар байна.

СЕХ-ноос Ц.Оюунбаатарын нэрийг өргөн мэдүүлчихээд байгаа. Гэтэл МАХН-ынхан манай удирдагч, түүний хүү Э.Батшугар хоёрын нэг нь энэ суудалд сууна гээд гүрийгээд байдаг. Тэгэхээр МАХН гэдэг вант улс СЕХ-ноос дээгүүр эрх мэдэлтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Угтаа СЕХ Г.Батхүүг гишүүн болгочихсон шигээ ажиллах юм бол Ц.Оюунбаатар аль хэдийн гишүүний тангаргаа өргөчихсөн байгаа. Гэвч тэгэхгүй харзнаад байхыг бодохоор МАХН-д хүч хүрэхгүй байна уу гэж хар төрөхөөр байна.

Ямартай ч СЕХ 20 жилийнхээ баярын хундага тулгаж байна. Харин буман асуулттай олон нийт тэдний хундаганы чимээг чагнаж сууна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив