Баянзүрх дүүргийнхэн суудлаа олохгүй бужигнаж байна
2013 оны 1 сарын 17
Баянзүрх дүүргийнхэн суудлаа олохгүй бужигнаж байна
Баянзүрх дүүргийн Засаг ноён болон бүтэц бүрэлдэхүүн нь АН-ын хүмүүсээр солигдсон учир хамаг зүйл орвонгоороо эргэсэн гэх нь бий. Энэ нь сүүлдээ хороодын хэсгийн ахлагч нарт тулгарч, тэднийг АН-ын хүнээрээ сольсон явдал гарлаа. Тус дүүрэг 28 хороотой бөгөөд өмнө нь ажиллаж байсан 220-оод хэсгийн ахлагчийг ажлаас нь халж, шинэ хүмүүсийг томилсон байна. Ингэхдээ тэтгэврийн насны хүмүүсийг ажиллуулахгүй, дүүрэгтэй гэрээ хийгээгүй гэдэг үнэдэслэлээр халжээ. Иймээс залуухан хэсгийн ахлагч нарыг томилсон гэнэ. Нөгөөтэйгүүр өчигдөр Баянзүрх дүүргийн 22 хорооны Засаг даргыг хүчээр өргөдлийг нь өгүүлсэн байна. Хэрвээ өргөдлөө өгвөл тэтгэмжийг чинь өгнө, өгөхгүй бол тэтгэмжийг чинь олгохгүй гэж зориудаар тулгажээ. Тиймээс 22 хорооны Засаг дарга нь албан шахалтаар өргөдлөө өгсөн гэнэ. Засаг даргаасаа өөрийн хүсэлтээ больсон тохиолдол гурван сая төгрөгийн тэтгэмж олгодог юм байна. Харин АН-ынхан энэхүү тэтгэмжээр түрүү барьж ажлыг нь өгүүлсэн гэх нь бий. Ямартай ч Баянзүрх дүүргийн 28 хорооны бүх хэсгийн ахлагчийг шинээр томилоод байгаа юм байна. Ингээд албаны хүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт: Ямар нэгэн нам, улс төрөөр ялгаж салгасан зүйл байхгүй

-220 хэсгийн ахлагчийг ямар учраас ажлаас нь халсан юм бэ?
-220 биш л дээ. 214 хэсгийн ахлагчийн гэрээ нь хийгдээгүй учир ажлаас нь чөлөөлсөн. Баянзүрх дүүрэг маань 28 хороотой. Нэг хороонд 7-8 хэсгийн ахлагч ажилладаг. Хэсгийн ахлагч гэдэг нь төрийн үйлчилгээг гэрээт, сайн дурын хэлбэрээр гүйцэтгэдэг хүн.
-Төрийн албан хаагч биш гэсэн үг үү?
-Төрийн албан хаагч бол биш. Тухайн хорооны 7-8 хэсгийн ахлагч маань дүүргийн гэрээт ажилчин гэж явдаг. Тэр утгаараа төрийн албаны аль нэг ангилалд харъяалагддаггүй. Сайн дурын ажилчид. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгөн урамшуулалтай. Тэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулагддаг.
-Ямар үндэслэлээр халсан гэдэг нь анхаарал татаж байна?
-Жил болгон эдгээр хүний гэрээг шинэчлэн байгуулдаг. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс гэрээ байгуулаагүй юм билээ. Тиймээс гэрээг нь шинэчилж, хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй хүмүүсийг оронд нь оруулсан.
-Гэрээг шинэчлэн хийхийн тулд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг өөрчилсөн гэлээ. Тэгэхээр эдгээр хүнд урьдчилсан мэдэгдсэн үү?
-Он гараад гэрээ шинэчлэгдэнэ гэдгийг өөрсдөө мэдэж байсан. Жил болгон оны сүүлээр юм уу, эхэнд шинэчилж хийдэг юм.
-Орон нутгийн хурлын сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН ялсан. Тэр утгаараа намын зүгээс эдгээр хүнийг халсан гэдэг яриа бий. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Нам, энэ тэр гэсэн зүйл огт алга байна. Бид төрийн байгууллагыг удирдан явуулж байгаа учраас иргэдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Түүний дагуу ажиллаж байна. Түүнээс бус ямар нэгэн нам, улс төрөөр ангилж ялгасан зүйл байхгүй. Бид иргэнд хүрэх төрийн үйлчилгээг хялбаршуулахыг зорьж байгаа. 50 хүнд нэг хэсгийн ахлагчийг оногдуулбал иргэнд хүрч ажиллах боломж бололцоо нэмэгдэнэ гэж боддог. Үүн рүү чиглэсэн бодлогыг баримталж ажиллана. Яг үнэндээ хэсгийн ахлагч  маань хаана ч хүрч ажиллаж чадахгүй байгаа. Ялангуяа гэр хороололд. Байшин хороололд хэсгийн ахлагч байгаагийн зэрэгцээ СӨХ байгаа учир боломжийн хүрч ажиллаж байна.
-Өмнө нь яагаад хэсгийн ахлагч нарын гэрээ хийгдээгүй байсан юм бол? -Үүнийг өмнөх нөхдүүд мэдэж байгаа байх. Бидний хувьд өнгөрсөн сарын дундуур шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Сарын хугацаанд дотоод ажилтайгаа танилцлаа. Мэдээж хэрэг гэрээ шинэчлэх, хаанаас санхүүжүүлж, ямар хэлбэрээр ажилладаг гэдгийг мэдэх нь чухал байсан. Үүний үндсэн дээрээс харамсалтай нь зарим хүний гэрээ байхгүй байсан. Гэрээ хийгээгүй байж хаанаас мөнгө гаргаж, цалинжуулдаг юм бэ гэдэг асуудал байгаа.
-Халагдсан хэсгийн ахлагч нар гомдол, саналаа хэлж байгаа зүйл бий гэсэн үү?
-Манайхан улс төржиж байна л даа. Орон нутгийн хурлын сонгууль явагдахад хэсгийн ахлагч нар намын харъяалалд хамаарагдаад, сурталчилгаа хийгээд явж байсан. Тэгэхэд иргэдээс маш их гомдол ирж байсан. Бид үүн дээр ямар нэгэн цохилт өгөлгүй, чимээгүй намжааж байсан зүйл бий. Ер нь төрийн үйлчилгээг хүргэж байгаа гэдгээрээ аль болох бага улс төржих хэрэгтэй. Заавал бид энэ нам, тэр нам гэхээс илүү иргэн, айл өрхүүдийг сайхан амьдрах боломж бололцоог хангаж ажиллах ёстой.  

XII хэсгийн хорооны ахлагч асан С.Эрдэнэчимэг: Биднийг гудамжинд хэвтсэн гөлөг шиг дорд үзэж болохгүй

-Дүүргийн удирдлагуудаас урьдчилж мэдэгдэлгүйгээр бүх хэсгийн ахлагч нарыг халсан гэсэн. Та үүнийг хувьд юу гэж үзэж байна?
-Уг нь биднийг дуудаж уулзаад юм уу, аль эсвэл өмнө нь халах гэж байгаа талаар мэдэгдэж болох байсан. Гэтэл шинэ оны босгон дээр ийм муухай байдлаар халсан нь харамсалтай. Өглөө ажилдаа ирэхэд “Та нартай үзэл бодол нийлэхгүй. Маргаашнаас ажилдаа битгий ирээгүй” гэж болохгүй биз дээ. Хэсгийн ахлагчаар тэтгэвэрт суусан хөгшчүүл ажилладаггүй шүү дээ. Олон сайхан залуус ажиллаж байсан. Тэднийг ингээд ажилгүй болгож байгаа нь харамсалтай.
-Хэсгийн ахлагчаар ажиллуулах хүнийг дүүрэг дээр гэрээ байгуулдаг. Гэтэл өмнөх хүмүүс нь гэрээ байгуулаагүйгээс халсан гэж тайлбарлаж байна?
-Гэрээний дуусгавар жилийн эцсийн сүүлээр болдог. Гэхдээ Пүрэвдагва дарга “Гэрээний дуусгавар болж байна. Үүнийг үргэжлүүлэх боломжгүй. Та нар ажлаа хүлээлгэж өг” гээд мэдэгдсэн бол болохгүй зүйл байхгүй байсан. Харамсалтай нь биднийг доромжилт, өрөөндөө ч оруулахгүй байсан. Сүүлдээ гуйж байд өрөөнд нь ороход үл хүндэтгэсэн байдалтай хандаж байлаа. Биднийг гудамжинд хэвтсэн гөлөг шиг дорд үзэж болохгүй. Амьдралаа залгуулах гэж 140 төгрөгийг гололгүй энэ ажлыг хийж ирсэн. Удахгүй сар шинэ болох гэж байна. Тэгэхэд урьдчилж мэдэгдэлгүй, нэг өдөр ирээд ажлаас халсаныг буруу л гэж үзэж байна.
-Та нар энэ талаар хууль, шүүхийн байгууллагад хандах уу?
-Шүүхэд хандана. Гэхдээ бид халагдсандаа биш, энэ олон залуусыг ажилтай байгаасаа гэсэндээ явах болно.     

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив