МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: Сэтгэгдэлд зохицуулалт хийх цаг нь зайлшгүй болсон
2013 оны 1 сарын 17
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: Сэтгэгдэлд зохицуулалт хийх цаг нь зайлшгүй болсон
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа өчигдөр буюу 2013 оны нэгдүгээр сарын 15-ны үдэш МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Кабелийн сувгийн 21 телевизийн үйл ажиллагааг зогсоосон байна. Ямар үндэслэлээр тэдний үйл ажиллагааг зогсоох болов?
Манай байгууллага төлөвлөгөөний дагуу одоогоор тогтмол үйл ажиллагаа явуулж буй 44 кабелийн телевизийн 42-т нь шалгал хийсэн. Үүнээс 21 нь зөрчилтэй байсан. Гэхдээ тэдгээр телевизийн үйл ажиллагааг яг хаагаагүй байгаа. Тэдэнд зөрчлийг нь арилгуудлахаар 45 хоногийн хугацаа өгсөн. Ямар үндэслэлээр вэ гэвэл, тус телевизүүд нь зохиогчийн эрх зөрчиж, далд сурталчилгаа, садар самуун, гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг нийтэлж, холбогдох хуулиудыг зөрчсөн. Үүний дээр тоног төхөөрөмжийн асуудал байна. Бид кабелийн телевизүүдэд зохицуулалт хийгдээд нэг жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгогддог. Энэ хугацаанд тэд бизнес төлөвлөгөөгөө гаргана. Бизнес төлөвлөгөөнд нь үндэслээд тусгай зөвшөөрөл олгодог. Заасан нэг жилийн хугацаанд техник тоног төхөөрөмжөө сайжруулах, контентынхаа агуулгыг сайжруулах зэрэг процессоор зохицуулах журам байгаа. Энэ журамд заасан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Саяны хийсэн шалгалт бол тэдгээр телевизүүд анх зөвшөөрөл авахдаа байгуулсан гэрээ заалтаа зөрчсөн учраас шалгалтад унаж байгаа юм. Тиймээс энэ хугацаанд зөрчлөө арилга гэсэн шаардлага тавьсан.

Сайтуудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хязгаарлалт тавьсан. Үүний дээр сэтгэгдлүүдийг эзэн биетэй болгох гэхчилэн хяналтад оруулах асуудал тавьж байгаа. Энэ нь магадгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж байх шиг байна?
Засгийн газар тогтоол гаргасан. Бид төрийн байгууллага учраас Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Уг тогтоол дээр манай агентлаг техникийн шийдлийг гаргах гол үүрэгтэй оролцож байгаа. Тэр утгаараа энэ асуудал руу нэлээд анхаарал татаж байх шиг байна. Твиттер, фэйсбүүк гээд цахим орчинд нэлээд асуудал татаж байх шиг байна.
Гэхдээ үүн дээр хүмүүс нэг зүйлийг маш анхааралтай сонсож, ойлгох хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн тухай гэдэг бол өөр асуудал. Хүний эрхийг ярихад, миний эрх чиний эрхээр хязгаарлагддаг. Чиний эрх миний эрхээр хязгаарлагддаг. Иймээс л кибер орчинд хүний эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуудалд зохицуулалт явж байгаа юм. Асуудлыг хянах гээд байна гэхчилэн мэдээлээд байгаа хүмүүсийг би их гайхаж байгаа. Яагаад тэгж тайлбарлаад байгаа юм бол оо гэж харж байгаа. Үндсэндээ бид зохицуулалтаар юу хийх гээд байна вэ гэвэл, та сайтад нэг удаа бүртгүүлнэ. Ингэснээрээ та тусгай код авна. Гэхдээ таны өнөөдрийн бичиж байгаа сэтгэгдэл, бүх зүйл хэвээрээ байна. Юу ч өөрчлөгдөхгүй. Гагцхүү хэрэв миний тухай мэдээлэл гарахад түүний дараа хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүд дотор хэн нэг нь миний эрхэнд бүдүүлгээр халдаж, намайг гүтгэсэн, доромжилсон, энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй байвал би өөрийгөө хохирогч гэж үзээд хууль цагдаагийн байгууллагад хандана. Энэ үед түүнийг хэн гэдэг хүн бичсэн бэ гэдэг нь тодорхой байх асуудал явж байгаа юм.
Сайтуудын ассоциацитай бид өнгөрсөн хугацаанд хоёр, гурван удаа уулзсан. Энэ уулзалтууд дээр эзэн биетэй байх ёстой гэдэг асуудлыг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү төр хийх үү, хувийн хэвшил хийх үү гэдэг асуудал байна. Үүн дээр өнөөдөр бас нэг ойлголцолд хүрлээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд Сайтуудын ассоциацитай нийлээд бүх сайтууд өөрсдийн саналаа өгч байгаа. Сайтууд бид эхний ээлжинд өөрсдөө бүртгэлээ хийе. Үүнд хугацаа тавиад өгөөч. Энэ хугацаанд туршиж үзье бүр болохгүй зүйлүүдийг хасдаг, янзалдаг болъё гэсэн.Энэ саналууд одоо боловсруулалтын шатандаа явж байна. хэрэв энэ долоо хоногт бид гэрээ байгуулчихвал ирэх долоо хоногоос шийдэлд орчихно.
Бид үүнийг заавал төрөөр хийлгэх гээд байхгүй. Ер нь сэтгэгдэлд зохицуулалт хийх цаг нь зайлшгүй болсон. Үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. Хэн ч гэсэн өөрийгөө доромжлуулаад байхыг хүсэхгүй шүү дээ.

Нэг үеэ бодвол Монголд цахим хэрэглэгчдийн тоо багагүй боллоо. Үүнтэй холбоотойгоор Google хайлтын системд монгол хэлийг яагаад байлгаж болдоггүй юм бэ гэдэг асуулт хэрэглэгчдийн дунд их байдаг. Үүнд манайхаас авч хэрэгжүүлж байгаа асуудал байна уу. Мөнгө төлдөг бол хэдэн төгрөг төлдөг юм бэ?
Яг үүнд дээр бид Google-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд санаачлаад явж байгаа. Бид бодлогын хувьд  үүнийг хийх нь зөв гээд ажлын хэсгүүдийг байгуулсан. Эхний шат нь бодит ажил болоод хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ.

Хөдөө орон нутагт цахим хэрэглээ нэвтэрсэн. Гэхдээ хурдны хувьд шаардлага хангахгүй байна гэдэг асуудал байгаа. Дээр нь сонинуулын шуудан түгээлтэд татвар авдаг байсан нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа гэсэн?
Хөдөө орон нутаг дахь интернэт хэрэглээний асуудлаар бид өнгөрсөн 2012 онд Засгийн газрын тогтоол гаргуулсан. Энэ нь орон нутгийн интернэтийн үнийг гурав дахин хямдруулаад хурдыг хоёр дахин нэмсэн байгаа. Техникийн шийдлийн хувьд хийгдээд дууссан. Одоо хэрэглэгдчид МЦХ-ны байран дээр очоод гэрээгээ хийнэ. Хэрэв телефон хэрэглэдэг бол тэр утасныхаа шугамаар, интернэт орсон бол бодит хурдтай  авч болно. Хянаж чадахгүй байна, асуудал гарч байна гэж үзэж байгаа бол манай харилцаа холбооны сайт руу ороод мэдээллүүдийг авч болно. Эргээд Засгийн газрын 11-11 утсанд мэдээлж болно. Бид асуудлыг шуурхай хүлээж авч шийдвэрлэнэ.
Шуудангийн хүргэлтийн хувьд өмнө нь хоёр жилийн хугацаанд алслагдсан сум, багт шуудангийн давтамжийг сайжруулах зорилгоор УИХ-ын зүгээс жил бүр нэг тэрбум төгрөгийг суулгаж өгч байсан. Тэр тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шийдээд 10 хувийг чөлөөлдөг байсан. Өдөр тутмын сонинд 15 хувь, шар сонинуудад 18 хувьтай байсан. Энэ асуудал маань гуравдугаар сарын 1-нд хугацаа нь дуусаж байгаа. Тиймээс энэ асуудлыг цаашид яах вэ гэдгээ ярилцаж байна. Цаашид дөрөв дэх засаглал болох хэвлэл мэдээллийн салбараа хэрхэн дэмжих вэ гэдгийг ярилцаж байгаа. Яг татвар нэмсэн шийдвэр гараагүй учраас одоо би тэгнэ ингэнэ гэж хэлэх хараахан болоогүй байна.

Тэмдэглэсэн Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив