Хоёр нам нэгдвэл аль нэрээ сонгох вэ
2013 оны 2 сарын 20
Хоёр нам нэгдвэл аль нэрээ сонгох вэ
МАН, МАХН хоёр нэгдэх гэнэ. Ийм материал хэвлэлүүдээр цацагдах болов. МАН, МАХН нэгдэх тухай саналыг УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Р.Раш тэргүүтэй МАН-ын шинэхэн жигүүр болох “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-ны залуус гаргаж, МАН-ын дарга Ө.Энхтүвшин болохгүй гэх зүйлгүй хариуг өчигдөрхөн өгсөн гэнэ.

Хэрэв Ө.Энхтүвшин үнэхээр хоёр намыг нэгтгэх санаатай байгаа юм бол намуудын нэгдлийг дагасан олон асуулт гарч ирж байна. Бас эсэргүүцэх хүн олон байгаа тул нэгдтэл нэлээд асуудал бий. Хамгийн ойрын жишээ гэвэл улс төрийн ууган хүчин өнгөрсөн 2010 онд 90 жилийн ойн босгон дээрээ 26 дугаар Их хурлаа хуралдуулж, Монгол Ардын Нам /МАН/ хэмээх уугуул  нэрээ сэргээсэн. Хувьсгалт гэдэг үгийг намын нэрээсээ авч хаясан МАН-ынхан хундага тулгаж байхад, МАХН-ын гишүүн хэвээр үлдэнэ хэмээсэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэсэг нөхдийн хамт намаасаа гарч хагас жил гаруй хөөцөлдсөний эцэст МАХН нэртэй шинэ нам байгуулсан. Ууган намын зарим гишүүд намын нэрээ солих нь эрсдэлтэй хэмээж байсан боловч тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүх “Хэрэв намын нэр сольсноос ирэх сонгуульд нам ялагдал хүлээвэл хариуцлагаа би өөрөө хүлээнэ” хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү намын залуу генсекийн зоримог үгийг сонссон намын нөхөд нь түүнийг итгэл үнэмшилтэйгээр дагасан билээ. Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд намаасаа өрх тусгаарлахад зарим хүн “Улс төрийн хүчин байтугай, эр эм, эрүү толгой хүртэл салдаг” явах нэг нь явж л байг хэмээж байлаа.

Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болох нь тэр. МАН-ыг МАХН байх үед Монгол төрийн бүх өндөр албан тушаалд сууж үзсэн Н.Энхбаяр өөрийн тусгаар тогтнолоо зарлаж, ууган намын гишүүдийг хоёр хуваах нь тэр. “Авлигалын загалмайлсан эцэг” хэмээх нэр зүүсэн түүнийг олон нийт эхэндээ ч нэг их дагахгүй байсан ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-ны шөнийн дуулиант баривчилгаанаас үүдэн олон нийт МАХН-ын зүг хошуурсан. Төрийн тэргүүн байсан хүнээ хөл нүцгэн, бор оймсыг нь гозолзуулан өргөн одсон АТГ-ынханы үйлдэл түмний нүдэн дээр ил болсноос тэр. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг УИХ-ын сонгууль болохоос хоёрхон сарын өмнө баривчилсан нь түүнийг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хэмээн итгэх нөхцөл нь болсон юм. Гэсэн ч бүх шатны шүүх Н.Энхбаярыг буруутай хэмээн үзэж одоо тэрбээр 2.6 жилийн хорих ял эдлэхээр хүйтэн торны цаана сууж байна. Өргөст торны цаана хоригдсон цагаасаа эхлэн Н.Энхбаяр зүгээр суугаагүй. Олон хоног өлсгөлөн зарлаж, ард олонд захидал бичиж байсан түүнийг өмөөрөх монголчууд ч хүрээгээ тэлж, эцэстээ 100 ээж өлсгөлөн зарлахаа илэрхийлж, арав гаруй нь өлсөөд амжсан.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ө.Энхтүвшин хоригдож байгаа Н.Энхбаяртай уулзаж ийм тохиролцоонд хүрсэн гэж байгаа. Олны дунд өөрийгөө амьд байгааг үргэлж шахам мэдрүүлж байгаа Н.Энхбаяр мартагдахыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Тэрбээр МАН-аас гарч, МАХН-ыг байгуулснаараа “том” дуугарсан У.Хүрэлсүхд хариуг нь өгсөн гэж хэлж болно. М.Энхсайханы МҮАН-тай нэгдэж “Шударга ёс” эвсэл байгуулснаар УИХ-д 11 суудалтай болж чадсан. Хэний ч санаанд оромгүй, танихгүй, мартагдах шахсан хүмүүсийг УИХ-ын гишүүн болгож чадсан тэрбээр торны цаанаас Монголын улс төрд цаг үргэлж оролцож байсан бөгөөд одоо ч оролцсоор байна. Тиймээс л мөр зэрэгцэн явсан МАН-ын дарга Ө.Энхтүвшиний толгойг эргүүлж чадсан байж болох.

Гэхдээ Ө.Энхтүвшин үнэхээр хоёр намыг нэгдэх асуудлын хариуг ганцаар өгсөн үү гэдэг нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Р.Раш нарын намдаа гомдогсод иймэрхүү алхам хийж болох. Гэхдээ тэдний дээр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал гэхчилэн шат шатны удирдлагууд бий. Түүнчлэн Сү.Батболд, С.Баяр, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх гээд намын нэгдлийг эсэргүүцэх хүмүүс ч бий. Тэдэнтэйгээ зөвлөлдөхгүйгээр Ө.Энхтүвшин ийм шийдвэр гаргахгүй л болов уу.
Үгүй яах вэ. Өөх ч биш, булчирхай ч биш явж байснаас хоёр намаа нэгтгэе хэмээн шийдсэн байж болох. Харин эхлээд нам дотор эсрэг бодолтой байгаа хүмүүсийг аргалах хэрэгтэй болох байх. Түүний дараагийн том асуудал бол намын нэр. МАН, МАХН нэгдлээ гэхэд аль нэрээ сонгох вэ. Арайхийн “Х” үсгээ авч хаячихаад одоо МАХН нэрийг сонгохгүй нь лавтай. Гэтэл МАХН нэрийг ч арай гэж олж авсан Н.Энхбаяр хайртай нэрээ зүгээр хаячихгүй. Үүнээс үүдээд хоёр намын нэгдэх нь нэлээд ярвигтай асуудал дагуулах вий.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив