Монголын улс төр дэх “авгай” шинж
2013 оны 1 сарын 18
Монголын улс төр дэх “авгай” шинж
Академич, доктор Зулаагийн Бат-Отгон “Монгол хатан ухаан” номдоо муу эм буюу авгай нь эр хүнд түшиг тулгуур тус болохоосоо илүү гай болдог хэмээжээ. Түүнчлэн авгай шинжийг шунаг, үрэлгэн, ховд дуртай, завхай, ууртай уцаартай, ааштай авиртай, хэрүүлч, хараалч, атаач жөтөөч байдаг хэмээн тодорхойлсон байна. Эндээс, тархиа тордохоосоо илүү биеэ тордож, биеэ тордохын тулд элдэв зүйлд шунаж, шуналаа гүйцээхийн тулд эрийнхээ олсныг үрэхийн зэрэгцээ хов живд дурлаж, хов жив ярьж, завхай явдалд орооцолдож байдаг, уур омог ихтэй, ааш авир муутай, хэрүүл шуугиан хийж, бусдыг харааж зүхэж, бусдад атаархаж жөтөөрхөж, бусадтай тэмцэлдэж, нийц зохицолгүй, эв найргүй явдаг иймэрхүү эмэгтэйг л авгай гэж ойлгож болох нь. Зөвхөн энэ жишээг Монголын улс төрчид, олигархиудын эхнэрээс харж болно. Тэдний чихэнд зүгээр л хоёр өрөө байр зүүлттэй явдаг. Тэд дэлхийн брэнд ярьж, өмссөн зүүснээрээ өрсөлдөхөөс өөрийг боддоггүй байх. Эхнэрүүдийн энэ байдал нь эцэстээ нөхөрт нь халдаж, тэд эхнэртээ ямар хувцас өмсгөж, ямар машин хөлөглүүлж, ямар бэлэг бэлэглэснээрээ өрсөлдөх болсон нь түмний нүдэнд илхэн. Энэхүү өрсөлдөөн нь одоо үр хүүхдүүдийн дунд өрнөх болсон гэж байгаа.

Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас О.Цолмон, МАН-аас Д.Оюунхорол нарыг нэр дэвших гэж байгаа талаар сүүлийн үед шуугих боллоо. Хэрэв О.Цолмон, Д.Оюунхорол нар үнэхээр нэр дэвшвэл ирэх Ерөнхийлөгчийн сонгууль авгай нарын хэрүүл болно. УИХ-ын 2008 оны сонгуульд Хөвсгөл аймагт одоогийн УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл АН-аас, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон тухайн үеийн МАХН-аас нэр дэвшиж байсан. Тэр үед тэдний өрсөлдөөн улс төрийн намуудын дунд биш авгай нарын дунд өрнөсөн. Ямар сайндаа л Ц.Оюунгэрэлийг америк нөхөртэйг нь далимдуулж, Ж.Цолмон нөхрөө дагуулан Хөвсгөлд очиж иргэдтэй уулзахдаа “Миний нөхрийг Оч гэдэг. Би монгол нөхөртэй” хэмээн танилцуулж явах вэ дээ. Гэхдээ О.Цолмон, Д.Оюунхорол хоёрын дэргэд энэ бол юу ч биш. Тэд өрсөлдвөл бүр өөр зүйл ярьж хэрэлдэнэ. Монголын улс төр дэх авгай шинж О.Цолмонг тэргүүн хатагтай байх үеэс эхтэй гэж ярих нь бий. Түүнийг тэргүүн хатагтай байхад Монголын улс төрд болж буй үйл явдлыг Н.Энхбаяртай биш, О.Цолмонтой холбож ярьдаг байсан. Тиймээс ч түүнтэй хов жив яригсад олон байсан гэдэг. Ямартаа л УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх намын дарга Н.Энхбаярт хандаж “Монголын төрийг та мэддэг юм уу, таны эхнэр мэддэг юм уу” гэж хэлэх вэ дээ. Улс төрийн хүрээнд эдгээрээс гадна Л.Эрдэнэчимэг гэгч эмэгтэй орж ирэх нь тэр. Тэрбээр УИХ-ын гишүүн болмогцоо л байнгын хороо, чуулганы хуралдаан дээр юу болж байгааг нэг бүрчлэн твиттерт жиргэж “Ховч” хоч зүүгээд амжсан. Түүнтэй зэрэгцэн ХЗХ-ны Оюунцэцэг гэгч гарч ирэв. Тэрбээр ХЗХ-ныхоо хохирогчдын эрх ашгийг хамгаалахын оронд улс төр ярьж, энд тэндхийн улстөрчдийн идсэн уусныг ярих болов. Элдвийн хэрүүл маргаан, хов живд оролцож явах нь угаас авгай шинж. За яах вэ. Тэднийг угаас авгай шинжтэй төрчихөж гэж бодоод өнгөрөөе гэвэл эрчүүдийг дурьдахгүй өнгөрч болохгүй нь.

Монголын улстөрч эрчүүд авгай шинжийг агуулах болж. Эрчүүд хүүхнүүдээс илүү хов ярьдаг гэсэн үг дэмий ч нэг гараагүй бололтой. Монголчуудын шилдэг хэмээн тодорхойлж, өөрсдийн төлөөлөл хэмээн УИХ-д сонгосон эрчүүд хамгийн ихээр хов ярьдаг, хэрүүл хийдэг, шуналтай гэдгийг улстөрчид өөрсдөө нотолдог. Тэд УИХ-ын эмэгтэй гишүүдийнхээ өмссөн зүүснийг шинжиж суудаг гэж байгаа. Үүний дээр сав л хийвэл “Чамайг би яаж явсныг чинь мэднэ. Чи тэгж идсэн уусан” гэхчилэн хэрэлдэхийн зэрэгцээ “Чи тэр улсад тэгж нууц гэрээ хийсэн. Энэ улсад ийм хүнтэй уулзсан” гэхчилэн түмний өмнө булайгаа дэлгэнэ. Бүр болохгүй бол шүүхдэлцэнэ. Манай улстөрчид гэж иймэрхүү эрчүүд. Үүнээс болоод Монголын улс төрийг авгайшиж байна гэж ярих болсон.
Одоо бүр Монголын улс төрөөр оролдохгүй хүнгүй боллоо. Эр, эмгүй авгай шинж агуулах болсон энэ үед ээжүүд босоод улс төр хийх болов. МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардсан ээжүүд нойтон өлсгөлөн зарлаад 200 орчим цаг болж байна. Тэд одоо хуурай өлсгөлөн зарлах юм гэнэ. Угтаа Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” хэмээн нэрийддэг. Түүнд албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шүүх ял оноосон. Гэхдээ үүнийг нь Н.Энхбаярын гэр бүл, намын нөхөд нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа. Харин ээжүүд Н.Энхбаярын төлөө өлсөж сууна. Олон нийт тэднийг мөнгөний төлөө өлсөж байна гэж байгаа боловч тэд өөрсдийн хүслээр өлсөж байгаа хэмээн тайлбарлаж байгаа. Тэгвэл тэдгээр ээжүүд Н.Энхбаярын төлөө өлсөж байхад түүнтэй нэг хөнжилд унтдаг О.Цолмон яагаад зүгээр суугаад байгаа юм бэ. Үнэхээр О.Цолмон захиалгаар тэднийг өлсгөөгүй юм бол тэдэнтэй цуг очоод өлсөх нь яасан юм. Яагаад Н.Энхбаярыг мандаж явах үед олны өмнө гараа даллан зогсож байсан тэрбээр нөхрийнхөө төлөө ээжүүдтэй нэгдэхгүй байгаа юм. Яагаад Н.Энхбаярын ээж юу ч дуугарахгүй байгаа юм бэ. Энэ мэтчилэн асуултаас болж тэдгээр ээжийг олон нийт мөнгөний төлөө хэмээн оношлож байна.

Гэхдээ өлсөж байгаа ээжүүдэд хэлэх үг байна. Та нар нийслэлд барилгын ослоор үр хүүхдээ алдсан ээжүүд, Дорнодот хүний амь аврахаар түймэрт орж амиа алдсан идэр залуусын ээж, Сэлэнгэд хүйтэн мөсөн дээр хүүгээ хөхүүлж, хэн нэгэн аврахыг хүлээн орилж хашгирсаар сураггүй болсон 27 настай ээж, эмчийн буруугаас хүүхдээ алдсан ээжүүдийн төлөө дуугарсан бил үү. Тэдний төлөө өлсгөлөн зарладаггүй юмаа гэхэд төрийн тэргүүнд захидал бичсэн билүү. Хойд эцэгтээ зодуулаад сэхээн амьдруулах төвд эмчилгээ хийлгэсэн хүүг эргэж очсон уу.
Энэ бүгдэд дуугараагүй ээжүүд Н.Энхбаярын төлөө яагаад өлсөх болов. Наад хүний чинь төлөө амиа ч үл хайрлах хань нь та нарын дэргэд байгаа бил үү гэдгийг санаж одоо өлсөхөө боливол яасан юм бэ. Та бүхэн гэрээ гийгүүлж, үр хүүхдээ халуун хайраараа энхрийлж суусан нь дээргүй юу.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив