Дэлхийн зэсийн үнэ 8028 ам.долларт хүрэв
2013 оны 1 сарын 29
Дэлхийн зэсийн үнэ 8028 ам.долларт хүрэв
ТААМАГЛАХАД АМАРГҮЙ БОЛОВ
Энэ онд дэлхийн зэсийн үнийг төдийлөн нэг их савлахгүй хэмээн шинжээчид үзэж байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн эхээр зэсийн үнэ 7000 ам. доллар руу орж доошлов. Харин тус долоо хоногийн дундуур эргээд дээшилж 8094 ам.долларт хүрлээ. Одоо зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 8028 ам. долларын ханштай байна. Зэсийн үнэ тогтвортой байх нь манай улсад ашигтай. Манайх энэ оны төсөвөө хийхдээ нэг тонн зэсийг дунджаар 6328,9 ам. доллар байхаар тооцсон. Харин өнгөрсөн оны төсөвт 7970,0 ам. доллар байхаар тооцоолж байсан.
Дэлхийн томоохон ордын нэг Оюутолгой энэ онд 382,0 мянган тонн зэс экспортлохоор төлөвлөж байгаа. Үүнээс улсын төсөвт 445,8 тэрбум төгрөг орох юм. 2013 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,088.3 тэрбум төгрөг байхаар баталсан. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтаас төсөвт төвлөрүүлэх нийт орлогыг 1702,8 тэрбум төгрөг гэж тооцсон байгаа. Тэгэхээр уул уурхайгаас орох орлого төсөвт ихээхэн үүрэгтэй.
Зэсийн борлуулалтын хувьд, манай улсад төдийлөн хүндрэл гарахгүй. Учир нь өнөөдөр Хятад улс зэсийн хэрэглээнийхээ дөнгөж 30 хувийг дотоодоосоо хангаж байна. Тэгэхээр ойрын жилүүдэд энэ улсад зэсийн эрэлт хэрэгцээ өндөр байх нь тодорхой. Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсууд зэсийг бараг 100 хувь гаднаас авч байна. Энэ бол манай улсын хувьд, зах зээлийн хоёр дахь том боломж. Харин бид энэ зах зээл рүү гарах төмөр замын асуудлаа түргэн шийдэх хэрэгтэй юм. Тодруулбал, ямар царигтай, хэдий хэмжээний төсөвт өртөгтэй төмөр замыг хаагуур яаж тавихаа шийдэх нь чухал. Одоогоор Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгуудын нутгийг дайруулан татсан зургаас цаашгүй л байна. Оюутолгойн хувьд маргаантай асуудал үүсэх бололтой. Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэхдээ “Оюутолгойн тухайд хатуу байр суурьтай байдаг. Гэрээнд анхны хөрөнгө оруулалт 4,4 тэрбум ам.доллар гэсэн байдаг. Гэтэл 6,7 тэрбум ам.доллар болсон. Энэ нь Монголын эрх ашгийг хөндөж байгаа. 4,4 тэрбум ам.доллар 6,7 болсон шалтгааныг ярихаас нааш юу ч ярих боломжгүй. Учрыг нь олж байж цааш явна” гэв. Энэхүү Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдэл нь “Оюутолгой” компаний одоогийн удирдлага, хөрөнгө оруулагчдад нэгийг бодогдуулах биз ээ.    
 
ОЮУТОЛГОЙН ОРД 26 САЯ ТОНН ЦЭВЭР ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ
АНУ-ын Геологийн албаны мэдээлэлээр дэлхийн цэвэр зэсийн нөөцийг 1,6 тэрбум тонн гэж тогтоожээ.Харин энэ нөөцийн 70 гаруй хувь нь 12 оронд ногдож байгаа аж. Хачирхалтай нь эдгээр орнуудын тоонд Монгол Улс ороогүй байна. Энэ нь манай улсын цэвэр зэсийн нөөц бүрэн бүртгэгдэж амжаагүйтэй холбоотой байж мэдэх юм.
Юутай ч Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр зэсийн хүдрээр 1,5 тэрбум тонн буюу 7,5 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй.Мөн Өмнөговь аймгийн Цагаан суваргын зэсийн орд хүдрээр 1,2 сая тонн,Оюутолгойн орд 26 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэгддэг. Хэвлэлд дурдсанаар, зөвхөн Оюутолгойн нөөцөөр тооцоход л тэр 12 улсын тоонд элбэгхэн багтана. Нөөцийн нөгөө талд хэрэглээ гэж юм бий. 2010 оны байдлаар дэлхий  нийт 20175 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, зэсийн хэрэглээ нь 19437 мянган тонн болсны дийлэнх хувь нь Азийн орнуудад ногдож байв.
Тухайлбал, цэвэр зэсийн хэрэглээний 56 хувийг Ази тив дангаараа хангаж байв. Энэ хэмжээ эдүгээ нэмэгдсэн байж таарна”хэмээжээ. Дээрх их нөөцтэй 12 орны тоонд ОХУ-ын Удоканы, Казакстаны Жезказган, Чилийн Эскондида ба Кольяуси, АНУ-ын Моренси ордууд ордог байна. Мөн ОХУ-ын Чукоткийн Песчанкаг зэсийн дэлхийн томоохон ирээдүйтэй орд гэж үздэг байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ