Ерөнхий сайд аа, иргэд “IT world” төвийг мэдэхгүйн улмаас үндэсний үйлдвэрлэгчид цөхөрч эхэллээ
2013 оны 1 сарын 30
Ерөнхий сайд аа, иргэд “IT world” төвийг мэдэхгүйн улмаас үндэсний үйлдвэрлэгчид цөхөрч эхэллээ
Сар шинийн баярыг угтаж “Цагаан сарын бэлэг” сэдвээр зохион байгуулсан "Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж, дотоодын үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг өргөн хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ дагуу Ерөнхий сайдын ивээл дор “Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-оос эхлэн Цирк, Мишээл экспо, “IT world” төвд зохион байгуулахаар болсон.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Жил бүрийн цагаан сараар бэлэн мөнгөө гадагш урсгадаг байдлыг ард иргэдтэйгээ, дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтран өөрчлөхөөр тодорхой зохицуулалтууд хийсэн. Үзэсгэлэн худалдааны талбайн түрээсийн 50 хувийг Засгийн газраас гаргаж, хариуд нь бараа бүтээгдэхүүнээ хямдруулан худалдаалахыг үйлдвэрлэгчдэд захьсан. Иргэдэд илүү хүртээмжтэй байлгахын тулд урт хугацаанд, олон байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд даалгасан юм. Ингэснээр манай үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сар шинийн баяр хүртэл хямдралтай үнээр худалдаалахаар боллоо. Иргэд та бүхэн тавгийн идээ, бэлгийн бараагаа энэхүү үзэсгэлэнгээс сонгоорой” хэмээн уриалсан билээ.

Засгийн газраас түрээсийн 50 хувийг гаргаж байгаа тул үндэсний үйлдвэрлэгчид болон ард иргэд үзэсгэлэн худалдаанд хэр өргөн оролцож байгааг сонирхохоор өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-нд “IT world” төвийг зорилоо. “IT world” төвийн хоёр давхарт тус үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа аж. Энд бэлэн хувцас, гутал, цүнх, ном дэвтэр зэрэг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байгаа юм байна. Үзэсгэлэнгийн үүдээр ормогц л хүн цөөхөн байгаа юм уу гэсэн сэтгэгдэл төрлөө. Түүгээр ч үл барам үндэсний үйлдвэрлэгчид төдийлөн идэвхтэй оролцохгүй байгаа юм уу гэсэн бодол төрснийг нуух юун. Учир нь “IT world” төвтэй залгаа байрлах Циркт болж буй хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд хүмүүс чихцэлдэх шахам байсан бол энд эзэнгүй юм шиг байсан юм.
Үйлчлүүлэгч цөөхөнтэй байгаа тул үйлдвэрлэгчид зав чөлөөтэй байлаа. Тэднээс худалдан авагч хэр их ирж, орлого хэр орж байгаа талаар сонирхож ярилцав. Ихэнх нь амралтын өдрөөр хүмүүс ирэх байх, бараа бүтээгдэхүүн борлогдох байх гэсэн итгэлтэй байлаа. “IT world” төвийн түрээсийн төлбөр нь  хоногт нэг кв.метр нь 8000 төгрөг байдаг бөгөөд Засгийн газраас 50 хувийг төлж байгаа учир үндэсний үйлдвэрлэгчид 4000 төгрөг төлж байгаа гэнэ. Энэ бол Засгийн газрын үндэсний үйлдвэрлэгчдэд барьж буй томоохон бэлэг юм. Ийм боломж олгосон Н.Алтанхуяг сайддаа баярлалаа.

“IT world” төвд болж буй “Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид булга, нэхий, үндэсний дээл хувцсаас эхлээд гутал, цүнх, бэлгэнд өгөх болон өөрсдөө өмсөх бэлэн хувцас, бэлэг дурсгалын бараа гээд өөрсдийн үйлдвэрлэсэн бүхий л зүйлсээ дэлгэн тавьжээ.
Гэхдээ Ерөнхий сайд аа, танд хошуу хүргэх нэг зүйл байна. Олон нийт “Мишээл экспо” төвд гарч буй үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож байгаа гэнэ. Яагаад гэвэл “Мишээл” хаана байдгийг нийслэлийн гудамжинд яваа нохой ч мэднэ. Харин “IT world” төв хаана байдгийг төдийлөн сайн мэддэггүй бололтой. Үүнийг хэлэх болсон шалтгаан нь “IT world” төвтэй залгаа байрлах Циркт болж буй үзэсгэлэнд оролцсон хүмүүс зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авчихаад хүний гар цайлгах болон өмсөж зүүх бараа бүтээгдэхүүн байхгүйд гайхшран гарцгааж байгаа харагдлаа. “Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн л байгаа юм уу. Бараа энэ тэр нь хаана гарч байгаа юм бол” хэмээн ганц нэг хүнээс асуувал тэнд худалдаа хийж байгаа хүмүүс Циркийн баруун талаар урагшаа эргээд “IT world” төвд бараа бүтээгдэхүүний худалдаа гарч байгааг тайлбарлан өгч байна. Өөрөөр худалдан авагчдаас үүнийг мэдэж байгаа хүн алга. Тэгэхээр “IT world” төв рүү олон нийт очихгүй байх нь аргагүй юм.Нөгөө талаар “Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн худалдааны талаарх мэдээлэл цацагдахдаа тус үзэсгэлэн худалдаа Мишээл, Цирк, “IT world” төв буюу Мэдээлэл технологийн паркт зохион байгуулагдаж байна гэж байгаа. Тиймээс иргэд “Мэдээлэл технологийн парк”-т гарч буй үзэсгэлэн худалдааг сонирхохын тулд “Өргөө 2” кино театрыг зорьж байгаа аж. Ийнхүү нэрний андуурлаас болж иргэд төөрөлдөж байна.

Үүнээс болж “IT world” төвд талбай түрээслэн зогсож буй зарим үндэсний үйлдвэрлэгчид цөхрөнгөө барсан харагдлаа. Учир нь “Үзэсгэлэн худалдаа эхэлснээс хойш найм хоног өнгөрч байхад олигтой борлуулалт хийж чадсангүй. Дэмий мөнгө, цагаа үрж байхаар ер нь больдог ч юм уу гэсэн бодол төрөөд байгаа. Гэтэл нэгэнт түрээсээ төлчихсөн болохоор буцааж авах боломжгүй юм байна. Засгийн газраас ч мөнгийг нь төлсөн гэнэ. Тэгэхээр яах аа мэдэхгүй байна. Энд талбай түрээсэлсэн зарим газар эхнээсээ бараагаа хураагаад явчихлаа. Дархан минж компанийнхан гэхэд л юмаа аваад явчихсан” гэх хүн ч байлаа. Тэгвэл хүмүүс цалин мөнгөө буухаар ирэх байх аа. Цагаан сар болтол бас ч гэж хугацаа байна гэсэн итгэл дүүрэн түрээслэгч ч байна. Нөгөө нэг хэсэг нь хүмүүс “IT world” төв хаана байдгийг сайн мэдэхгүй байх шиг байна. Мэдээлэл жаахан дутаад байгаа юм болов уу гэж байлаа. Харин “IT world” төв дээр болж буй үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч эмэгтэй “Сайн байгаа. Энэ хоосон талбайнуудад байгууллагууд амралтын өдрөөс эхлэн нэмж ирэхээр захиалчихсан байгаа” хэмээсэн юм.

Эцэст нь хэлэхэд “Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн худалдаа болж буй “IT world” төв нь Цирктэй залгаа байрлаж байгаа гэдгийг олон нийтэд сурталчилах хэрэгтэй болов уу. Учир нь тэнд үндэсний үйлдвэрлэгчид худалдан авагчдаа хүлээн зогсож байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив