Монголчууд Оюутолгойн гэрээнд нөлөөлж чадах уу
2013 оны 2 сарын 6
Монголчууд Оюутолгойн гэрээнд нөлөөлж чадах уу
Монголчуудын толгойн өвчин болж, уул уурхай гэхээсээ хэрүүлийн уурхай болсон “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчид маргааш хуралдах гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр уг хурлаар Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулах, гүйцэтгэх удирдлагын түвшинд монголын талын төлөөллийг ажиллуулах, Оюутолгойн ханган нийлүүлэгчээр үндэсний компанийг түлхүү оролцуулах зэрэг асуудлыг ярихаар төлөвлөж байгаа аж. Үүнийг нь монголчууд манай Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, чанга дуугаар асуулт тавин, ард түмнийхээ төлөө санаа тавьсантай холбон ойлгож байна. Түүнчлэн “Рио Тинто”-гийнхон гэнэтхэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тэд монголчуудаас айсандаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан уу гэвэл худлаа. Учир нь өмнө нь УИХ-ын 21 гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлаар гарын үсэг зурж, хүсэлтээ илгээхэд хариу нь шууд л “Өөрчлөх шаардлагагүй” гэж байсан. Тэгвэл тэд ганцхан сарын дотор өөрсдийн байр сууриас ухарчихсан хэрэг үү. Эсвэл үнэхээр монголчуудаас айсан уу.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн хуралдаан товлогдоод байсан. Гэвч Монголын талын ТУЗ-ийн гишүүд хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргаж, хуралдааныг хаяж гарсан гэдэг. Угтаа тус хурлаар 2013 оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх байсан аж. Харин “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөн суугаа гишүүд 2011 оны арванхоёрдугаар сард 2012 оны төсвийг батлахад компанийн төслийн зардлын өсөлттэй уялдуулан тодорхой шаардлага тавьж байжээ. Түүнийг нь биелүүлээгүй тул манай гурав уг хурлыг хаяж гарсан байна. Манай гурав гэдэг нь Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танигдсан, орчуулагч Ч.Ганболд нар юм.

Тэднийг хуралдаанд оролцохгүй хэмээж байх тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олны дунд “онигоонд” орчихоод байсан билээ. Учир нь Ерөнхийлөгч маань өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Оюутолгойн асуудлыг одоо яриад яах вэ. Манайх гэдэг айл нэг охиноо айлд өгчихсөн гээд л ойлгочих. Нэгэнт айлд өгсөн охиноо одоо ямар 17 настай, охин биеэр нь эргүүлээд авна гэлтэй биш. Дараа даргийн охиноо л бодох хэрэгтэй” гэх үг хэлсэн нь олны дунд инээдэм, онигоо болон тархсан. Гэтэл сар гаруйн өмнө л ийн ярьж байсан Ерөнхийлөгч маань гэнэт нэг өглөө сэрэхдээ айлд өгсөн охиноо санаж, ард түмэндээ учиргүй хайртай болж, 2009 онд гэрээ батлагдах үед л гудамжинд орилож байсан иргэний хөдөлгөөнийхөнтэй ижил утгатай зүйл ярих болов. Ц.Элбэгдорж телевизийн ярилцлагад оролцох үедээ иргэний хөдөлгөөн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын хүмүүсийг “Нэг л их Оюутолгой гэж ярьсан хүмүүс. Байсхийгээд л хэвлэлийн хурал хийдэг” гэхчилэн тавлаж байсан биш билүү. Гэтэл тэрбээр гэнэт өөрчлөгдөх шалтгаан нь юу вэ. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль түүнийг ингэж 360 градусаар эргүүлчихэв үү.

Угтаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгой төслийн талаар хамгийн их мэдээлэлтэй байж таараа. Түүний чихэнд очих үгс С.Ганбаатарын өөрөө цуглуулсан мэдээллээс хамаагүй илүү бөгөөд баримттай байгаа. Учир нь тэрбээр өөрт хамгийн ойрхон хүнээ буюу Тамгын газрын даргаа Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болгосон. Тэгэхээр П.Цагаан Оюутолгой юу болоод байгааг Ерөнхийлөгчид дуулгаж л таараа. Гэтэл Төрийн тэргүүн маань юу ч мэдээгүй царайлж, түмний нүдэн дээр УИХ-ын чуулганы танхимд хүрэлцэн ирж гишүүд рүүгээ чанга дуугарах шаардлага “Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал”-ын өмнө гарсан гэж үү. Тэртэй тэргүй болох гэж байгаа зүйлийн өмнө шоу тавих хэрэг юу байна аа. Түүний асуугаад байгаа 34 хувь, BHP хоёр хувийн роялти зэрэг асуудлыг Иргэний хөдөлгөөнийхөн, С.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд хэдэн жилийн туршид ярьсаар ирсэн. Гэтэл Ерөнхийлөгч маань гэнэт ингэж нойрноос сэрж байгаа нь инээдтэй агаад эмгэнэлтэй гэлтэй.
Ямартай ч Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хурал болох нь тодорхой боллоо. Харин тэд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээ нээж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад бэлэн болоод байгаа төслийн анхны хөрөнгө оруулалт хоёр орчим тэрбум ам.доллар буюу 40 гаруй хувиар нэмэгдсэн, гүйцэтгэх удирдлагын түвшинд монголын талын төлөөллийг ажиллуулах, Оюутолгойн ханган нийлүүлэгчээр үндэсний компанийг түлхүү оролцуулах зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь маргааш орой тодорхой болно. Харин гаргасан шийдвэр нь монголчуудын талд л байгаасай даа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив