МАН бол их мөрөн. МАХН шиг шалбаагтай нэгдэхгүй
2013 оны 2 сарын 21
МАН бол их мөрөн. МАХН шиг шалбаагтай нэгдэхгүй
МАН, МАХН-тай нэгдэх гэнэ гэсэн яриа сүүлийн үед хүчээ авав. Харин өчигдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж орно гэснээр энэ шуугианыг багахан ч болов дарлаа. Гэхдээ л наанаа Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарч ажиллана хэмээж байгаа ч хоёр намын нэгдэх үндэс тавигдлаа хэмээн хүн олон байна.
Зарим эх сурвалжийн хэлсэнчлэн ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-аас нэр дэвших нь тодорхой болов. Тус сонгуульд ИЗНН-ынхан АН-ыг дэмжиж орно гэдгээ бараг илэрхийлчихээд байгаа. ИЗНН-тай эвссэн ч, эвсээгүй ч Ц.Элбэгдорж дийлдэхээсээ нэгэнт өнгөрсөн. Тиймээс хоёр нам нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хэрэгтэй гэнэ. Ийм шийдвэр гаргасан МАН, МАХН-ын тухай сонссон зарим нэг нь тэднийг тавлаж сууна.
Учир нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан намаасаа гарахдаа юу хэлж, яаж авирлаж байсан билээ. Тэдний хэрүүлийн чимээ өнөөг хүртэл тасраагүй байгаа. Тэр бүү хэл намаасаа өрх тусгаарласныхаа буянаар ууган намын гишүүдийг хоёр хувааж, УИХ-д тодорхой хэмжээний суудалтай болсон. Ингэснээрээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг амьтай, амьгүй нь мэдэгдэхгүй болгочихсон. УИХ дахь МАН-ын гишүүд хэчнээн чанга хашгирсан ч тэдний үг босго давахгүй болчихоод байгаа нь нууц биш. Олон нийт үүнийг нь МАХН-ынхны “гавьяа” хэмээж байгаа. Намаасаа өрх тусгаарлаж, засгийн эрхийг барилцаж яваа тэд өнөөдөр чухам яагаад эргэж буцав. Угтаа монголчууд “Хаясан шүлсээ залгидаггүй” гэдэг дээ. Харин МАН, МАХН-ынханд ийм зүйл огт хамаагүй бололтой.
Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчид хэмээх нэрээ баталж, түүнийг даган хэсэг нөхөр намаасаа гарсан. Тэд МАН-аас гарч МАХН-ыг байгуулагмагцаа тухайн үед засгийн эрх барьж байсан төрөлх МАН-ыгаа аюултай олигархи бүлэг хэмээн нэрлээд төр засгаас буулгая гэж олныг тэмцэлд уриалж байсан. Тэр бүү хэл Н.Энхбаяраас эхлээд МАН угшилтай нөхөд журмын нөхдийнхөө улыг шагайж, авлигачаас эхлээд далан долоон булчирхайг нь дуудаж байв.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал МАН-ыг МАХН нэртэй байхад Эрүүл мэндийн дэд сайдаас эхлээд томоохон албан тушаал хашиж явсан нэгэн. Гэтэл тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараа “Олигархжсан, авлигачдын төрийг нурааж ард түмнийхээ төрийг байгуулъя” хэмээн уриалж явсан. Түүгээр ч үл барам “Долдугаар сарын 1”-ий талаар “Тэр үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Д.Лүндээжанцан, С.Баяр нарын гишүүд, улстөрийн намуудын дарга нар мэдэж байгаа бүхнээ үнэн зөвөөр нь хэлэх ёстой” гэхчилэн МАН-ын удирдлагууд руу чиглэсэн үгсийг үргэлж шахам хэлж байлаа. Тухайн үед Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан эргэж хэзээ ч МАН-тай нэгдэхгүй хэмээж байсан. Харин одоо хоёр намын ахмад гишүүд удирдлагууддаа нэгдэх талаар өргөх бичиг барьж явна. Эх сурвалжийн хэлснээр тэдгээр ахмадуудыг хэн нэг нь удирдаж байгаа гэх. Хэрэв ахмадууд цаанаа удирдагчтай юм бол тэднийг удирдаж чадах хүн нь хэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар лав биш. Тэгвэл тэднийг хэн хөдөлгөв.
Улс төрд мөнхийн нөхөр, эсвэл мөнхийн дайсан байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж бий гэдэг. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болчихоод эвцэлдэж чадахгүй, эцэстээ хоёр хуваагдсан МАН, МАХН-ын нэгдэх шуугиан олон асуулт дагуулсаар. Гэхдээ тэд бүрмөсөн нэгдэхгүй гэдэг нь үнэн. Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын МАН-ын зарим лидерүүд “Хэрэв хоёр нам нэгдвэл намаас гарна” гэж хэлсэн гэх сураг бий. Түүнчлэн Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нэгэнтээ "МАН бол их мөрөн. МАХН бол их мөрнөөс тасарсан шалбааг. Их мөрөн шалбаагтай хэзээ ч нэгдэхгүй" хэмээн хэлж байсан. Нөгөө талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин намын ахмадууддаа "Би хувьдаа хоёр нам нэгдэж ажиллахыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ асуудлыг намын Удирдах зөвлөлөөр авч хэлэлцэнэ" гэх дэндүү бөөрөнхий үг хэлсэн нь эргэлзээ төрүүлсээр...

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив