Долоон буудлын Должин эмгэн хүмүүст ямар бэлэг өгөхөө тэднээр заалгахгүй
2013 оны 1 сарын 10
Долоон буудлын Должин эмгэн хүмүүст ямар бэлэг өгөхөө тэднээр заалгахгүй
Монголчууд эртнээсээ бүсгүйчүүдийн элбэрэлт үг хэллэг, үйл хөдлөлийг хүндэтгэн ирсэн төдийгүй хатан ухаантан хэмээн хүндэтгэж ирсэн уламжлалтай. Тиймдээ ч Чингис хаан Өүлэн эхийн сургаалийг дагаж, ухаант хатдынхаа зөвлөгөөг сонсдог байсан гэдэг. Яг л түүн шигээ монголчууд Монголын төрд бүсгүй хүний хатан ухаан хэрэгтэй хэмээн үзэж энэ УИХ-д 11 эмэгтэйг гишүүнээр сонгосон.
УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд эхэндээ эх хүүхдийн асуудлыг тэргүүн эгнээнд тавьж, тэдэнд анхаарлаа хандуулах болно хэмээн Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулав. Сургууль, цэцэрлэгийн асуудал ярьж байсан тэд эцэстээ эхнэрүүдийн тогоо шанаганы асуудалд оролцохоор шийджээ. УИХ дахь эмэгтэй гишүүд өнгөрсөн долоо хоногт Монголын уламжлалт сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэх талаар мэдээлэл хийлээ. Төрийн түшээ болсон бүсгүйчүүд хэн, хэзээ, хэдийд хэнд ямар бэлэг өгөхийг нь заах нь ээ. Үнэндээ Долоон буудлын Должин эмгэн үр хүүхэд, золгохоор ирсэн хүмүүст ямар бэлэг өгөхөө тэднээр заалгахгүй.
Төр барилцаж буй бүсгүйчүүдийн хэлдгээр монголчууд Эрээний бараагаар ирсэн гийчдийнхээ гарыг цайлгадаг нь үнэн. Үүнийг дагаад валютын урсгал гадагш чиглэдэг нь ч үнэн. Гэхдээ үүнийг ард иргэдийнхээ амьдралд оролцсоноор шийдвэрлэнэ гэж үү. Ердөө л хэн нь хэндээ ямар бэлэг өгөхийг зааж, эдийн засагт хэмнэлттэй баяраа тэмдэглэ гээд л зохицуулчихдаг хэрэг үү. Бидний сонгосон бүсгүйчүүд ердөө иймхэнийг л сэтгэж байна. Гэтэл бидний жишээ авах дуртай Өмнөд Солонгосын бүсгүйчүүд гэртээ хүүхдээ өсгөж, хоол ундаа хийх л үүрэгтэй гэж байгаа. Харин төр засаг нь гэртээ суугаа ажима нарын хувийн амьдралд оролцохоосоо илүүтэй тэднийг чадавхижуулахад чиглэсэн арга хэмжээ авч байна. Хэрхэн өрхийн орлогоо нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах ордон байгуулсан байдаг гэж байгаа.
Харин манайд эсрэгээрээ. Монголчуудын аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх талаар ярихын оронд хэд гурваараа нийлж, данх ёроолдож суугаа авгай нарын ярьдаг авах ч биш, хаях ч зүйлийг ярьж сууна. Тэгэхдээ бүр Төрийн ордонд, түмэн сэтгүүлч цуглуулчихаад шүү. Энэ ч бас гайгүй. Угтаа бүсгүй хүн хатууг зөөллөж, аливааг эвээр шийдвэрлэхдээ эрчүүдээс хэдэн зуу дахин илүү гэдэг. Гэтэл манай УИХ-ын гишүүн болсон бүсгүйчүүд чуулганы танхимд эрчүүд нь хэрэлдэж, бүр гар зөрүүлэх дээрээ тулж байхад тэднийг зөөллөж, арга эвийг нь олохын оронд харин ч хөөргөн дэвэргэж, зургийг нь авч твиттер хуудсаар түгээсэн шиг суух юм.
Төрийн түшээ болсон бүсгүйчүүдэд үнэхээр хийх ажил байхгүй юм уу гэвэл үгүй. Тэд монголчуудад бүгдэд нь санаа тавьж, тэдний төлөө ажилладаггүй юмаа гэхэд ядаж эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалчихаж чадахгүй гэж үү. Ажилгүйдэл, ядууралтай тэмцэж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд бүсгүйчүүдийн гүйцэтгэх үүрэг их. Хамгийн наад зах нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа бүсгүйчүүдэд орлогоо нэмэгдүүлэх үндэс суурийг нь тавиад өгчихмөөр юм. Ингэж болдоггүй юмаа гэхэд ясли, цэцэрлэг байгуулахаас эхлээд бодлогоор шийдвэрлэчих асуудал зөндөө бий. Өнөөдөр хүүхэд харах хүнгүйгээс ажил хийж чадахгүй байгаа бүсгүй зөндөө бий. Хэрэв хүүхдээ өсгөчих ясли, цэцэрлэгтэй бол монгол бүсгүйчүүд хэнээс ч дутахгүй ажил, амьдралаа аваад явчихаж чадна. Гэвч өнөөдөр нийслэлд тоолоод өгье гэсэн ч эрүүл саруул хүүхдэд зориулсан ясли байхгүй байна. Урьд нь байгаад болоод байсан яслийг одоо яагаад байгуулж болохгүй гэж. Хүүхэд төрүүлсэн эхийг хоёр жил гэрт нь суулгаж төрөөс цалинжуулах юм ярьж байна. Үнэндээ эхчүүдийг гэртээ суусных нь төлөө цалинжуулах мөнгөөрөө ясли бариад өгчихвөл бүсгүйчүүд төрөөс авдаг мөнгөнөөсөө хэд дахин илүү цалинтай ажил хийнэ. Энэ мэтчилэн өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг хийе гэвэл ажил их байна. Юун цагаан сараар хүний гар цайлгах зүйлд оролцох. Илүү том зүйлээр оролдвол яасан юм бэ эмэгтэй гишүүд ээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив