INFO.mn 2012 оны онцлох 10 гоц мэдэгдлийг нэрлэж байна
2013 оны 1 сарын 2
 INFO.mn 2012 оны онцлох 10 гоц мэдэгдлийг нэрлэж байна
Монгол Улсын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад гурван жил дөрвөн сар болж байна. Бид хамтарч ажилласнаар улс орны тогтвортой байдлыг хангаж, дэлхий нийтийн донсолгосон эдийн засгийн хямралыг даван туулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэр, үйлдвэржилтийг хөгжүүлэх  ажлыг эхлүүлж чадлаа. Ардчилсан нам өөрт оногдсон түүхэн хариуцлагаа хариуцлагатай биелүүлсэн гэж үзэж байна. Энэ 2012 он бол сонгуулийн жил. Сонгуульд АН, МАН тус тусдаа мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд оролцоно шүү дээ. Тийм учраас Ардчилсан нам хамтарсан түүхэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үзээд хамтарсан Засгийн газраас гарахаар боллоо. /2012.01.05/

Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хэрүүл

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. /2012.03.21/
Та бүхэнд хоёр асуудлаар мэдээлэл хийе гэж бодсон юм. 2011 оны 12 сараас эхлээд Төмөр зам барих болоод 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ц.Нямдорж садаа болж байна, ажил хийлгэхгүй байна гэсэн яриаг тэр үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан Баттулга удаа дараа хийж сонин хэвлэлд ярилцлага өгсөн.
Нэгдүгээрт Төмөр замын асуудлаар:
Төмөр замыг хамтарч барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд гэрээ хийсэн. Якунин гэдэг хүн Монголд 3-4 удаа ирж Монгол төрийн Ерөнхийлөгчөөс эхлээд  Баттулга хүртэл бүх хүнтэй уулзаж байсан. Цаана нь юу явагдаж байсан гэхлээр Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриа хэлэлцээрүүд явагдаж байсан.
Хоёрдугаар асуудал нь Орон сууцны хөтөлбөрийн тухай:
100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар зүтгэж байгаа нь үнэн. Харин би энэ асуудалд ямар нэг саад учруулаагүй гэдгийг хатуу хэлье. Х.Баттулгын орон тооны бус хуулийн зөвлөх Ууганбаяр гэдэг хүн урагшаа явж, 300 сая ам.долларын зээлийн гэрээнд оролцсон байдаг.  Энэ мөнгөөр Шинэ яармаг гэдэг хороолол барихаар болж,  Монголын талын оролцогч нь энэ Ууганбаярын хувийн компани болох “UB” гэдэг компани болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл сайдын зөвлөх хүн урд очиж яриа хэлэлцээ хийгээд, тэгээд тэр гэрээндээ монголын талын компани нь минийх гэж гэрээ хийгээд ийм шийдвэр гаргуулсан байдаг.
Х.Баттулга Ц.Нямдоржийг Хан-Уул дүүргийн шүүхэд өгөв
“Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь нэр төрд халдаж, гүтгэсэн” гэж үзсэн юм. Тэрбээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн  байгуулсан “нууцлал” бүхий гэрээг ашиглан Ц.Нямдорж нь УИХ-ын гишүүн Х.Баттулга нь ЗТБХБ-ын сайд байхдаа “нууц” гэрээ байгуулсан гэх гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасандаа “уучлал гуйх, энэ мэдээллийг тараасан арга хэлбэрээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх”  шаардлага тавьжээ. Шүүхэд хандах болсон үндэслэлээ эрхэм гишүүн мэдүүлжээ. /2012.04.02/

Н.Энхбаяр бүтэн жилийн дуулиан болов

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хамтарч “Шударга ёс” эвсэл байгууллаа.
МАХН, БНН-ын удирдлагууд ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа МАХН-ын байранд боллоо. Энэ үеэр МАХН, МҮАН, БНН, МНН, МЛН нэгдэж эв нэгдлийн сум багцлах ёслол боллоо. Энэхүү ёслол нь цаанаа ирэх сонгуулиар ялалт байгуулах бэлгэдэл агуулж байгаа талаар намын дарга нар хэлж байлаа. Энэхүү ёслолын үеэр намууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурчээ. Уг ажиллагаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МЛН-ын дарга Л.Алтанчимэг, МоАХН-ын дарга Т.Оюунаа гээд нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон байна. /2012.02.17/
АТГ-ынхан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд баривчлав. Тэрбээр өөрийгөө хэлмэгдүүлж байна хэмээн үзэж, 11 хоногийн турш хуурай өлсгөлөн зарласан бөгөөд найм дахь хоногтоо мэдэгдэл хийлээ.
Үүнд: “Монголын нийт ард түмэндээ, өнөөгийн эрх баригчид, хэвлэл мэдээллийнхэндээ: Миний зарласан хуурай өлсгөлөн түүний эрүүл мэнд амь насанд үзүүлэх эрсдэл хариуцах эздийн тухай
Миний бие 2012 оны 04 сарын 13-ний өдөр үндэслэлгүй хууль бус шийдвэрээр хууль зөрчсөн цагдаа хүчний байгууллагын бие бүрэлдэхүүний хүчирхийллийн арга хэмжээний үр дүнд албадуулан саатуулагдаж цагдуулан хоригдсон. Тэр цаг хугацаанаас өмнө явуулж байсан хууль зөрчсөн үйл ажиллагаагаа АТГ хүчлүүлж хуулийг өөрт ноогдуулаагүй эрх мэдлийг эдэлж эрүүгийн хуулийн 150.3 хэмээх зүйлтэй зохиомол хэргийг шалгах хэрэггүй мөртлөө шалгаж, мөрдөн байцаагчид нь алхам тутамдаа хууль зөрчиж прокурорууд тэдэнтэй үгсэн хуйвалдаж тэдний үйл ажиллагааг хянахын оронд харин өөгшүүлж шүүх нь авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид болон тэдэнтэй хуйвалдсан прокуроруудын хэлсэн үг болгоныг ёсчлон баталгаажуулж хараат бус байдлаа алдсанаа удаа дараагийн үйлдлээрээ баталлаа.
Энэ бүхэн намайг улс төрийн зорилгоор хилс хэрэгт холбогдуулах улмаар сонгуульд шудрагаар оролцож өрсөлдөх боломгүй болгож миний болон МАХН ба түүний хамтран ажиллаж байгаа нам эвсэлийн Оюутолгойн гэрээг засаж Монголын талд ашигтай болгох Таван толгойн ордыг бүхэлд нь 100 хувь ард түмний мэдэлд өгөх хээл хахууль авилгатай тэмцэж арилгах, олигархи системийг бүр мөсөн халах төр болон улс төрийн намуудыг ард түмний хяналтад оруулах, шударга ёсыг эргүүлэн тогтоох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад болох зорилготой хэлбэрээрээ ч хууль зөрчсөн агуулгаараа ч ард түмний эрх ашгийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм.
Энэхүү балмад үйл ажиллагаатай үл эвлэрч миний бие энэ оны 5-р сарын 4-ний өдөр хуурай өлсгөлөн зарлаж тодорхой шаардлагуудыг тавьсан. Өлсгөлөн зарлсанаас хойш 7 дах хоног өнгөрч 8 дахь хоног болж байна. Эрх баригчид миний тавьсан шаардлагад одоог хүртэл дорвитой хариу ирүүлээгүй байна. Харин тэд гэнэт миний эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа мэт жүжиг тоглож өөрсдийн шилж сонгосон төлөөний эмч нарын баг ирүүлдэг боллоо.
Иймд миний зүгээс  аль болохоор өлсгөлөнийгин шаардлагуудыг биелүүлэхгүй байх харин өөрсдийн шилж сонгосон эмч нараараа өөрсдийнхөө санаанд нийцсэн дүгнэлт гаргуулж, миний биеийн эрүүл мэнд хэвийн сайн байгаа мэт ойлголт өөрсдөө авч санаа амар юу ч болоогүй юм шиг малийж суух, олон түмэнд худал мэдээлэл өгч тайвшруулахыг оролдож байгааг нотолж байна. Тэд бас өөрсдийн хүнээрээ дамжуулан айлган сүрдүүлэх аргадан сэнхрүүлэх аль аль аргыг хэрэглэж өлсгfлөнгөө зогсоохыг надаас хүсч бас шаардаж байна...” хэмээгээд төгсгөлд нь “Хуурай өлсгөлөнгөөс болж миний эрүүл  мэнд амь насанд хор хохирол учирвал өнөөгийн эрх баригчид:
Тухайлбал: Ц Элбэгдорж, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Д.Дорлигжав, Зориг, Ц.Нямдорж нар болон тэдний гар хөл бологсод буруутайг хариуцлагатай мэдэгдэж байна.
Шударга ёс мандтугай!
Хууль бусаар хоригдож байгаа хуурай өлсгөлөн зарлаад 8 дахь хоног дээрээ байгаа Н Энхбаяр
Улаанбаатар хот 2012 оны 5-р сарын 11- ний өдөр
Би энэ мэдэгдлийг албан ёсоор бичгээр үйлдэж диктафонд бичүүллээ
Монголчууддаа би итгэдэг шүү та нартаа би хайртай!” гэсэн байв. /2012.05.11/

Н.Энхбаярт дөрвөн жилийн ял оноосны дараа тэрбээр МАХН-ын “Их хуралдай” болох үеэр дахин мэдэгдэл хийв
2012 оны долдугаар сарын 31-нд эхэлсэн шүүх хурал гурван өдөр хуралдсаны эцэст МАХН-ын дарга Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал,  Д.Дуламсүрэн нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноолоо. Энэ мөчөөс хойш Н.Энхбаяр сайд нарын гэгддэг хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд дунд шатны шүүхээс анхан шатны шүүх хурал түүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн юм. Харин арванхоёрдугаар сарын 7-нд хуралдсан Улсын дээд шүүх Н.Энхбаярын ялыг 2.6 жил болгон өөрчиллөө.
Тэрбээр хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байхдаа мөн л ард түмэнд хандаж мэдэгдэл гаргав. Ингэхдээ Н.Энхбаяр эмнэлгийн цонхоор даллаж “Тэд надаас айж байна. Би тэдний хийж байсан, одоо хийж байгаа, ирээдүйд хийж магадгүй бузар булай юмыг нь мэдэж байгаа учраас тэд айж байгаа юм. Мэдээд зогсохгүй тэр тухай нь хэлж, дэлгэн тавьж байгаа учир, цаашид улам их хэлнэ, дэлгэнэ, шүүмжилнэ, хамгийн гол нь ард түмнээ өмөөрч тэдэнтэй тэмцэнэ гэж айж байгаа учир тэд намайг ямар ч үнээр хамаагүй дарж авахыг хичээж байгаа юм. Гэхдээ би няцахгүй, шантрахгүй. Үнэний төлөөх тэмцэл хүнд хэцүү гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа. Надад хүчээр, хилсээр ял тулгаж шоронд хорьсон ч би ард түмнээсээ хэзээ ч урвахгүй, үнэнээс хэзээ ч ухрахгүй” гэлээ. /2012.10.29/

Ц.Элбэгдорж НҮБ-ын ирдэр дээрээс Н.Энхбаярт хандаж үг хэллээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр баривчлагдсаныхаа дараа 11 хоног өлсгөлөн зарласан. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ц.Элбэгдоржтой утсаар холбогдож “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд бид санаа зовних байдал нэмэгдэж байна. Түүний эрүүл мэндийн талаар таныг анхаарлаа хандуулж байгаа гэдэгт би найдаж байна. Та бид хоёр сайн найзууд. Таны өмнөх Ерөнхийлөгчийг ч би мэднэ. Монгол Улс бол ардчилсан нийгмийг байгуулахад хамгийн их амжилт олж байгаа улсын нэг гэдгээр нь бахархаж явдаг. Мэдээж бид хуультай холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байна. Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчиллыг бэхжүүлэх, хууль ёсыг тогтооход асар том хариуцлага үүрч байгааг би сайн ойлгож байна. Дахин хэлэхэд би энэ сэдвээр тантай яримааргүй байсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдал туйлын доройтож байгааг би сонсоод тантай ярьж байгаа юм” хэмээсэн гэдэг.
Харин манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд АНУ, Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд оролцохдоо:
“Ноён дарга аа,
Хуулийн засаглал, авлига хоёр зэрэгцэн орших боломжгүй. Эрх чөлөө, хүний эрх, хуулийн засаглалын талаар наймаалцаж хэлэлцэх ёсгүйн адил авлигатай тэмцэхэд ч буулт хийх ёсгүй. Хууль бүх хүмүүст тэгш үйлчлэх ёстой. Ардчиллын үндсэн зарчим бол хуулиас дээр хэн ч үгүй, хэн ч байх ёсгүй. Энэ зарчим төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл бүгдэд нь үйлчлэх учиртай.
Түүхийнхээ туршид монголчууд төрдөө хуулийн засаглал тогтоон улс орноо удирдаж ирсэн билээ. Авлигатай холбоотой хэнийг ч гэсэн хатуу цээрлүүлсээр ирсэн. Хөгжиж буй орнуудын хувьд авлига нь ардчиллын хамгийн аюулт дайсан нь юм. Авлига нь халдварт өвчний нян лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой бөгөөд энэ нь нэн тэргүүний зорилт байх учиртай юм.
Авлига гээч гэмт хэргийг жирийн иргэн бус харин төрийн албан хаагчид л үйлддэг. Авлигатай тэмцэх явдал нь бүх удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчдын хувьд нэгэн төрлийн шалгуур юм. Авлига нь эрх мэдэл, эд баялгийг хууль бусаар бий болгодог ноцтой гэмт хэрэг тул түүнийг үйлдэгсэд нь хууль ёсны шүүхээс зайлсхийхийн тулд түүний эсрэг олон нийтийн үзэл санааг өөртөө ашигтайгаар ашиглахыг оролддог” хэмээн хэлсэн юм. /2012.09.28/


М.Энхсайхан Н.Энхбаярыг хэлмэгдээгүй гэв

Н.Энхбаяртай таван сум багцлан байж “Шударга ёс” эвсэл байгуулан УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон М.Энхсайхан нэг л өдөр түүнээс нүүр буруулав. Тэрбээр 2012 оны аравдугаар сарын 01-нд Улс төрийн тойм сонинд өгсөн ярилцлагадаа “Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл шүүх ил тод ажилласан” хэмээсэн нь олны анхаарлыг татсан юм.



Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрав


УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд олон болсон АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, МАХН МҮАН ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН ынхантай хамтран шинэчлэлийн гэх Засгийн газар байгууллаа.
Тэрбээр “Засгийн газар аль нэг нам, эвсэл, бүлэг хүний бус харин Монгол орон, монгол хүн бүрийн  ашиг сонирхлын төлөө ажиллана. Бид цөөхүүлээ биш олуулаа, тэрсэлдэж биш тэвчиж, гацааж биш урагшлуулж, хүчээр бус хамтаар зүтгэх болно. Шинэчлэлээр овоглосон шинэ Засгийн газарт УИХ-ын гишүүд түлхүү орж ажиллахаар болсон. Шинэчлэл бүр шинэ хуулийн орчин, шинэ зохицуулалтыг шаардах учир ирэх дөрвөн жилд Их Хурал, Засгийн газар нэг хүн шиг нэг баг болж ажиллах бодит шаардлага тулгарч байгаа тул бид танхимаа ийм зарчмаар бүрдүүллээ. Шинэчлэл өөрөө шинэ зохицуулалт, шийдэмгий ажиллагааг шаардах учраас дангаар томилогдсон Засгийн газрын гишүүдээс илүүтэйгээр давхар ард түмнээсээ мандат авсан Засгийн газрын гишүүд ажиллах нь илүү зүйтэй гэж үзлээ. Манай Засгийн газар “Ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, Төрд бугшсан авлига, хээл хахуулийг устгаж,түмэндээ шударга ёсыг авчрах, Нийгмээ үүрэг, хариуцлага, хяналттай болгох багц бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээсэн юм. /2012.08.20/

Ц.Цолмоны цочроо өгөөгүй шийдвэр

Энэ оны улстөрд өрнөсөн нэгэн үйл явц бол УИХ-ын гишүүн, МҮАН-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элссэн явдал байсан юм.  “Шударга ёс” эвсэлд тус хоёр нам харьяалагддаг тул парламент дахь хүчний харьцаанд энэ шилжилт нөлөөлөхгүй ч энэ шийдвэр нь тус  эвлийг тогтвортой оршин тогтнох эсэхэд эргэлгэлзээ төрүүлэхэд хүрсэн юм.
Уг нь бол МАХН, МҮАН-ыг нийлүүлж нэг нам болгох ёстой гэсэн уриалгыг дэвшүүлэн айсан хүн бол эрхэм гишүүн Ц.Цолмон. Гэвч түүнд энэ шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлага байсан байх.
Ц.Цолмон гишүүний хувьд 1990 онд МАХН –ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан бөгөөд Сэргэн мандлын нам, Ардчилсан намд байж байгаад М.Энхсайханы хамт ҮШН, МҮАН-ыг байгуулсан юм.  /2012.10.02/

У.Хүрэлсүх УИХ ын гишүүнээсээ татгалзав

Монголын ууган улстөрийн хүчний эр зоригийн бэлгэ тэмдэг, дүр төрхийг өөртөө бүрдүүлсэн хүн бол У.Хүрэлсүх гэдэг. Тэрбээр энэ УИХ д дахин орж ирсэн ч гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан энэ оны гоц мэдэгдэлд багтаж байгаа нь энэ. Үнэндээ У.Хүрэлсүхийн энэ шийдвэр олны гайхшралыг үнэхээр их төрүүлсэн юм.
    Монголын парламентын түүхэнд Ц.Элбэгдоржоос эхлээд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байсан тохиолдол цөөн боловч бий. Гэхдээ тэд шүүхэд татагдсан, өөрөө буруутай байсан гэх мэт ямар нэгэн шалтгааны улмаас татгалзаж байв. Харин У.Хүрэлсүхийн хувьд бол тэс өөр юм. Гэр бүлийн хүнээ асрах хэрэгтэй болсон учир УИХ ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн билээ. Хүний амьдралд жаргал, зовлон тохиолдохыг алийг тэр гэхэв. Гэхдээ эрдэм улстөрч маань гишүүнээсээ татгалзсан билээ. /2012.11.08/

Дуулиан ихтэй дуэль

Оюутолгойн “Улаан хамгаалагч”  УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг хэдэнтэй халз мэтгэлцээнд дуудлаа. Тэрээр Оюутолгойн гэрээтэй холбоотой но-той ноцтой  асуудлуудыг дэлгэн тавихараар С.Баярцогтыг дуэльд дуудсан юм.  Учир нь “С.Баярцогт Сангийн сайд байхдаа гэрээ байгуулах ажлын хэсэгт орж ажилласан байсан. Тиймээс түүнээс тайлбар өгөхийг олон удаа шаардсан ч өдийг хүртэл хариу өгөөгүй. Иймд халз мэтгэлцээнд дуудаж байгаа” гэсэн тайлбарыг өгч байв. Халз мэтгэлцээний тов хэдэнтээ гарч байсан УИХ-ын дэд дарга С.Баярцогт татгалзсан хариуг өгсөөр байв. Харин удтал хүлээлгэсэн энэхүү мэтгэлзээн олрон нутгийн сонгуулийн дараахан МҮОНТВ-ээр шууд цацагдав. Гэвч сүр дуулиан эхтэй энэхүү мэтгэлзээн нийгэмд шинэ зүйл авчирсангүй. Мөн Оюутолгойн гэрээг өөрчлөх тал дээр ч ахиц гарсангүй. /2012.11.23/

МАХН Засгаас гарна, гарахгүй

"Шударга ёс" эвсэл задарч улмаар АН-тай хамтран бүрдүүлж буй Засгийн газар ч ганхах тухай яриа нэг  хэсэгтээ сонирхол татах сэдэв байлаа. Энэ нь  МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн төдийгүй тус намыг тал бүрээр хавчин гадуурхаж  байгаа гэж намын нөхөд үзэж байгаатай холбогдож байв. Ингэж тэд өөрийн намаас томилогдсон сайдуудыг Засгийн газраас гарахыг даалгасан шийдвэрийг МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаасаа гаргав. Мэдээж үүнийг аль ч талаас нь харсан Н.Энхбаярын шүүх хурлын өмнөх сүрдүүлэг, шоу гэж үзэх хүн улс төрийн хүрээнд олон байсан. Үүний үр дүнд тэд эрхэм Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ялыг 1,4 жилээр хөнгөрүүлж чадсан юм. Ингээд Н.Энхбаярыг ачигдахаас хэдхэн хоногийн өмнө МАХН-ын Засгаас гарахгүй гэсэн мэдэгдэл гаргаж энэ үйл явц төгссөн юм.  /2012.12.19/

Д.Арвин МАН аас гарч АН д элсэв

УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Д.Арвин Монгол Ардын намын гишүүнчлэлээс татгалзаж Ардчилсан намд гишүүнээр элсэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ.Тэр битгий хэл Ардчилсан намын гишүүний үнэмлэхээ Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гардан авсан юм.Тэрбээр үнэмлэхээ гардаж авсныхаа дараахан Ардчилсан намд элссэн маань “Урвалт биш сонголт юм шүү” гэж илэрхийлж байв. Мөн “Би эх орноосоо урваагүй, ард түмнээсээ урваагүй. Хүн зогсонги байдалд байх ёсгүй шүү дээ. Би иргэдийнхээ төлөө илүү зүйл хийх гэж орж байгаа. Миний үзэл бодолд Ардчилсан намын хийж байгаа ажил нь нийцэж байгаа” хэмээсэн мэдэгдэл олныг цочирдуулсан хэрэг. /2012.12.20/

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив