Н.Энхбаярт хорихын цонхоор юу харагдав
2013 оны 1 сарын 3
Н.Энхбаярт хорихын цонхоор юу харагдав
Шинэ он гарлаа. Он солигдох торгон мөчид олон түмэн оргилуун дарсаа буудуулж, Ерөнхийлөгч сүү өргөн мэндчилж байхад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр торны цаана шинэ оноо угтлаа. Мэдээж хүйтэн торны цаана он гаргах юм гэж Н.Энхбаяр лав зүүдлэж ч байгаагүй байх. Гадаа дэлхий тэр аяараа баяр хөөрт умбаж байх торгон агшинд Ерөнхийлөгч агсан юу бодож байсан бол. Түүний өмнө амьдрал тэр чигээрээ харагдаж байсан биз ээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчлагдсан, тэгэхдээ бүр түмэн олны нүдний өмнө гутлаа ч өмсөж чадахгүй бор оймсоо гозойлгоод баривчлагдсан түүнд амьдралын мөн чанар харагдаж байгаа.

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сарын эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МҮАН-ын дарга М.Энхсайхан тэдний дээр МНН, МЛН-ын удирдлагууд нэгдэж эв нэгдлийн санамж бичигт гарын үсэг зурж, таван сум багцлан сүр дуулиан болж байсан. Гэвч төд удалгүй хүний мөн чанар гэж юу байдгийг Н.Энхбаяр мэдэрч эхэлсэн юм. Гар барилцан инээж байсан Б.Жаргалсайхан нь түүнийг баривчлагдсаны маргаашнаас эхлэн нүүр буруулсан. Тэр бүр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй одсон. Харин Н.Энхбаярыг МАХН-ыг байгуулахад МАН-аас гараагүй Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар шуудхан л намаасаа гарч МАХН-д элсэв. Олон жил нөхөрлөсөн болохоор тэднийг хүн чанар нь зулгаасан биз ээ. Гэхдээ тэдний хүн чанар одоо байгаа юу, үгүй юу гэдэг нь эргэлзээ төрүүлэх болов.

Н.Энхбаярын байгуулсан МАХН МҮАН-тай эвсэж “Шударга ёс” эвсэл байгуулан УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөн УИХ-д 11 суудал авсан нь тэдний хамгийн том амжилт байлаа. гэхдээ энэ амжилтад Авлигатай тэмцэхийнхэн их үүрэг гүйцэтгэсэн гэх нь бий. Хэрэв АТГ-ынхан сүр дуулиан болж Н.Энхбаярыг баривчлаагүй бол өр нимгэн монголчуудын  сэтгэлийг хөдөлгөж энэ зэргийн амжилтад хүрэхгүй байлаа. Тэгэхээр Н.Энхбаяр төмөр торны цаана олон хоног өлсгөлөн зарласны буянаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудалтай болсон хэрэг. Ингэсний хүчинд тэд АН-тай хамтарч Засгийн газар байгуулахад хүрсэн. Түүгээр ч үл барам Н.Энхбаярыг дагасан бүхэн албан тушаалтай болсон юм. Тэр бүү хэл түүний нөхөд нь хэдхэн хоногийн дотор УИХ-ын дэд даргаас сайд гэхчилэн Төрийн өндөр албан тушаалд заларч амжив.
МАХН-ынхан Засгийн газарт орж, хамтарсан Засгийн газар байгуулснаа тэмдэглэн оргилуун дарс буудуулан хундага тулгаж байхад Н.Энхбаяр шүүхийн танхимд ялын тогтоол сонсож байлаа. Магадгүй тэдний тулгасан хундаганы харших чимээ Н.Энхбаярын чихэнд сонсдож байсан биз ээ. МАХН-д элссэн улстөрчдийг Н.Энхбаярын хүчээр дээшилсэн гэдэг. Харин албан тушаал гэдэг хүний мөн чанарыг таниулдаг бололтой. Н.Энхбаярыг шүүх хурал гурван өдөр үргэлжилсний эцэст шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон. Харин шүүхийн шийдвэр гарсан шөнө Н.Энхбаярын эхнэр О.Цолмон TV-9 телевизээр шууд ярилцлагад орсон юм. Тэрбээр Н.Энхбаярыг баривчилж, ял оноож байгаа нь цэвэр улс төрийн зориготой хэлмэгдүүлэлт хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн монгол хүн хэзээ ч ийм харгис, балмад зүйл хийхгүй, монголчуудад хүн чанар байдаг бол зарим хүнд байдаггүй юм байна гэдгийг ч онцолсон. Түүнчлэн “2004-2005 оны үед Ц.Элбэгдорж Монголд ирчихсэн, ажил төрөл ч үгүй байхад нөхөр минь түүнийг Ерөнхий сайд болгож байсан. Н.Энхбаяр их итгэмтгий хүн шүү дээ. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдонгуутаа манайд ирж, тэврэлдэж үнсэлцэж л байсан. Би тэр явдлыг санаж байна. Гэтэл нөхөрт маань ийм хариу барьж байгаа юм уу. Монгол хүн хэн нэгнээс хариу нэхдэггүй. Харин хүмүүс айхаараа ийм болчихдог юм шиг байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойшхи үйл явдлуудыг харахад, арай гайгүй байсан хүмүүс бүгд сонин болчихсон. Тэд айдаст автагдчихаж” гэсэн юм.

Тэгвэл таван сум багцлан байж нөхөрлөлөө илэрхийлсэн М.Энхсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэж үзэхгүй байгаа” хэмээснийхээ төлөө “Монголын төмөр зам”-ын захирал болсон.
Харин Н.Энхбаярыг баривчлагдсанаас хойш Ц.Элбэгдорж ам ангайх бүрдээ “Хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Дарга цэрэг, эрх мэдэлтэн ч бай энгийн иргэн ч бай гэм хийсэн бол хариуцлага хүлээх ёстой” гэдэг үгийг урсгаж байлаа.
Элбэгээ биш юм гэхэд нэгэн цагт Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчид хэмээгдэж байсан журмын нөхөд нь түүний төлөө юу ч хийхгүй байгааг тэрбээр хүйтэн торны цаанаас харж суугаа. Д.Тэрбишдагва тэргүүтэй МАХН-ынхан улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй бол засгаас гарна гэдгээ хоёр ч удаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч Н.Энхбаярыг өнөө хэр нь суллаагүй бөгөөд тэрбээр анх удаа оргилуун дарс тулгаж биш олон зүйлийг бодсоор шинэ оноо угтах нь тэр. Түүнийг тойрон хүрээлэгчид үнэндээ албан тушаалаа алдчих вий гэдгээс айж байгааг тэр ухаарсан байх. Үнэхээр л Д.Тэрбишдагва нар Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна хэмээн үзэж байгаа юм бол, үнэхээр л хүн чанар гэж байдаг бол шулуухан засгаар гарах л байсан. Гэвч тэд тэгээгүй. Тэгэхээр М.Энхсайхан шиг шулуухан хэлээгүй ч үйл хөдлөлөөрөө харуулаад байгаа юм биш үү.
Н.Энхбаяр “Ард түмний дэмжлэг албан тушаал үнэтэй” хэмээсэн. Тэгвэл албан тушаал гэдэг нөхөрлөлөөс үнэтэй гэдгийг тэрбээр он солигдох торгон агшинд ойлгосон болов уу.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив