Бондоос 50 тэрбум төгрөгийг автомат машинд зарцуулсан нь хэний бизнес вэ
2013 оны 1 сарын 23
Бондоос 50 тэрбум төгрөгийг автомат машинд зарцуулсан нь хэний бизнес вэ
 УИХ-д олонхийг бүрдүүлж, Засгийн эрхийг гартаа авсан Ардчилсан намын олон гоё шийдвэрүүд нүдээ олсон байгаасай. Тэд хийж, хэрэгжүүлэх гэж байгаа бүхнийг ард түмнийхээ төлөө гэдэг нэрийн дор халхавчилдаг. Энэ нь тэдний имиж гэхэд болно. Тиймдээ ч ард түмэн гэдэг нэр бүхний урд, “манлайлагч” нь байгаа. Гэвч иргэд, олон түмэн гэдэг нэрийг хэтэрхий их барьж, хийж хэрэгжүүлсэн бүхнийгээ ямар нэгэн төлөөс, хариуцлагагүй болгочих вий. Буух эзэн, буцах хаяггүй гэгчээр иргэдийн нэрийг барьж, хэт туйлширснаас дараа нь хэнбугайд ч хамаагүй гэж гүрийгээд сууж байж мэднэ. Магадгүй түүний тод жишээ нь төрийн үйлчилгээний автомат машин л битгий болоосой.

Олонхи болж олон гоё шийдвэрийг гаргаж байгаа нам маань саяхан төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, хүнд суртлыг арилгах ажлын хүрээнд иргэний мэдээллийн төрийн үйлчилгээ үзүүлэх автомат машиныг нэвтрүүлэхээр ярилцаж, тохиролцсон. Энэхүү автомат машинаар иргэд бүх төрлийн мэдээллийг авах боломжтойн дээр төрийн нэгдсэн сүлжээнд орж мэдээллээ авах боломжтой гэнэ. Энэ машин нь эхний ээлжинд 30 гаруй үйлдэл хийх ч цаашлаад 300 үйлчилгээг нэг дор, шуурхай хүргэх юм билээ. Энэ нь бас л иргэд рүү чиглэж байгаа. Нэг бичиг баримт авах гэж төрийн үйлчилгээний газар өдөржин дугаарлаж зогсдог байдлыг хөнгөвчлөх аж. Харин Засгийн газрын зүгээс дээрх автомат машиныг 330 сум, аймгийн төвийн багууд, нийслэлийн хороодод байрлуулах юм байна. Тиймээс энэхүү машиныг ашиглах сургалтыг шуурхай явуулах үүргийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт саяхан өгсөн юм.

Оршин суугаа газрын тодорхойлох, иргэний үнэмлэхний лавлагаа, санал өргөдлөө өгөхийн тулд иргэд төрийн үйлчилгээний газар бараадан дугаарлаж зогсох гээд багагүй чирэгдэл тулгарах нь бий. Тэгвэл энэ бүхнийг төрийн үйлчилгээний автомат машин гэгчээс авах боломж нээгдэнэ хэмээн эрх баригчид амлаж сууна. Харин энэ машиныг байрлуулна гэж буй газартаа хүргэчихвэл ард түмэн төрийн үйлчилгээг шуурхай авах нь. Гэвч нэг бүрийнх нь үнэ 7500 ам.доллар гэхээр багагүй мөнгө зарцуулах нь тодорхой байгаа юм. Тухайлбал, 330 сум, 21 аймаг, нийслэлийн нэг дүүргийг дунджаар 20 хороотой гэж үзэн 7500 ам.долларт шилжүүлж, монгол мөнгөөр тооцвол 49 тэрбум төгрөг дор хаяж зарцуулагдана. Зөвхөн төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүнд сурталгүй хүргэхийн тулд ийм хэмжээний хөрөнгө зарцуулах гэж байгаад гайхах хүн олон байгаа болов уу.

Харин энэ хөрөнгийг нөгөө л хэл ам дагуулж байгаа Засгийн газрын бондоор зохицуулна хэмээж байна. 1,5 тэрбум ам.долларын бондыг гаргахдаа төмөр зам, дулааны эх үүсвэрийг бий болгох гэхчилэн томоохон зүйлд хөрөнгө оруулна гэж яриад тохирчихсон. Гэтэл төрийн үйчилгээг иргэдэд хүргэх автомат төхөөрөмжид дээрх бондоос 50-аад тэрбумыг нь зарцуулах гэж байгаа нь  өөрөө олон асуулт дагуулж байна. Нөгөөтэйгүүр бондыг ашиггүй байдлаар зарцуулах вий гэж болгоомжилж байсан ч энэ зүйл нэгэнт биелэлээ олж байх шиг. Түүнчлэн энэ мөнгийг үрэн таран хийх гэж байгаа нь ч илэрхий болж байна. Засгийн газрын бондыг босгохдоо монголчуудын татварын мөнгийг гадаадынханд барьцаалж байж авсан. Гэтэл бондоос иргэдэд төрийн үйчилгээ үзүүлэх автомат машинд зарцуулж байгаа нь монголчуудыг молиго үмхүүлж байгаагийн тод жишээ болж байна. Яагаад гэвэл монголчуудыгаа барьцаалж гадаадаас зээл авчихаад дараа нь юунд зарцуулсан бэ гэхэд иргэдэд автомат машин олгосон гээд гүрийгээд сууж байх болчихоод байгаа юм. Нэг ёсондоо ард түмнийг ард түмнээр нь барьцаалж байгаа үйлдэл болж байна гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр хороон дээрээ очоод тодорхойлтоо авахад ямар нэгэн чирэгдэлгүй гаргаад өгчихдөг. Гэтэл хорооны ажилтныг ажилгүй болгох энэ шахалт ямар учиртай вэ. Мөн энэ олон автомат машин шахаж байгаагийг цаана нь хэн нэгний бизнес явж байгаа нь тодорхой биз ээ.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив