Монгол үндэстнийг илэрхийлэх монгол хэлээрээ хаягжуулалтаа хийцгээе
2013 оны 1 сарын 30
Монгол үндэстнийг илэрхийлэх монгол хэлээрээ хаягжуулалтаа хийцгээе
Нийслэл Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутгийн дэлгүүр, хоолны газруудын нэр нь ихэнхдээ гадаад нэршилтэй байдаг нь нууц биш. Хотын төвийн зам дагуух байгууллага, дэлгүүрүүдийн нэрийг сонирхвол мөн л ийм дүр төрх ажиглагддаг. Үнэндээ монгол хэлээр хаягаа бичсэн газар цөөхөн гэхэд хилсдэхгүй. Тиймээс байгууллага, гудамжны хаягийг нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Гэхдээ монгол хэлээр бичих нь юу юунаас илүү гэдгийг бид мэддэг хэрнээ үүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэн.  

Саяхнаас Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, үүнийг батлахаар хэлэлцэж байна. Энэ нь сайн хэрэг. Харин хуулийн төсөлд зөвхөн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө болон гудамж, талбайд хаяг олгохоор. Мөн үл хөдлөх хөрөнгийн хаяг нь нийслэлд хотын нэр, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамж, хотхоны нэр, байшин барилгын дугаар, хаалганы дугаар зэргээс бүрдэхээр тусгажээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн хаяг нь аймаг, сумын төвд тухайн аймаг, сумын нэр, багийн дугаар, гудамж хотхоны нэр, байшин барилга зэргээс бүрдэхээр заажээ. Тэгэхээр дээр дурдсанаас бусад газарт үл хөдлөх хөрөнгийн хаяг нь засаг захиргааны нэгжийн нэр, газар зүйн /газар, усны/ нэр зэргээс бүрдэхээр тусгасан байна.

Гудамж, талбай, үл хөдлөх хөрөнгийг үнэн зөв, энгийн, ойлгомжтой дахин давтагдашгүй байдлаар хаягжуулах нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин, нөхцөлийг боловсронгуй болгох зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад онцгой ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Гэвч энд үл хөдлөх хөрөнгийн хаягийг монгол хэлээр бичнэ гэдэг зүйл тусахгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр хаягийн нэгдсэн мэдээллийн системийг бий болгохдоо байгууллагуудын хаягжуулалтыг давхар тодорхойлж үзэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байшаа юм. Тэр байтугай байгууллагуудын хаягийг монгол хэлээр бичиж, дор нь гадаад нэршлийг жижгээр тусгаж болно гэдгийг оруулбал яасан бэ гэдэг зүйл чухал байгаа хэрэг.

Харин хаягжуулалтын нэг бүрэлдэхүүн хэсэг болох Хаягийн мэдээллийн системийг Улаанбаатар хотод байгуулах зорилгоор 2013-2015 онд 3,0 тэрбум төгрөг төлөвлөөд байгаа бөгөөд 2013 онд 500 сая төгрөг улсын төсөвт тусгажээ. Шаардлагатай бусад зардлыг улс, орон нутгийн төсөвт тусгах замаар тухай бүр шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Ийм хэмжээний төсөв бүрдүүлж байгаа тохиолдолд нэгдсэн мэдээллийн систем бүрдүүлэхдээ монгол хэлээр хаягжуулалтыг бичнэ гэж тусгахад болохгүй зүйлгүй юм шиг ээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зөвхөн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө буюу нийслэлд хотын, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамж, талбай, хороолол, хотхоны нэр, байшин барилга, хашааны дугаар зэргийг шинэчлэх, хаягжуулах зорилт тусгагдсан.  Энэ хүрээнд боловсруулсан энэхүү хуулийн төслийг монгол хүний ухаанаар гарах нь чухал. Тиймээс Монгол үндэстнийг илэрхийлэх монгол хэлээрээ хаягжуулалтаа хийх нь зайлшгүй байгаа юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гэр хороолол болоод хөдөө орон нутагт хаягжилтыг яаж шийдэх вэ. Хаяг бол их олон хэл дээр байдаг үүнийг нэг стандартад оруулж болох уу” гэж чуулганы хуралдааны үеэр хууль санаачлагчаас асуухад “Монгол Улс дахь бүх хаягийг нэг стандартаар оруулна” гэж байсан юм. Тэгэхээр Монгол Улс маань монгол хэлээрээ бичсэн хаягтай болох нь.

С.МӨНХБАЯСГАЛАН Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив