Ерөнхий сайд “Шалдан” байна
2013 оны 1 сарын 24
Ерөнхий сайд “Шалдан” байна
Хаан шалдан байна гэдэг шиг манай Ерөнхий сайд “Шалдан” байна. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг бол Н.Алтанхуягийн дээр АН, намын дээр фракци, бүлэглэлүүдийн эрх ашиг, фракци, бүлэглэлүүдийн эрх ашгийн дээр олигархиудын эрх ашиг байна хэмээн олон нийт ярих болов. Үнэхээр ч Ерөнхий сайдын байгаа байдлыг харахад тэрбээр шат дараалсан эрх ашгийн дор ганцаар зогсож байна. Түүнд эрх мэдэл ч гэж алга. Тэрбээр шинэчлэлийн гэгдэх Засгийн газар байгуулсан цагаас хойш  багагүй ажил хийсэн. Ард иргэд ч гайгүй нааштай хандаж байлаа. Гэвч түүний хийсэн бүгдийг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт болсон нээлттэй хуралдааны үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “галдан шатаав”. Үүнээс болоод олон нийт Н.Алтанхуягийг тамга барьсан бодийн садва мэтээр харж эхэллээ. Тэгэхээс ч өөр замгүй юм. Хөндлөнгөөс харахад тэрбээр Ерөнхий сайд гэдэг нэрнээс цаашгүй, Х.Баттулга, Э.Бат-Үүл нарын орлон тоглогч нар түүний бүх үүргийг гүйцэтгэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юуны учир Засгийн газрын хуралдаанд оролцож, түүнийгээ олон нийтийн телевизээр шууд цацах болов. Угтаа Ерөнхийлөгч бол УИХ, Засгийн газрын хуралдаанд тааллаараа оролцдог. Түүнээс биш Ерөнхий сайдтай суудал булаацалдан, хэдэн сайд нарыг нь толгой дараалан загнах юу вэ. Английн Хатан хаан Элизабета 60 жилийн туршид ердөө ганцхан удаа Засгийн газрын хуралдаанд оролцсон гэдэг. Ингэхдээ хүндэтгэл үзүүлэх гэж шүү. Гэтэл манай Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд оролцож, сайд цэрэггүй загнаснаар бүх сайд нар нь түүний өмнө толгой гудайлган суух нь инээдтэй. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Н.Алтанхуяг тэргүүн шадар сайдын суудлаасаа татгалзаж АН засгаас гарсны дараа Ерөнхийлөгч нэг иймэрхүү авир гаргаж байсан удаатай. Тэрбээр МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболдыг шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийхээ нэрийг Ерөнхийлөгчид өргөн барих үеэр түүнийг улалзтал нь загнаад гаргаж байсан. Тухайн үед засгаас гарч байсан АН-ын зургаан сайдыг “Бүрэн эрхийн хугацаа чинь дуусаагүй байхад ажлаа хийцгээ” хэмээн загнаад өрөөнөөс гаргажээ. Харин МАН-ын суудал горилсон нэр дэвшигчдийг “Та нар юундаа яарсан юм, нэг л их яарсан хүмүүс байх юм” гэж зандарсан аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүмүүс над руу наад Д.Хаянхярваа, Ц.Дашдорж хоёроо болиоч гээд утасдаад байна” хэмээн Сү.Батболдыг загнаж байсан. Тэгвэл одоо АН-ын даргаар толгойлуулсан сайд нарыг түмний нүдний өмнө загнах нь тэр. Үгүй яах вэ. Олон нийтэд таалагдах гэсэн нэг оролдлого байж болох. Гэхдээ эмээ өвөө нар аавуудыг хүүхдийнх нь нүдэн дээр загнадаггүй шүү дээ. Тэгэхээр Элбэгээ зүгээр л ард түмнийхээ өмнө өөрийнхөө шоуг дэлгэж байгаа хэрэг.

Угтаа Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний билэг тэмдэг гэгддэг. Харин Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд оролцох болсон шалтгаан нь Н.Алтанхуягийн өмнөөс шийдвэр гаргаж, түүнийг ямар ч эрх мэдэлгүй, зүгээр л билэг тэмдэг болгон хувиргасан Х.Баттулга, Э.Бат-Үүл нарын нөхдөөс эхлүүлээд хэдэн сайд нарын гаргаж байгаа ааш авираас улбаатай. Х.Баттулга л гэхэд Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд мөртлөө хаа байсан ТӨХ, “Монголын төмөр зам”-ын дарга нарыг халсан. Э.Бат-Үүл нийслэлчүүдийн дийлэнх хувийг эзэлдэг дундаж амьдралтай иргэдийн хөл дүүжлэх унаа болох буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг бүтэн сайн өдөр явуулахгүй байх шийдвэр гаргахаар улайран зүтгэсэн. Долоо хоногийн нэг өдөр замын хөдөлгөөнд оролцохгүй байгаа иргэдийг дахин нэг өдөр эрхийг нь хасвал амь зуулгаас нь салгахтай адил. Түүнчлэн эмнэлгийг оффис болгохоор дөргүй бух шиг зүтгэх Х.Тэмүүжин. Тэрбээр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэнтэй учир зүйгээ ололцож, асуудлыг олон нийтэд ээлтэйгээр шийдвэрлэхийн оронд нөгөө хэдэн эмч нараа мөрдэстэй гэдгээр шантаачилж суух. Энэ мэтчилэн Ерөнхий сайдад захирагддаггүй “том толгойт”-ууд Н.Алтанхуягийн Засгийн газарт олон байна.

Үүний дээр Н.Алтанхуягийн хэрээс хэтэрсэн нэг асуудал нь Чингэс бондын асуудал. Юунд хэрэгжүүлэхээ ч шийдвэрлээгүй, төсөл хөтөлбөрөө ч боловсруулаагүй байж Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар гадаадын зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын бонд босгож ирснээ ам мэдэн магтацгаасан. Гэтэл одоо хоногийн 275 сая төгрөгийн хүү төлөхөөс өөр гавьяагүй байна. Үүнээс үүдсэн үү, эсвэл өөрсдийн буруу үйлдлээ олон нийтэд мэдэгдэхээс эмээсэн үү тэдний хийж байгаа дараагийн алхам нь Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг барих ажиллагаа.
Н.Алтанхуягийн Засгийн газрын хэдэн сайд нарын амнаас хаана, хураана, хорино, цагдана гэх үгс л гарах болж. 16 сайтыг хааж, араас нь 21 кабелийн телевизэд анхааруулга өгчихөөд байгаа. Энэ юу ч биш. Тэд сайтуудын мэдээллийн дор сэтгэгдэл бичсэн иргэдийг нэр устай нь мэдэж байх гэнэ. Учир нь олон нийт тэднийг доромжлоод байгаа юм байх. Үнэндээ бол тэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаана гэж худлаа. Гэхдээ тэднийг барьцаалж, амыг нь хааж, өөрсдийн талд үйлчлүүлэхийг эрхэмлэж байгаа юм.
Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад хагас жилийг ардаа орхисон ч бариад авчих бодит ажил хийгдээгүй л байна. Энэ нь түүнийг хаашаа ч хөдөлж чадахгүй, сайд нарынхаа “аманд багттчихсан”-тай холбоотой хэмээн улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Үнэхээр ч манай Ерөнхий сайд хэлэхээс цаашгүй нэгэн болж хувирсан бололтой.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив