Ерөнхий сайдын “том” сэтгэлгээ
2013 оны 2 сарын 20
Ерөнхий сайдын “том” сэтгэлгээ
Ард олондоо “Хийгүй Ерөнхийлөгч” хэмээн нэрлэгдсэн Н.Багабандийг Оюутолгойн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх гэж байгаа талаар мэдээлэл цацагдах болов. Учир нь тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд ТУЗ-ийн ажлаа сайн хийж чадаагүй гэнэ. Харин зарим эх сурвалж үүнийг нь АН-ынханы ээлжит халаа сэлгээ хэмээн тайлбарлаж байгаа юм. Н.Багабандийг чөлөөлөх асуудал Засгийн газрын төвшинд ч яригдаж байгаа гэх. Гэхдээ чухам яагаад Н.Багабандийг чөлөөлнө гэж гэдэг асуулт гарч ирэх болов.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газар Монголын аль амттай, өөдтэй өнгөтэй албан тушаалд АН-ын гишүүдийг суулгасан. Эхэндээ Ерөнхий сайд өндөр албан тушаалтай хүмүүсийг шууд халж байсан бол сүүлдээ тухайн албан тушаалд сууж байгаа хүнээр өөрөөр нь өргөдөл бичүүлэх аргад шилжсэн. Харин одоо Н.Багабандийг хэрхэн чөлөөлөх нь сонирхол төрүүлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас том эрх мэдэлтэй болсон Рио Тинто-гийнхон манайхыг ТУЗ-ийн гишүүнээ өөрчлөхийг зөвшөөрөх болов уу. Үүнийг хэлж байгаагийн учир нь монголчууд өнөөдөр Рио Тинтод нөлөөлж чадахаасаа өнгөрсөн юм биш үү гэсэн олны үгнээс үүдэлтэй юм.

Энэ сарын эхний өдөр буюу хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд мэдээлэл хийсэн. Үүний дараа хоёрдугаар сарын 6-нд Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн хурал болов. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар орж тодорхой асуудлыг тавьсан ч тэр хүрээнд асуудал шийдвэрлэгдээгүй, дахин энэ сарын сүүлээр хурал зарлахаар боллоо гэхээс өөрийг хэлээгүй.

Харин ч Рио Тинтогийнхон Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ Оюутолгойн талаар ард иргэддээ буруу ойлголт төрүүлсэн тул уучлалт гуй ухааны юм ярьсан гэж байгаа. Юун гэрээг өөрчлөх, юун хөрөнгө оруулалт яагаад өссөнийг тодруулах, харин ч манай Засгийн газар урьдчилгаа төлбөр болгон зээлсэн 250 сая ам.долларыг татварын орлогоос суутган тооцохоор тохирсон нь ажил хэрэг болоогүйг сануулаад уг мөнгийг 2012 оноос татварын орлогоос суутгаж тооцно гэдгээ мэдэгджээ. Манайхан нэг иймэрхүү л хэлэлцээр хийсэн.

Харин үүнийгээ булзааруулах гэсэн үү. Тэд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс Н.Багбандийг чөлөөлөх талаар ярилцаж байгаа нь инээдэмтэй ч үнэндээ эмгэнэлтэй гэмээр. Ганцхан сарын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд оролцож хэдэн сайд нарыг загнахдаа “Хоёрын хооронд жижиг юмаар битгий оролдоод бай, том сэтгээч” хэмээж байсан. Харин Н.Алтанхуягийг хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийх үеэр АН-ын зарим гишүүд Н.Багабандийг чөлөөлөх талаар дурьдсан гэх. Тэдний үгийг дагаж буй Ерөнхий сайдын “том сэтгэлгээ” нь Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс Н.Багабандийг халах бололтой. Тэр яагаад Монголыг төлөөлж байгаа гурван гишүүнийг гурвууланг нь чөлөөлнө гэж хэлж чадахгүй байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Хас” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганболд нарыг яагаад дурьдахгүй байна вэ. Мэдээж хэрэг Ерөнхийлөгчийн хүн болох П.Цагааныг оролдож чадахгүй. Оюутолгой төслийг хэрэгжиж эхэлсэн цагаас нь дуугүй байж байгаад энэ жил хэлд орсон Ерөнхийлөгч маань үүнийг тэвчихгүй.

Нөгөө талаарЕрөнхий сайд аа, Та Н.Багабандийг оролдож байхаар өөртөө ойрхон байгаа Ерөнхийлөгчөөс нэг зүйлийг асуувал ямар вэ. Оюутолгойн гэрээ хийгдэх үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Ц.Элбэгдорж дөрвөн жилийн турш яагаад дуугүй байв гэдгийг асуугаарай.

Ц.Элбэгдорж өнгөрсөн оны сүүлд “Оюутолгойн гэрээг одоо оролдох хэрэггүй. Нэг охиноо айлд өгчихсөн гэж бодоод өнгөрчих” хэмээн байсныг монголчууд бүгд сонссон. Гэтэл гэнэт Оюутолгойг эргэж харах ёстой хэмээн хэлд орсон тэрбээр Оюутолгойгоор улс төр хийж байна гэх хүн олон байна. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань Оюутолгойн гэрээг сайжруулж, монголчуудын эрх ашгийг хамгаалахаас илүүтэй улс төрийн шоу хийгээд байгаа юм биш биз.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив