Нефть импортлогчид Монголын төрөөс хүчтэй
2013 оны 1 сарын 11
Нефть импортлогчид Монголын төрөөс хүчтэй
Монголыг Оросоос хараат гэх. Тэд нефтийнхээ үнийг өсгөчихвөл Монголд бүх зүйлийн үнэ өснө. Энэ бол бичигдээгүй хууль гэж хэлж болно. Гэвч үнэндээ монголчууд хэдхэн нефть импортлогчдоосоо хараат амьдарч байна. Монголын төр Оросуудтай учраа ололцож, бүр болохгүй бол нефть импортлогчдынхоо өмнө хошуу дэвсэж, өвдөг сөгдөж гэмээн шатахууны үнийн өсөлтийг зогсоодог жамтай. Гэтэл одоо энэ арга нь улиг болж, нөгөө хэдэн нефть импортлогчид нь хаданд гарчихав.

Шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа “Манай Засгийн газар нефть импортлогчидтой хамтран ажиллаж, шатахууны үнийг өсгөхгүй ажиллана. Ингэснээр ард иргэдийн нуруун дээр очих үнийн өсөлтийг барьж чадна аа” хэмээн амласан. Үүнийгээ хэрэгжүүлж байгаа нь энэ гээд хоёрхон сарын өмнө Засгийн газар, Монголбанкны хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд нефть импортлогч 12 компанид 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Ингэхдээ тус компаниуд уг их хэмжээний зээлийг жилийн дөрвөн хувиас доош хүүтэйгээр авахаар болсон юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ нь үр дүнгүй байсан гэдгийг өнөөдөр нэмэгдчихээд байгаа шатахууны үнээс харж болно. Харин толгойг нь илж, өмнө нь өвдөг сөгдөж гуйгаад ч миний мэдлээс хэтэрсэн юм байна гэдгээ Н.Алтанхуяг ойлгосон уу ямартай ч нефть импортлогчдын зүг рүү дуугарахаа болив.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн нефть импортлогчид нэг л шөнийн дотор шатахууны үнээ 220-260 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнийг нь ШӨХТГ-аас шалгаж үзээд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн хэмээн 17 тэрбум 294 сая төгрөгийн торгууль ноогдуусан. Гэтэл үүний дараахан шатахуун импортлогчид “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ихээхэн хэмжээний торгууль ногдуулж буй нь хувийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд төр оролцож бэрхшээлтэй тулахад хүргэж байна” гэж мэдэгдсэн. Нэлээд бужигнасны эцэст ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва торгуулийг хүчингүй болгож, тэд шатахууны үнээ хэдэн төгрөгөөр буулгасан болоод энэ хэрэг намжсан. Гэвч хэрэг хуучирдаггүй гэгчээр ШӨХТГ-ын даргаар томилогдсон О.Магнай үүрэгт ажлаа хүлээн авсныхаа дараа шатахуун импортлогчдын 17 тэрбумын торгуулийг сэргээж, тэрхүү торгуулийг хүчингүй болгосон Б.Лхагва тэргүүтэй зургаан хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Ингэхдээ “Хэрэв шатахуун импортлогчид торгуулиа төлөхийн тулд шатахууныхаа үнийг нэмэх юм бол дахин хариуцлага тооцно” гэдгээ ч мэдэгдсэн. Гэвч О.Магнайгийн үг салхинд хийсчихэв. Шатахуун импортлогчид шинэ оны өмнөхөн литр тутамд нь 50 төгрөгөөр нэмчихлээ. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой тул олон нийт өнөөх л О.Магнайд асуулт тавихад хүрэв.
Гэтэл О.Магнай инээдтэй гэмээр тайлбар хийлээ. Тэрбээр шатахуун импортлогчид үнээ 50 төгрөгөөр нэмсэн нь зүйд нийцэж байгаа. Үүнээс ч илүү нэмэх магадлалтай байгаа юм. Хэрэв Засгийн газраас тэдэнд хөнгөлөлттэй зээл олгоогүй бол тэд 200 төгрөгөөр нэмэх байлаа хэмээв. Үүнийг юу гэж ойлгох вэ. Өнөө шатахууны үнийг нэмэхгүйгээр тогтоон барина гээд байсан хүн гэнэтхэн яагаад 360 градус эргэчихэв ээ. Энэ асуултын хариуг авч чадаагүй байтал он солигдох мөчид нефть импортлогчид шатахууны үнээ дахин 50-100 төгрөгөөр нэмчихэв. Хэзээнээсээ л улстөрчид долоо хоногийн баасан гарагт юмуу баярын өдөр тааруулж санаанд оромгүй шийдвэр гаргачихдаг шиг тэд ч бас энэ аргыг нь хэрэглэж буй нь энэ юм.

Угтаа О.Магнай нефть импортлогчидтой нэлээд сайн тулсан. Тэрбээр 17 тэрбумын торгуулийг сэргээхийн өмнө Петровис компанид зохиом¬лоор шатахууны хомсдол бий болгосон хэмээн 4.9 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч үүнийгээ төлөх нь бүү хэл бусад нефть импортлогчидтойгоо нийлж байгаад 17 тэрбумын асуудлаар О.Магнайгаа шүүхэд өгсөн гэх.

Өнөөдөр нефть импортлогчид нэг иймэрхүү байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Жем интернэшнл”-ийн үйлдвэрлэл явуулах эрхийг хоёр сараар цуцалж чадаж байж яагаад нефть импортлогчдод хариуцлага тооцож чадахгүй байна вэ. Эсвэл тэд Монголын төрөөс илүү эрх мэдэлтэй, Монголын хууль тогтоомжид захирагддаггүй тусгаар улс юм уу. Яагаад Ерөнхий сайд юу ч дуугарахгүй байна вэ. Монгол түмний баяр Цагаан сар хаяанд ирчихлээ. Шатахууны үнэ өссөн өсөөгүй цагаан сар дөхөхөөр барааны үнэ нэмэгддэг нь гэм биш зан. Харин энэ удаад шатахууны үнийн өсөлтөөс үүдэн бүр илүү өсөөд байна. Хэрэв нефть импортлогчид Монгол Улсад харъяалагддаг л юм бол тэднийг хазаарлах болсон баймаар.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив