Х.Баттулга “Монголиан Эйрлайнс”-т нислэгийн зөвшөөрөл олгожээ
2013 оны 2 сарын 7
 	 Х.Баттулга “Монголиан Эйрлайнс”-т нислэгийн зөвшөөрөл олгожээ
Улс төрийн хүрээнийхэн ойрын өдрүүдэд МИАТ-ийг тойрсон асуудлаар будлиантай, бужигнаантай байна. МИАТ-ийн удирдлагууд мөнгө угааж, улсад долоон сая орчим ам. долларын хо¬хи¬рол учруулсан хэргээр есөн хүнийг цагдан хориод байгаа. Үүнтэй зэрэгцэн МИАТ-ийг хувьчлах, эс хувьчлах асуудлаар АН, МАН-ынхан санал зөрөлдөж байна. Түүгээр ч үл барам МИАТ-ийн удирдлагууд мөнгө угааж байгаа талаар 2010 оны нэгдүгээр сарын 7-нд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас хуулийн байгууллагад хандсан ч өнөөг хүртэл нуун дарагдуулсан хэрэг ч сөхөгдөх болов. МИАТ-ийн эл асуудалтай” Монголиан Эйрлайнс” гэх хувийн компанийн асуудал ч дэлгэгдэх нь тэр.

МИАТ-ийн удирдлагууд мөнгө угаасан хэргийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас хуулийн байгууллагад мэдэгдэж 23 хуудас материал хүргүүлээд байхад түүнийг илрүүлээгүй хэрэгт тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржийг буруутгаж байгаа. Харин тэрбээр “МИАТ-тэй холбоотой яригдаад байгаа асуудлаар ямар нэгэн бичиг ирж байгаагүй. Тухайн үед Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас цагдаагийн байгууллагад бичиг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллагад ирж байгаа бичиг болгон надад танилцуулагддаггүй. Ер нь шалгагдаж байгаа асуудал болгоныг Хууль зүйн сайд тодруулах боломжгүй. Хэрэв энэ талаар яриад эхэлбэл улс төрийн зорилготой болоод явчихна. Хоёрдугаарт, мөрдөн байцаах хэрэг бүртгэх ажлын нууц задарна. Хэрвээ цагдаагийнхан хэргийг нуун далдалсан гэж үзэж байгаа бол прокурорт яагаад хандаагүй юм” хэмээсэн юм.

Ямартай ч Зам тээврийн сайд А.Гансүхийн хэлснээр үнэхээр 23 хуудас материалыг цагдаагийнханд өгсөн юм бол яагаад өнөөг хүртэл дуугүй суугаад байсан юм бэ. Тэрбээр тухайн үед Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд байсан хүн. Яагаад одоо дуугарах болов. Үнэхээр л МИАТ-ийн асуудлыг олонд дэлгэх сонирхолтой байсан юм бол сонгуулийн өмнө яагаад дуугарсангүй вэ. Хэрэв тэр үед дуугарсан бол түүний хувьд томоохон сурталчилгаа болох байсан. Гэтэл ийм боломжийг ашиглахгүй, дуугүй байсан нь хачирхалтай. Хэрэв тэрбээр тухайн үед прокурорт хандсан бол АН угшилтай Д.Дорлигжав Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байгаа. Улс төр, бизнесийнхний оролцсон томоохон хэрэг гэж үзэж байгаа МИАТ-ийг хянан шалгах бүрэн боломж түүнд бий. Хэрэв Ц.Нямдорж болон цагдаагийнхан нуугаад байсан юм бол хэвлэлийн хурал зарлаж, олонд дэлгэх боломж байсан.

Эсвэл үүний цаана хэн нэгний эрх ашиг байв уу. Энэ мэтчилэн олон асуулт ар араасаа хөврөх болов. Олон олон асуултын нэг нь МИАТ-ийг сүүдэр мэт дагах “Монголиан Эйрлайнс”-ийн асуудал. Уг компанийг анхнаасаа МИАТ-тэй ижил нэр өгч, түүнд нислэгийн зөвшөөрөл олгох болсон нь мөнөөх 23 хуудас материалыг хав дарах шалтгаан байв уу. “Mongolian Airlines Group” компани анхны нислэгээ 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд хийсэн нь олны анхаарлыг татаж байгаа юм. Түүгээр ч үл барам Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хэлснээр “Монголиан эйрлайнс” компанийн онгоцыг Токиод буухад буултын зардлыг МИАТ-ээс нэхсэн тохиолдол гарч байсан гэж байгаа. Тэгэхээр Улсын бүртгэлийн газар яагаад уг компанид МИАТ-тэй ижил нэр олгов. Ижил нэртэйг нь мэдсээр байж Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга яагаад нислэгийн зөвшөөрөл олгов. Энэ талаар Х.Баттулга “Анх “Монголиан Эйрлайнс” компанийг орон нутагт өрсөлдөөнийг бий болгож, орон нутгийн иргэдийн зорчих тасалбарын үнийг бууруулах зорилгоор дэмжиж, зөвшөөрөл өгсөн” хэмээн намын нөхөддөө тайлбарласан байна. Зарим эх сурвалжийн хэлснээр түүнийг орон нутгийн иргэдэд санаа тавьсандаа биш, өөрийн хувь оруулсан “Монголиан Эйрлайнс”-ийн ашиг орлогыг бодсондоо олгосон гэх. Учир нь “Монголиан Эйрлайнс” группын хувьцааг “Бодь интернейшнл” групп, МАК, “Женко” групп эзэмшдэг гэж байгаа. Тэгэхээр МИАТ-ийн хувьчлалын талаар яригдаж байгаа энэ үед “Монголиан Эйрлайнс”-ийн асуудлыг ярихгүй өнгөрч болохгүй юм. Хэрэв МИАТ-ийг хувьчилбал ижил нэртэй хоёр хувийн компани нислэг үйлдэх болж байна. Тиймээс л МИАТ-ийг хувьчлахгүй гэсэн байр суурь дээр АН-ынхан зогсож байгаа бололтой.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив