АН-ын залуус ард түмэн рүү гутлаа шидэх нь ээ!
2012 оны 12 сарын 28
АН-ын залуус ард түмэн рүү гутлаа шидэх нь ээ!
Хоёр хоногийн өмнө нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн хурал болох үеэр АН-ын гишүүн н.Даваадорж гэх залуу МАН-ын гишүүд рүү гутлаа шидэж байгаа бичлэг өчигдөр хэвлэл мэдээллээр цацагдлаа. Тэрбээр Орон нутгийн хурлын сонгуульд АН-аас нэр дэвшиж ялагдал хүлээсэн нэгэн гэнэ. Харин түүний ялагдлаа хүлээж чадаагүй хямрал нь эцэстээ ийм алхам хийхэд хүргэж байгаа хэрэг аж. Тэр өөрийг Иракын сэтгүүлч гэж бодсон юм биш биз дээ. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө буюу 2008 оны арванхоёрдугаар сард Багдад хотод хэвлэлийн хурал хийж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш руу нэгэн ирак сэтгүүлч гутлаа шидэж байсан нь дэлхий дахинаа цацагдаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр хотын захын дүүргийн иргэн нэгэн рүүгээ гутлаа шидэж байна. Энэ бол тэс хоёр зүйл. Ирак сэтгүүлч улс орныхоо төлөө гутлаа шидэж байсан бол монгол залуу албан тушаал, эрх мэдлийн төлөө гутлаа шидэж байна. Тэр зүгээр л иргэдийн итгэлийг хүлээж чадаагүй ааг омгоо барьж чадаагүйгээс ийм үйлдэл хийж байгаа хэрэг.
Үнэндээ ганц н.Даваадорж гэлтгүй АН-ын залуус аагтай, омогтой байна. Тэд хотын аль үнэтэй, тансаг ресторан, бар хэсэж VIP өрөөнд тухлаж, албан тушаал, эрх мэдэл, тендер ярьж байх болжээ. Арга ч үгүй биз. Ах нарынх нь гарт Монгол Улс орчихсон учир тэд ийн аяглах нь зөв байх. УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш манай улсад цэвэр албан тушаал, эрх мэдлийн марафон үргэлжилж, одоо ч дуусаагүй байгааг АН-ын залуусын үйлдэл харуулж байгаа хэрэг. Тэд төрийг дээрэмдэж авч болдог гэсэн сэтгэхүйгээр аливаад хандаж байна. Луйвардаад дийлэхгүй бол хүчээр авдаг гэдгийг АН-ын залууст АПУ-ийн Г.Батхүү харуулаад өгсөн. Монголын тэргүүн баячуудын нэг Г.Батхүү “Албан тушаал ард түмний дэмжлэгээс үнэтэй” гэдгийг монголчуудад харуулж чадсан. Түүнийг өвөрхангайчууд эсэргүүцэж жагсаад ч тусыг эс олсон. Одоо тэр өвөрхангайчуудыг дээрээс хараад шоолж суугаа.
Багануурын АН-ынхан яг л Г.Батхүүгийнхээ жишгээр ажиллаж байна. Угтаа Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид нь хуулийн дагуу Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх авах ёстой. Гэтэл Багануурын АН-ынхан нэр дэвшигчийн үнэмлэх аваагүй гэж байгаа. За энэ яах вэ нэгэнт сонгууль болдгоороо болоод багануурчууд сонголтоо хийдгээрээ хийчихлээ гэж бодъё. Багануурчууд тун ухаантай сонголт хийсэн. АН, МАН хоёрт бараг адилхан суудал өгсөн байна. гэхдээ МАН-д 13, АН-д 12 суудал өгчээ. Гэвч ганцхан суудлаар ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадаагүй АН-ынхан эр хүний 13 дахь мэхээ хэрэглэсэн аж. Тэд МАН-аас сонгогдсон 13-ын аль нэгийг нь урвуулах арга саам эрж эхлэв. Ингэсний эцэст нэг нөхрийг дарамталж байгаад урвуулах нь тэр. Гэтэл урвагч этгээд намын нөхөддөө “Яагаад намаа сольж байгаагаа хэлэхэд хэцүү байна” гэж хэлчихээд АН-д элсжээ. Ингэснээр Багануур дүүргийн ИТХ-д АН 13, МАН 12 болж солигдов. Угтаа бол багануурчууд МАН-д нэг суудал илүү өгсөн нь тэдэнд арай илүү итгэл хүлээлгэсэн хэрэг.
АН-ын залуусыг яаж ажиллах арга барилыг ах нар нь зааж өгдөг гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нотлоод өгөв. Одоогоос сар гаруйн өмнө Орон нутгийн хурлын сонгуулийн дүнг нэгтгэсэн Багануур дүүргийн ИТХ хуралдаж, Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгоод тэдний нэрийг хотын даргад өргөн мэдүүлсэн байдаг.
Гэтэл баатар дарга маань батламжлахгүй байсаар байгаад багануурчуудыг хоёр хуваагдахад хүргэчихэв. Тамга тэмдэгтэй албан ёсны бичиг баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байсан Э.Бат-Үүл дарга хэнийх нь мэдэхгүй, ямарч тамга тэмдэггүй цаасыг харж байгаад Багануур дүүргийн Засаг даргыг батламжилжээ. Нэг сарын өмнө хуралдсан Багануурын ИТХ-ын шийдвэр Э.Бат-Үүлийн гарт байхад, дахин нэг шийдвэр түүнд ирсэн байна. Энэ нь МАН-ын нэг гишүүнийг урвуулан авсан АН-ынхан нууцаар хуралдаж гаргасан шийдвэр гэж байгаа. Харин тэрхүү шийдвэрийг батламжилсан Э.Бат-Үүл дарга Багануурын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын тамга тэмдэг хүлээлцэх ажлын хэсэг байгуулаад өөрийн орлогч Н.Гантөмөрөөр ахлуулан илгээжээ.
Багануурчуудаас болж монголчууд бас нэг инээдтэй зүйлийн гэрч боллоо. Э.Бат-Үүл даргыг хууль бус шийдвэрээ эргэн хараач хэмээн уулзахыг хүссэн Багануурын МАН-ын гишүүдтэй тэрбээр уулзахгүй байгаа гэнэ. Тэр бүү хэл СЕХ-ны дарга Ч.Содномцэрэндэх аргыг хэрэглэсэн аж. Г.Батхүүгийн нэрийг өргөн барьснаас үүдэн МАН-ын удирдлагууд СЕХ-д очиход Ч.Содномцэрэн муур хулгана болж гүйгээд өөр хаалгаар зугтаачихсан удаатай. Багануураас болж Э.Бат-Үүл ч мөн тийм аргаар зугтсан гэнэ. Тэгэхээр одоо удахгүй АН-аас тодорсон албан тушаалтнууд бүгд Ч.Содномцэрэндэх аргыг хэрэгжүүлэх нь ээ.
Ах нарынхаа араас амбиц хөөсөн албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцсэн АН-ын залуусын нэг өнөөдөр нөгөө намынхаа гишүүн рүү гутлаа шидэж байна. Энэ бол юу ч биш. Тэд удахгүй ард түмэн рүү гутлаа шиднэ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив