Х.Баттулга, М.Энхсайхан нарын зөрчил АН, “Шударга ёс” эвслийн хагарлыг дэвэргэлээ
2013 оны 1 сарын 11
Х.Баттулга, М.Энхсайхан нарын зөрчил АН, “Шударга ёс” эвслийн хагарлыг дэвэргэлээ
Ардчилсан намын фракциуд хөдөлгөөнд орж эхэллээ. Учир нь ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно.
“МАН-ын лидерүүд хүчгүйдэж, МАХН-ын дарга өргөст торны цаана хоригдож байгаа тул ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулах нь тодорхой” хэмээн олон нийт таамаглаж байгаа ч урьдчилсан прогнозоор огт өөр дүр зураг харагдаж байна. Учир нь АН дахь “Алтангадас” тэргүүтэй фракцийнхан Ц.Элбэгдоржийн эсрэг аль хэдийн хөдлөөд эхэлчилжээ. Тэр ч байтугай Э.Бат-Үүл нарын нэр бүхий улстөрчидтүүний эсрэг амбицаа ил далд илэрхийллээ. Үүний хамгийн тод илрэл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүг халсан явдал юм. Ц.Баатархүү өмнө нь Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад Хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан. Тиймээс тэр залуу хүссэн ч хүсээгүй ч Ц.Элбэгдоржийн фракцийн хүн. Э.Бат-Үүл Ц.Баатархүүг Ц.Элбэгдоржийн тагнуул гэдэг үүднээс өөрөөсөө холдуулсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа. Тиймээс Ц.Баатархүүг Чингэлтэй дүүргийн АН-ыг орон нутгийн сонгуульд ялуулах үүргээ биелүүлээгүй гэх шалтгаар өөрөөр нь өргөдөл бичүүлсэн гэх нь бий.

“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэдэг шиг Э.Бат-Үүлийн халаасанд Ерөнхийлөгчийн тамга аль эрт байсан. Одоо ч байгаа. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын ҮЗХ-ны хуралдаан дээр Э.Бат-Үүл Ц.Элбэгдорж хоёр өрсөлдөж олонхийн саналаар Ц.Элбэгдорж нэр дэвших эрхтэй болж байсан. Тэр үед Э.Бат-Үүл яаж байсан гээч. Уйлж байсан. Харин энэ удаагийн сонгуульд Э.Бат-Үүл нулимсаа дуслуулаад хоосон үлдэхгүй нь лавтай. Тиймээс Э.Бат-үүл нам дотроо Ц.Элбэгдоржийн №1 өрсөлдөгч мөнөөс мөн.
Харин дараагийн өрсөлдөгч хэн бэ. Раднаасүмбэрэлийн Гончигдорж. Н.Алтанхуяг УИХ-ын 2012 оны сонгуульд намаа ялуулж, Ерөнхий сайд болмогцоо хүний өөрийнхөнд албан тушаал, эрх мэдэл хувааж байхад нэгэн эрхэм хоосон хоцорсон нь АН дахь “Алтангадас” фракцийн гол лидер Р.Гончигдорж юм. Өмнөх Засгийн газруудыг задалж, унагаж, бас бүрдүүлэх бүх тохиролцоонд оролцож явсан Р.Гончигдорж яагаад сайд болох гэж амбицласангүй вэ. Үүний хариулт одоо л ойлгомжтой болж эхэлж байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд АН-аас нэр дэвших “хор”-оо хэдийн найруулж эхэлжээ. Үнэхээр ч түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нас, улс төрийн туршлага нь гүйцчихсэн. Тиймээс ааг амбицаа ч ид хурцалж байгаа. Гэхдээ Р.Гончигдоржийг АН-аас нэр дэвшихэд хамгийн том саад болох хүн хэн бэ. Мэдээж Ц.Элбэгдорж. Хэрэв Р.Гончигдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд дайрах юм бол Э.Бат-Үүлээс ч илүү аюултай. Тэрбээр М.Энхсайханыг Турк руу айлчлалаар яваад ирэх хооронд намын даргынх нь тамгыг бараг хулгайлаад авчихсан шүү дээ. Тэгэхээр Ц.Элбэгдоржоос Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх визийг нь булааж авахад гайхах зүйл ер байхгүй.

“Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг Н.Энхбаярыг барьж, хорих ял оноосон нь Ц.Элбэгдоржид нэмэх оноо төдийлөн авчирсангүй. Харин ч нам дотроо хасах оноо авчирлаа. Угтаа Ц.Элбэгдорж Улсын Дээд шүүхээс Н.Энхбаярт МАХН нэр өгөх шийдвэр гаргуулж МАН-ын саналыг хоёр хуваах төлөвлөгөөтэй байсан. Энэ нь ч биелсэн. Түүнчлэн “Авлигын загалмайлсан эцэг”-ийг бариад, хорих ял оноочихвол ард олноос илүү өндөр оноо авна гэж бодож байсан. Гэвч энэ нь эсрэгээрээ эргэж түүний гол өрсөлдөгч болох Н.Энхбаярыг олны анхаарлын төвд оруулчихав. Бүр сүүлдээ Н.Энхбаярыг өрөвдөж, өмөөрсөн 100 ээж өлсгөлөн зарлахаа илэрхийлж, эхний долоо нь өлсгөлөнгөө зарлаад байна. Түүнээс гадна шүүх, цагдаагийнхан юм л бол барилаа, хорилоо, шүүлээ гэж байгаагаас Ц.Элбэгдоржийн нэр нам дотроо ч унасан сурагтай.
Ямар сайндаа л Ц.Элбэгдорж дээлээ нөмөрчихөөд ганцаараа жиргэж суух вэ дээ. Түүнийг дэмжиж, дагаж жиргэж байгаа хүн АН-аас л лав алга. Үүнийг нь анзаарсан нийтлэлч Гамп “Ерөнхийлөгч өө, та өөртэйгөө яриад байна” хэмээн хошигнох вэ дээ.

Журмын нөхдийнх нь зүгээс өөр рүү нь чиглэсэн эсэргүүцлүүд нь Ц.Элбэгдоржийг ёстой л нүүх үү, суух уу гэдгийн аль нэгэнд хүргэж байх шиг байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын зарим лидерүүд Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллах сурагтай. МАН-ын хувьд Ц.Элбэгдоржийн тулах гол хүчин байж болно. Учир нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн үеийн МАХН-ын зарим нөхөд Ц.Элбэгдоржтой хүч хавсарч Н.Энхбаярыг унагаж байсан.

Нөгөөтэйгүүр АН-ын фракциуд Ц.Элбэгдоржид Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломж олгохгүй бол мань хүн ИЗНН-аас нэр дэвших хувилбарыг дэвшүүлж байгаа сурагтай. ИЗНН-ын дарга С.Оюун Ц.Элбэгдоржтой цуг Ардчиллын төлөө тэмцэж явсан найз С.Зоригийнх нь дүү. Тиймээс ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн улс төрд орж ирсэн С.Оюун Ц.Элбэгдоржийг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэх зүйл үгүй. Гэхдээ юу болохыг цаг хугацаа л харуулна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа хараахан эрчимжээгүй байгаа энэ үед АН-ын фракциудын зөрчилдөж эхэлсэн нь тодорхой боллоо. Гэхдээ урьдчилсан прогнозоор шүү дээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив