Мобикомын үмхүүлсэн молиго монголчуудыг хохироож байна-1
2013 оны 1 сарын 4
Мобикомын үмхүүлсэн молиго монголчуудыг хохироож байна-1
Мобиком нэр төрийн баталгаа гэдэг үг аль хэдийн ард хоцорч, олон нийт аль болох хямд үйлчилгээтэй үүрэн телефонуудыг сонгох болсон. Гэтэл үүнээс үүдэн Монголын анхдагч үүрэн холбоо гэгддэг мобикомынхон захын наймаачин аятай аяглах болов. Монголчуудын тэн хагас нь мобигийн хэрэглэгч хэмээн өөрсдийгөө рекламдах тэд ярианы болон мессеж илгээх үнэ тарифаа буулгахын оронд олны тархи угаах үйлдэл хийж байгаа нь эмгэнэлтэй. Хэрэглэгчид нь өөр үүрэн телефоныг сонгох нь ихэссэн тул Мобикомын хэрэглэгчээ нэмэх арга нь хүүхдүүд болжээ.

Мобиком корпораци 4-11 насны хүүхдэд зориулсан Stars үйлчилгээ нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Угтаа энэ үйлчилгээ нь хүүхдэд зориулсан байлтай. Гэтэл томчуудаас ялгарах зүйл бараг үгүй. Stars-ийн хэрэглэгч болох бага насны хүүхдүүд аав, ээжийнхээ нэгэн адил мобигийн сүлжээнд 70 төгрөг, бусад сүлжээнд 100 төгрөгөөр ярьдаг. Түүнчлэн сүлжээндээ 14, бусад сүлжээнд 40 төгрөгөөр мессэж илгээнэ. Бусад бүх үйлчилгээг яг л аав, ээжийнхээ адил ширхэгчлэн худалдан авдаг. Тухайлбал Hi tone, дуудлага хадгалах үйлчилгээг мобигийн ах эгч нараасаа худалдан авна гэсэн үг. “Hi tone”-ийг 1200 төгрөг, дуудлага хадгалах үйлчилгээг 500 төгрөгөөр худалдан авна. Мобигийнхон хүүхдүүдэд хөөрхөн бэлэг бэлдсэн гэнэ. Энэ нь дансандаа 200-аас дээш нэгжтэй тохиолдолд 299 дугаарт SMS гэсэн мессэж илгээж, хамгийн хямд мессэж багц авах боломж аж. Ингэснээрээ сүлжээндээ нэг мессэжийг 10 төгрөгөөр бичих эрхтэй болж байгаа юм. Том хямдрал байгаа биз. 14 төгрөгийг 10 төгрөг болгож Stars-ийн хэрэглэгчдээ харж үзэж байгаа нь энэ. Харамсалтай нь 200 төгрөгөөр 20 мессэж бичээд л болоо. Хэрэв түүнээс олон мессэж бичихийг хүсвэл урьдын үйлдлээ давтах ёстой. Гэхдээ өдөрт гурван удаа энэ үйлчилгээг авах боломжтой.

Мобигийнхон 4-11 насны хүүхдийг өөрсдийн эгнээнд оруулахын тулд одоо Stars-ийн дугаараа “үнэгүй” тарааж эхэллээ. Тэд шинэ оны босгон дээр дунд сургуулийн сурагчдад Stars –ийн дугаараар бэлэг барьсан юм. Өөрсдөө л үнэгүй гэж байгаа болохоос үнэн хэрэгтээ болхи наймаа хийлээ. Учир нь Stars-ийн дугаар 4000 төгрөгийн үнэтэй, 5000 нэгжтэй ирдэг юм байна. Харин залжин наймаачны дүрд хувирсан мобигийнхон хүүхдэд бэлэглэсэн дугаарынхаа 5000 нэгжийн 4000-ыг нь өөрсдийн халаасанд хийчихээд 1000 нэгжтэй сим карт бэлэглэжээ. Үүнийг бэлэг гэж хэлэхэд хэцүүхэн л юм. Түүгээрээ сурагчдын тархийг сайн угаасан тул тэд аав ээждээ үнэгүй дугаар өглөө хэмээн ойлгуулжээ. Хүн л юм хойно үнэгүй зүйлд дуртай л байж таарна. Харин тэр үнэгүй өгөөд байгаа дугаар нь Монголдоо хамгийн өндөр тарифтай гэдгийг тэрхэн зуур анзаардаггүй аж.

Явцуухан бодолтой наймаачны арга хэрэглэх мобикомын хүүхдэд зориулсан бэлэг ийм л байна. Тэдний 4-11 насны хүүхдэд зориулсан Stars үйлчилгээ ядаж Скайтелийн D-20-ийн хэрэглэгч шиг таван төгрөгөөр биш аав ээжийнхээ адил тарифаар бусадтай утсаар ярьж, мессэж бичих нь ээ.
Бид энэ удаад Мобиком корпорацийнхан Stars үйлчилгээгээ хүүхдүүдэд “үнэгүй” тараасан талаархи мэдээллийг хүргэлээ. Дараагийн удаа Мобикомынхон 99-тэй дугаараа хэрхэн эргүүлэн татаж, түүнийгээ дугаар дамлагчидаар үнэд хүргэн заруулж байгаа талаар хүргэх болно.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив