Өргөст торны цаадах амьдрал
2013 оны 1 сарын 10
Өргөст торны цаадах амьдрал
ДАЛД ЕРТӨНЦИЙН ГУНИГ

Нүдэндээ дүүрэн нулимс мэлмэрүүлсэн, гунигтайхан харц энэ, тэндээс тосон угтав. Зэвхий, хүйт даасан чийгтэй хорихын үүдийг татахад өөрийн эрхгүй нуруугаар хүйт даалаа. Энэ бол далд ертөнцийн цаана буй амьдрал нүдэнд, сэтгэлд буусан анхны сэтгэгдэл. Харахад энгийн хэрнээ энэ бүсгүйчүүд хоригдол хэмээх нэр зүүж, далд ертөнцөд өөрийн эрх дураар бус чийг, эхүүн үнэр даасан энэ өрөөнд гунигтайхан зогсож байгааг харахад зүрх зүсэгдмээр. Зарим нэгэн бүсгүй орныхоо араар нуугдаж, хэн нэгэнд нүүрээ харуулахгүй гэж байгаа нь өөрийнхөө хийсэн үйлдлийг муугаар үзүүлэхгүй гэсэн монгол эмэгтэйчүүдийн зан гэмээр санагдаж байлаа. Гэхдээ эх хүн зовлонг дааж амьдардаг гэдгээр хэн нэгний буруутай үйлдлийг өөр дээрээ тусгаж, үйл лайг нь эдэлж буйг хэн ч мэдэхгүй байж болох. Зарим нэг нь үнэхээр алдаа гаргаж, гаргасан алдаанаасаа болж торны цаана суух нь хорвоогийн жам гэлтэй. Гэхдээ тэдэнд хууль үнэн зөв үйлчлэх ёстой. Түүнээс бус хуулийн буруутай шийдвэрээр торны цаана суух эрх байхгүй. Эмэгтэй хүний л адил ингэж бодон тэрхүү бүсгүйчүүдийн харцанд гуниг, ухаарал дүүрэн буйг нь харан Эмэгтэйчүүдийн гэгдэх хорих 407 дугаар ангиар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдтэй цуг танилцсан нь энэ. Тэд хүний эрх зөрчигдөж буйг нүдээр үзэхээр хорих ангиудаас хамгийн түрүүнд 407 дугаар ангийг сонгожээ.
Энэ ангид 372 эмэгтэй ял эдэлж буй аж. Бид энгийн дэглэмтэй ангиар ороход зарим бүсгүй оёдол, хатгамал хийж байлаа. Гарын ур, дүйтэй гэсэн эмэгтэйчүүдийг сонгон юм оёулж түүнийг нь борлуулан, тодорхой хувийг нь өгдөг байна. Мөн нэг хэсэг нь “Говь” компанийн бүтээгдэхүүний сүүлчийн дамжлагыг хийж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждагийг ангийн удирдлага нь дуулгаж байсан юм. Энд хоригдож буй эмэгтэйчүүд 25-40 насныхан байсан бөгөөд 17 настай нэг хүүхэд ял эдэлж байсан билээ. Тэд голдуу залилан, хүн амины хэргээр ял эдэлж байв. Түүнчлэн 0-1 настай 10 хүүхэд энэ ангид ээжтэйгээ хамт хоригдож, хүүхдийн эрх зөрчигдөж байлаа. Харин нэг нас хүрснийх нь дараа гэр бүлийнхэнд нь өгөх, хэрэв ар гэр нь авах боломжгүй бол асрамжийн газар хүргэгдэж буйг үзэхэд ял эдэлж буй эмэгтэйчүүдээс болж хүүхдийн эрх ингэж зөрчигдөж болох уу гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч байлаа.Хууль зүйн байнгын хороогоор 2011 оны Монгол Улсын хүний эрх ямар байгаа талаар хэлэлцэж, УИХ-ын чуулганаар оруулах юм. Энэ ажлын хүрээнд Хүний эрхийн дэд хороо “Хүний эрх ба хорих байгууллага ямар байна вэ” гэдэг үндсэн сэдвийн хүрээнд ажилласан юм. Эмэгтэйчүүдийн асуудлын хүрээнд Хууль зүйн яамны төлөөлөл, прокурорыг байлцуулсан тодорхой асуултад хариулт авч байсан юм.



ЯЛТАН Ч БОЛОВСРОЛТОЙ БАЙХ ЁСТОЙ


Хүүхдүүдийн гэнэн болоод цайлган зан Зайсан дахь Хүүхдийн хорихоос мэдрэгдэж байсан гэхэд болно. Эмэгтэйчүүдийн зэвхий, хүйт даасан өрөөнөөс гарч энэ ангид ирэхэд амьд уур амьсгалтай байсныг нуугаад явах вэ. Гэхдээ биднийг ял эдэлж буй хүүхдүүдтэй уулзуулахыг хүсээгүй юм.
Энэ ангид өмнө нь жилд 100 гаруй хүүхэд хүмүүжиж байжээ. Харин энэ удаа 39 хүүхэд ял эдэлж, үүнээс зургаа нь хүнд гэмт хэрэг гэсэн ангилалд хүмүүжиж байв. Биднийг ороход хүүхдүүд хичээлдээ орсон байсан бөгөөд өдрийн ихэнх хугацаанд хичээл, сургалтад хамрагддаг байна. Өрөөндөө телевизортой, мөн гитар хөгжимтэй байлаа. Тэд ангийнхаа нэг өрөөг “Ногоон өрөө” гэж нэрлэсэн бөгөөд хүүхдүүдийн тарьсан цэцгээр тохижуулжээ. Харин ангийн удирдлагууд хүүхүүдэд мэргэжлийн багшаар хичээл заалгаж, Ерөнхий боловсролын сургуулийн мөрддөг хөтөлбөрийг хэрэгжүүлж, сэтгэл зүй, гоо зүйн сургалтыг давхар олгож байгаагаа энэ үеэр дуулгасан юм.



МАХН-ЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙН ЭЭЛЖИЛТ ТАКТИК


УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд хорих ангиудтай танилцахдаа ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр дамжин өнгөрөх төвийг сонгосон нь анхаарлын төвд байсан юм. Тэд харин хэвлэл мэдээллийхнийг оруулалгүй МАХН-ын дарга Н.Энхбаяртай орж уулзсан явдал. Ямар ч байсан биеийн байдал нь болоод Н.Энхбаяр гэдэг хүнийг хууль бусаар энэ төвд авчирсан уу, үгүй юү гэдэгтэй танилцсан юм. Харин үүний дараа тус дамжин өнгөрөх төвийн ерөнхий эмч Д.Доржсүрэн мэдээлэл хийв.
Тэрбээр “Н.Энхбаяр өнгөрсөн сарын 21-ны өдөр хүргэгдэж ирсэн. Уг хүн маань II эмнэлгийн ерөнхий эмч Баясгалан даргын даргын үсэгтэй эмчилгээний талаар хийгдэж байсан тодорхойлттой ирсэн. Тухайн үед биеийн байдлыг нь үзсэн. Өнөөдөр 12:00 цагийн байдлаар үзэхэд даралт 124/80-тай байгаа. Өөрөө эмчилгээнд орохгүй, хийлгэхгүй гэсэн хүсэлт өгсөн. Бид эмчилгээ хийхийг өөрт нь зөвлөсөн. II эмнэлгийн ерөнхий эмчид албан бичгээ хүргэж, энд ирж эмчилгээ хийгээч гэсэн. Тэд ирчихээд байна. Өмнө нь бол ирээгүй. Ийм л байдалтай байна. II эмнэлгийн эмч нар ирэхгүй байсан нь танайх биеэ даасан байгууллага. Танайх ажил үйлчилгээгээ хий гэсэн. Бид хийе гэхэд уг хүн татгалзсан. Бид өөрсдийн зөвлөх эмчтэй. Үүгээрээ үзүүлье гэхэд бас л татгалзсан. Тэгээд Эрүүл мэндийн сайдад хандаад албан ёсны зөвлөхүүдийг томилж өгөөч гэснээр гаргуулсан. Цаг алдалгүй арга хэмжээ хийсэн. Эдгээр зөвлөх эмч нар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Харин энэ дүгнэлтээр эмчилгээг нь тасралтгүй хийе гэж шийдвэрлэсэн. Өөрөө хийлгэхгүй гэж байна. Бидэнд албадан эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй. Тийм ч газар биш” гэсэн. Харин Н.Энхбаярын биеийн байдал нь өлсгөлөнгийн дараах үеийн эрхтэн системийн өөрчлөлттэй, хордлого хүнд хэлбэртэй, стрессийн улмаас өөрчлөлт орсон гэсэн оноштой буй. Харин энэ төвд ирснээр даралт нь хэлбэлзэлж байгаа байдалтай байна. О.Баасанхүү гишүүн энэ үеэр “Хариуцаж байсан эмчид нь хэлэлгүй, энэ хүний эрүүл мэндийг хариуцана гэж авчирсан.
Өөрсдийнхөө зөвлөхөөр үзүүлээгүй, Хоёрдугаар эмнэлгийн эмч нар ярилцаж байгаад Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвлөх гаргасан” хэмээн энэ хүний эрүүл мэнд, эрхийн асуудалд анхаарахгүй байна гэж байлаа. Түүнчлэн Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Ганбат “401 дүгээр анги дээр Н.Энхбаяр гэдэг хүнээс гадна хоригдож байгаа бүх хүний эрхийн асуудал ямар вэ гэдэгт анхаарал тавих ёстой. Шүүхийн шинэтгэлийн хуулийг миний бие нэлээд хэдэн хүнтэй өргөн барьсан. Мөн Ерөнхийлөгчөөс багц хууль орж ирж байна.Тэгэхээр орчин өөрчлөгдөнө. Н.Энхбаярын асуудлаар анхаарах, авч үзэх зүйл байна. Хүний эрхийн дэд хороо байнгын хороо болж хууль зүйн талаар илүү анхаарах ёстой” гэсэн юм. Үүний дараа 461 дүгээр анги руу явах гэхэд МАХН-ын гишүүд дэмжигчид тус хорихын гадаа цуглаж жагссан байсан юм. Тэд Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Ганбатад шаардлага хүргүүлсэн билээ.




ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХ ЁСГҮЙ

ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр анги бидний сүүлийн зогсоол байлаа. Тус ангид 600 гаруй хүн хоригдож байв. Тэдэнтэй торны цаанаас уулзах боломжийг олгосон юм. “Хоригдоод жил гаруй болж байна. Тэгэхэд нэг л удаа өмгөөлөгч ирж уулзсан”, “Би хийгээгүй хэргээ хүлээгээд сууж байна. Үнэхээр харамсалтай”, “Алдарт уяач Оногийн адууг хулгайлсан хэргээр энд сууж байна.Би хийсэн хэргээ хүлээсэн. Гэтэл хийгээгүй хэргийг тохуулж байгаа” хэмээн торны цаанаас ярих хүмүүс энд олон байв. Нулимс унагах эмэгтэйчүүд байлаа. Нөгөөтэйгүүр хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдлэх нь үнэхээр хүний эрх зөрчигдөж байна. Тиймээс хуурай өлсгөлөн зарлана гэсэн гурван хүн байсан юм. Далд ертөнцийн амьдрал гуниг, зовлонгоор дүүрэн, төмөр торны гяхтнах нь хүртэл айдастай. Харин бид ийм нийгмийг хүсээгүй биз ээ.

 С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив