М.Энхсайхан, О.Цолмон хоёр Ц.Элбэгдоржийг хавсарч унагаах гэнэ
2013 оны 2 сарын 18
М.Энхсайхан, О.Цолмон хоёр Ц.Элбэгдоржийг хавсарч унагаах гэнэ
Могой жил гарав уу үгүй юу Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар чих дэлсэх болов. АН-ынхан Шилийн богд, Бурхан халдун явж хийморио сэргээн, тангараг тавих гэнэ хэмээн шуугихын зэрэгцээ МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэж байгаа гэх сураг дуулдлаа.

М.Энхсайхан 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин МАХН-ын дарга Н.Энхбаяртай өрсөлдөж, ялагдал хүлээж байсан. Түүний ялагдах болсон шалтгаан нь намын нөхөд нь түүнийг ганцааранг нь гал руу түлхсэн хэмээн үзэх нь бий. Харин төд удалгүй намаасаа хөөгдсөн юм. Тэрбээр ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Харин АН-аас хөөгдөж байх тэр агшинд ардчилалтай хамт зүтгэж явж ирсэн анхны лидерүүд л намайг хамгаалах байх гэж хүлээж байсан гэдэг. Гэтэл тэр хүлээлт талаар болсон. Тэр үед эд нар үнэн хэрэгтээ хүнд үе тулгархад дор хаяад хүний ёсоор хандахгүй улсууд юм байна гэдгийг ойлгосон хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг.

Тэрбээр Үндэсний шинэ нам гээчийг байгуулж, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.ЭНхбаярыг дэмжиж ажилласан. Тухайн үед тэрбээр Ц.Элбэгдорж бол АН-ын лидер, харин Н.Энхбаяр Монголын лидер хэмээн Н.Энхбаярыг сурталчилж байлаа. Гэвч Н.Энхбаяр нь Ц.Элбэгдоржид ялагдсанаар М.Энхсайхан, Н.Энхбаяр нарын нөхөрлөл гүнзгийрсэн байх талтай.
УИХ-ын 2012 оны сонгуулийн сургаар М.Энхсайхан ҮШН гэдэг нэрээ МҮАН болгон өөрчилсөн. Харин МАХН нэрээ МАН болгон сольсон ууган намын тугийг барьж явсан Н.Энхбаяр МАХН нэрээ хэвээр авч үлдэнэ хэмээж намаасаа гарч туурга тусгаарласан. Ингэснээр Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр УИХ-ын 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвсэл байгуулан оролцож багагүй амжилтад хүрсэн буюу одоогоор УИХ-д 11 суудалтай байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд хоёул нэр дэвших бүрэн боломжтой болсон юм. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр нь шүүхээс ял сонссоноор М.Энхсайхан нүүр буруулж эхэлсэн. Ямар сайндаа л “Би Н.Энхбаярыг хэлмэгдсэн гэж бодохгүй байна” гэж хэлэх вэ дээ. Түүнийг ингэж хэлэхэд олон нийт гайхаж байсан бол улс төрийн хүрээнийхэн М.Энхсайханы унаган зан нь тэр хэмээн тавлаж байлаа.

“Шударга ёс” эвсэл АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан учир МҮАН-ын дарга М.Энхсайханыг Шадар сайд, Сангийн сайд, Монголбанкны дэд ерөнхийлөгч болно хэмээн яригдаж байсан ч түүнийг аль ч албан тушаалд томилохгүй нэг хэсэг зовоосон. Энэ нь М.Энхсайханы АН-аас хөөгдсөнтэй холбоотой байсан ч байж болох. МАХН-ынхан намын даргаа өмөөрч, засгаас гарна хэмээн сүрдүүлэх явцад АН-ынхан арайхийж нэг юм М.Энхсайханыг “Монголын төмөр зам”-ын даргаар томилсон. Гэвч төд удалгүй түүнтэй хамтарч ажиллах боломжгүй хэмээн ажлаас нь халчихав. Үндсэндээ М.Энхсайхан гэдэг хүн АН-ын тоглоом болсон нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хийж буй ажил гэх нэг нь байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулга гэх хүн ч бий. Тиймээс хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН-ын дарга М.Энхсайхан нэр дэвшиж Ц.Элбэгдоржтой өрсөлдөх тухай яригдаж байна. Учир нь одоогийн Ерөнхийлөгч маань АН-аас нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа юм.

Нөгөө талаас МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдпэг яриа тун эрчимтэй тархаж байна. Тэрбээр өөрийн нөхөр Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор шийдгэсэн хэмээн үзэж байгаа нэгэн. Тэгэхдээ бүр Ц.Элбэгдоржийн явуулгаар хийсэн үйл ажиллагаа хэмээн олонд зарласан. МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурав хоног үргэлжлэн шүүсэн шүүх хурлын дараа буюу шөнийн 01.30 цагт О.Цолмон TV-9 телевизээр шууд ярилцлага өгсөн. Тэрхүү ярилцлагадаа “Энэ бол Ц.Элбэгдоржийн зүгээс явуулж буй явуулга” хэмээн чангаар хэлсэн. Түүгээр ч үл барам “Ц.Элбэгдоржийг ажил төрөл ч үгүй байхад нөхөр минь түүнийг Ерөнхий сайд болгож байсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдонгуутаа манайд ирж, тэврэлдэж үнсэлцэж л байсан. Гэтэл одоо нөхөрт маань ийм хариу барьж байна” хэмээсэн юм.

О.Цолмонгийн хувьд нөхрөө улс төрөөс арчигдах вий гэхээс маш их айсан. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт шүүхээс 4,6 жилийн хорих ял оноосны дараа О.Цолмон хүү Э.Батшугарыг асар богино хугацаанд Монголбанкны дэд ерөнхийлөгч болгосон. Энэ нь түүний улс төрд эзэлсэн нөхрийнхөө байр суурийг авч үлдэх бага ч болов оролдлого хэмээн зарим хүн хэлдэг. Шат шатны шүүхэд давж заалсан ч Н.Энхбаяр эцэстээ 2,6 жилийн ялыг эдлэхээр болсон. Тэгэхээр монголчуудын дунд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялах магадлалтай хэмээгдэж байсан Н.Энхбаяр сонгуулийн үеэр шоронд байх нь тодорхой болов. Харин түүний оронд Н.Энхбаярын эхнэр О.Цолмон өрсөлдөх гэнэ гэдэг яриа мөн л олны анхаарлыг татаж байгаа. О.Цолмонг монголчуудын төлөө сонгуульд өрсөлдөнө гэдэгт итгэх хүн тун ховор байна. Түүнийг зөвхөн нөхрийгөө улс төрийн тавцангаас түлхэн унагасан Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдөөс нөхрийнхөө хариуг авч, түүнийг унагах гэж сонгуульд өрсөлдөх гэж байна хэмээн үзэж байгаа юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив