Бурхнаас илгээсэн бэлгийг “буянтан”-ы гараар буцаамааргүй байна
2013 оны 1 сарын 7
Бурхнаас илгээсэн бэлгийг “буянтан”-ы гараар буцаамааргүй байна
Монголчууд хэзээнээсээ шинэ мэндэлсэн үрээ бурхны бэлэг гэдэг. Тэрхүү бурхны бэлгийг нь хамгийн түрүүнд гар дээрээ тосож авдаг болохоор эмч, эмнэлгийн ажилтнуудыг алтан гарт, ариун үйлст буянтан хэмээн хүндэтгэдэг. Түүгээр ч үл барам эх барьж авсан хүнээ хүйн ээж, газар ээж гэхчилэн төрүүлсэн ээжээсээ дутахгүй хүндлэн дээдэлдэг зон олон.

Харамсалтай нь сүүлийн үед мөнөөх ариун үйлст, цагаан нөмрөгтэй буянтнууд маань энэрэх сэтгэлгүй болоо юу даа гэх хачин яриа тархах болов. Гэхдээ нэ яриа ор үндэсгүй зүйл биш юм.

Өнгөрсөн намар Хэнтий аймагт төрөх гээд өвдөөд ирсэн бүсгүй эмнэлгийн хашаанд хүүхдээ гаргасан хэрэг гарав. Түүнийг эмчээс тусламж хүсэн ирэхэд завгүй байна, түр хүлээ гэснээр бүсгүй хүлээх болж. Гэтэл бүсгүйн бие эвгүйрхэхэд хүндрэх гэж байна хэмээн бодсон анхны төрөгч бүсгүй ийнхүү хүүхдээ эмнэлгийн орон дээр биш хашаан дотор амаржсан байна. Аз болж хүүхдийн заяа түшин амь эрсдээгүй аж.

Гэтэл хоёр он солигдохын өмнө дөнгөж төрсөн нярайг халуун усанд түлсэн хэрэг Баянхонгор аймагт гарлаа. Ээжийг нь дусал хийлгэж байх зуур хүүхдийг усанд оруулахаар авч яваад бусалсан халуун усанд түлчихээд хоёр цаг гаруй нуужээ. Ээж нь хүүдээ хөхүүлье гэхэд глюкозоор хооллочихсон гээд ойртуулахгүй байсан гэх. Угтаа хүүг түлсэн сувилагч эх хүн байлтай. Хүүхдэд эхийн сэтгэлээр хандаж чаддаггүй юмаа гэхэд сувилагчийн сэтгэлээр хандаж болоогүй гэж үү. Нярай хүүхдийг усанд оруулахдаа усны температурыг термометрээр үзэж 37-38 хэмийн халуун, үгүй бол усанд тохойгоо дүрж үзсэний эцэст усанд оруулах ёстой гэдгийг төрөх тасагт ажилладаг асрагч ч мэддэг. Гэтэл тэр сувилагч тэгсэнгүй. Тиймээс түүнийг эрүүл байгаагүй, согтуу байсан юм болов уу гэх таамаг олон нийтийн дунд байна. Эрүүл саруул төрөөд 10 хоноогүй нярайг 60 хувийн түлэгдэлттэй болгосон сувилагч, тухайн эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцох талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдэгдсэн. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр тохойн чинээхэн хүүхдийг гэмтээсэн хойно нь тэдэнд хариуцлага тооцоод яах ч билээ дээ. Ямар улаан нялзрай амьтны шар үстэй арьс нь буцаад төлжчих биш дээ.

Эхнээсээ л эмнэлгийнхний энэрэнгүй сэтгэлийг ээдүүлчихээгүй байсан бол ингэхгүй шүү дээ. Эх нялхасын төвд эмчлүүлж байгаа бяцхан үрийг эрүүл саруул бойжоосой гэж залбирахаас өөр арга зам монголчуудад байхгүй юм гэж үү.

Зөвхөн энэ бяцхан хүүхэд л энэрэлт эмнэлгийнхний гарт бэртчихээд байгаа юм биш. Эхийнхээ хэвлийд энх тунх бойжчихоод уудам дэлхийн агаараар амьсгалж ч чадахгүй буцах бурханы бэлгийг тоолохоос ч сэтгэл өвдмөөр. Гэхдээ эцэг эхийн буруугаас биш эмнэлгийн тусламж авч чадахгүй, энэ орчлонгийн хатуу хүтүү, аз жаргалыг мэдэрч чадахгүй буцна гэдэг дэндүү харамсмаар. Бүр ээжтэйгээ цуг шүү. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд нэгэн амаржих эх эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар амиа алдсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа. Тухайн эхийн гэр нь сумын төвөөс ердөө тавхан километрын зайтай байсан гэнэ. Гэвч хунгарлан орсон цасыг туулах боломж олдоогүйгээс амиа алдсан гэх мэдээллийг орон нутгийнхан өгч байгаа юм.

Тэгвэл тангараг өргөсөн эмчээс тусламж гуйж очоод чадахгүй гэсэн хариулт сонссоны эцэст амиа алдсан хүүхдийг бид яах вэ. Ийм хэрэг мөн л хоёр он солигдохын өмнөхөн Увс аймагт гарчээ. Увс аймгийн Зүүнхангай сумын нэгэн иргэн нэг сартай хүүхдээ сумын эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд нь сумын эмч  Л.Мянганбаяр “Энд үзэхгүй, багийнхаа эмчид очиж үзүүл” гэж хэлээд буцаасан байна. Харамсалтай нь эмчээс тусламж авч чадаагүй нярай 10 гаруй хоногийн дараа амиа алджээ. Үүнийг бид юу гэж ойлгох билээ. Энэ мэт хэргүүд энд тэндхийн эмнэлгүүдэд гарсаар байгаа нь хачирхалтай, бас эмгэнэлтэй.
Тангараг өргөсөн эмч байтугай танихгүй хүнийг өвдөж шаналсан үед нь сүү амсуулан сувилдаг сайхан Монгол сэтгэл хаа байна аа. Зарим хүн эмнэлгийнхний хариуцлагагүй байдалтай холбон тайлбарладаг. Гэхдээ энд хариуцлагагүй үйлдэл биш хүний сайхан сэтгэл л дутаад байна шүү дээ. Уужуу ухаант монголчууд уушигныхаа хэмжээгээр сэтгэдэг болчихсон юм гэж үү.

Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь чам руу их буугаар буудна гэдэг дээ. Эмнэлгийн үүд сахисаар амиа алдаж, өвчин шаналал нь хүндрэх бяцхан үрс бидний хойч үе билээ. Тэдэнтэй ямар сэтгэлээр харьцана тэд тэгж л хүмүүжинэ.  Дээрх бяцхан үрс хүн болсныхоо төлөө шийтгэл хүлээх ёсгүй.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрөнг гаталж яваад осолдсон бүсгүй есөн сартай хүүгээ энгэртээ тэвэрсээр гол уруудан одсон ч одоо түүнийг хэн ч эрж хайхгүй бүр мартах тийшээ хандаж байна. Ширээний тавцангийн чинээ мөсний хэлтэрхий дээр хүүгээ хөхүүлэн суух ээж хэн нэг нь өөрийг нь аварна гэдэгт итгэж байсан. Гэвч тэднийг аврахаар очсон онцгойгийнхон харсаар байгаад урсгачихсан шүү дээ. Хилийн дээсээр гартлаа хэдэн цагийн туршид хүүгээ алдахгүйн тулд хичээх хөөрхий ээж эмгэнэлтэй биш гэж үү. Угтаа онцгойгийнхон улаан гараараа үхэл рүү ордог гэдэггүй бил үү. Гэвч Сэлэнгийн онцгойгийнхон тэгээгүй. Тэднийг зүгээр л явуулчихсан.
Яг л үүн шиг Баянхонгорын сувилагч хүний үрийг халуун усанд бараг болгочихоод юу ч болоогүй юм шиг зогсоно. Увсын эмч ч ялгаагүй. Аврал эрж ирсэн нярайг үүднээсээ жишэм ч үгүй буцаачихаад амиа алдсанд нь уучлалт гуйх ч үгүй байгааг юу гэж хэлэх вэ. Тэднийг ажлын хариуцлага алдсан. Тангараг өргөсөн хүн байж тусламж үзүүлсэнгүй гэж байгаа ч тэдний эцэг эхээс асуух зүйл байна.

Үр хүүхдээ та хэрхэн өсгөсөн бэ. Яагаад хүн чанар, хүний сайхан сэтгэлийг тэдэнд өвлүүлсэнгүй вэ. Бас төр засгийн удирдлагуудаас ч асууя. Монголчуудын мөн чанар хаана байна вэ. Бяцхан үрс, энхрийхэн эхчүүд амиа алдаж байгаад зөвхөн сэтгэл дутсан гэдгийг эцэст нь дахин хэлье. Монголчуудад өөр юу ч хэрэггүй. Бие биесээ хайрлах хайр, халуун дулаан үг, нинжин сэтгэлийнхээ эрэлд мордоцгооё монголчууд аа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив