Их Монголын ханхүү
2013 оны 2 сарын 21
Их Монголын ханхүү
Хөлгүй цэнхэр нуурын торгон мандлаас Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан. Тэрбээр өнөөдөр 33 нас хүрч байна. С.Жавхлан улс төрд орлоо, С.Жавхлан эхнэрээсээ саллаа, С.Жавхлан дахин гэрлэлээ, С.Жавхлан шинэ дуу хийлээ гэхчилэн түүний талаархи мэдээлэл хэзээ ч тасарч байсангүй. Магадгүй зарим нэг нь Монголд од байдаггүй хэмээдэг бол С.Жавхлан Монголд од байдаг гэдгийг харуулж чадсан монгол залуу. Дөнгөж гуч гарч яваа энэ залуу зохиолын дуу уналтад орж, бараг 80 настай буурал ч тоож сонсохоо байсан үед цэцэглүүлж чадсанаараа жинхэнэ од болон гялалзсан нэгэн. 2000-аад оны үеэс хаана л явна С.Жавхлан, Т.Баясгалангийн дуу хангинаж байдаг байлаа. Хот хөдөө хаа явсан ч хүн бүхэн амандаа С.Жавханлангийн дуу аялаж байв. Тэрбээр эх орон, ээж, аав, хайр энэрэлийн дуугаар Монгол оршин тогтнохын үндэс, монгол хүн байхын учрыг өгүүлж байсан юм. Тиймдээ ч монголчууд С.Жавхланг “Зохиолын дууны ханхүү” хэмээн нэрлэсэн биз ээ.

Есөн есийн жаварт өнгөжих арав дахь эрдэнэ



Одоогоос 33 жилийн тэртээ буюу 1980 оны энэ өдөр монголчуудын хайртай хүү С.Жавхлан таван хүүхэдтэй Д.Самандын дөрөв дэх хүүхэд болон хорвоод мэндэлжээ.
Монгол хүн хөх толботой төрдөг бол монголчуудад өнөөдөр монголчлол гэдэг үгийн утгыг ойлгуулахаар тэмцэж яваа С.Жавхлан эхээс төрөхдөө бүх бие нь хөх төрсөн гэдэг. Уйлахаараа бүр их хөхөрнө. Тиймээс аав нь хүүгээ Жавхлан хэмээн нэрлээд, хүний нүднээс нуун байж өсгөжээ.
Уярал, ухаарал хайрласан С.Жавхлангийн дуулсан дууны шүлгийн ихэнхийг нь өөрөө бичсэн байдаг. С.Жавхлангийн аав Д.Саманд нь зохиолч хүн байсан. Тиймээс аавынх нь шөнөжин тогших бичгийн машины дуу өнөө хэр нь түүний чихэнд сонсогддог. Үүр цайтал бичсэн аавынхаа зохиол бүрийг С.Жавхлан уншдаг байсан нь хожмоо дуулах дууныхаа шүлгийг өөрөө бичихэд нь нөлөөлсөн болов уу.


Дуучин С.Жавхлангийн бага нас эгэл жирийн хөдөөний хүүгийн адил өнгөрсөн юм. Тэрбээр аавынхаа ээжийн дэргэд ааруул, боорцог идэж өссөн монгол хүү. С.Жавхлан дунд сургуульд байхдаа өнөөгийнх шиг од байсангүй. Увс аймгийн хоёрдугаар 10 жилд сурдаг тэрбээр жирийн л дундаж сурлагатай хүүхэд байлаа. Даруухан, бүрэг, ноомой хэдий ч уран зохиолын хичээлд сонирхолтой, аливааг ургуулан боддог, элдэв зүйлд хянамгай, няхуур хүүхэд байсан юм. Энгийн нэгэн тав, зургаан настай хүү “Аав аа, ес эхэллээ гээд байх юм. Тэгээд 10 хэзээ эхлэх юм бэ” хэмээн тэр бүр асуухгүй. Тэгвэл балчир С.Жавхлан энэ үгийг ааваасаа асуусан байна. Хариуд нь Д.Саманд “Есөн есийн жаварт өнгөжих арав дахь эрдэнэ нь чи шүү” хэмээн дэвтэртээ бичиж үлдээсэн байдаг.



Эмээгийнхээ дэргэд өссөн 12 настай хүүгийн эмээ 1992 онд энэ орчлонгоос явсан нь С.Жавхланд ирж, буцдаг хүний орчлонгийн жамыг мэдрүүлсэн юм. Эмээгээсээ өөр түших хүн хорвоод байхгүй юм шиг бодож явсан хүүд боорцог ааруулханаар дүүргэн аягаласан эмээгийн цай, хайр энхрийлэлээр дүүрэн үнсэлт нэг л өдөр үгүй болсонд орчлон хөмөрчих шиг санагдсан биз ээ. Тэр жил С.Жавхлан үхрээ туугаад зуслан руу гарч явахдаа маш их аянгатай таарч нохойтойгоо цуг мориныхоо дор сууж амь гарч байснаас ч илүү аймшиг бол эмээгээсээ хагацсан өдөр байсан юм.

Өдрөөс өдөрт хэрсүүжих түүнийг аавынх нь найзууд, айл хөршийн өвгөцүүл “Самандын энэ жижиг шар нэг их айхтар нөхөр болно доо” гэж хэлдэг байсан нь өнөөдрийн С.Жавхланг нутгийн хөгшид урьдчилан харж байсан гэмээр.

Уй гашуу дороос ургасан наран



Увс нутгийн хүү санамсаргүй тохиолдлоор Ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит дууны тэмцээнд оролцсон нь түүний алдрын анхны тавцан байлаа. Тэрбээр Г.Хайдав багшийнхаа урилгаар СУИС-д элсэн орсон юм. Оюутны ангийн охин Т.Баясгалантай хослон дуулсан нь олны сонорыг мялааж, нүдийг баясгасан юм. "Мөнхрөх ч биш дээ хоёулаа", "Насны хайр", "Хонгорхон үр минь", "Насан багын дурсамж" зэрэг түүний дуу монголчуудыг байлдан дагуулж чадав. Найман настай балчираас, наян настай буурал хүртэл түүнийг биширч, хайрлан хүндэлж байлаа. Оюутны ширээний араас од болон гялалзсан түүнийг монголчууд нэг л өдөр зүгээр явуулахаа больж, гудамжинд таарсан болгон гарын үсэг гуйдаг болов. Дэндүү их хайр хүндэтгэлийн дор явсан С.Жавхланг нэг л өдөр бараан үүлс нөмрөх нь тэр. Энэ бол 2001 он байлаа. Орчлонд дуу хадаан мэндлэх үед нь хамгийн ихээр баярлаж, хайр энхрийлэлд өлгийдөн өсгөсөн аав ижий хоёр нь энэ орчлонгоос халин одов. Гэрэлт орчлон харанхуйлах тэр мөчид С.Жавхлан монголчуудын хайрын хүчээр зовлонгийн өмнө сөрөн зогссон юм.


Хэрэв С.Жавхлан хэн ч биш байсан бол түүнийг хэн түшиж, тэрбээр ийм их эрч хүчтэйгээр амьдарч чадах эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл тухайн үед С.Жавхланд монгол ахан дүүс, эх орон нь байсан юм. Хамгийн чухал нь тэрбээр түмний хайр итгэлийг ухамсарлах, тэдний хүндэтгэлийг зөвөөр хариулах тунгалаг мэлмий, холч ухаантай нэгэн байв.
С.Жавхлан 2003 онд СУИС-аа төгсөв. Хонхны баярын өглөө сургуулиасаа гарч ирэхэд үеийн нөхдийнх нь ээж аавууд хадаг яндар барьж хүүхдээ “Сайн дуучин болоорой” гэж ерөөж байлаа. Харин С.Жавхлан ганцаараа зогсож байв. Тэр үед тэрбээр ургах улаан нарыг удаан ширтэж зогсоод, хөх тэнгэр, ижий аавтайгаа ярьж байсан юм. “Аав аа, ээж ээ, хүүгээ харж байна уу. Хүү нь чадлаа” хэмээн шивнэж зогслоо. Яг энэ үед тэрбээр “Намайг эх орон, газар шороо минь дааж явдаг. Намайг монголчууд харж байна. Миний цорын ганц өрсөлдөгч бол цаг хугацаа юм” гэдгийг ойлгосон юм.

Монголчлолын төлөө тэмцэгч

С.Жавхланг алдар хүндтэй болгосон нь дээд тэнгэр, алтан шар нарны хүсэл байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрбээр өнөөдөр монгол ухаан, монгол зан заншил, монголчлолыг бий болгох гэж тэмцэж явна. Хэрэв С.Жавхлан биш өөр хэн нэг нь ийм их үйлсийн төлөө дуугарсан бол хэн ч сонсохгүй. Харин С.Жавхланг монголчууд сонсож байна. Жирийн нэгэн монгол залуу гэнэт яагаад монголчлолын төлөө тэмцэгч болсон түүх нь уярмаар.


С.Жавхлан 2006 онд Өвөрмонголд очиж тоглолт хийсэн юм. Тэгэхэд С.Жавхлан 8000 долларын үнэтэй костьюмтай явсан. Тэр үед С.Жавхлан Монголд байхгүй Хаммер жийп хөлөглөдөг байлаа. Гэтэл түүний тоглолтыг үзэхээр ирсэн 80 гаруй настай буурал “Чи тусгаар тогтносон Монголоос ирчихээд яахаараа гадаад хувцастай явдаг юм. Би үхэхээсээ өмнө нэг ч гэсэн охиндоо дээл яаж оёдгийг зааж сургах гэж зовж байна. Яагаад үндэснийхээ хувцсыг уландаа гишгэв” хэмээн хэлсэн гэдэг. Энэ үед С.Жавхлан тун их ичжээ. Үнэхээр түүний ухаарч амжаагүйг тэр буурай ичээж байж ухааруулсан юм. Тэр мөчөөс эхлэн “Би Монголын төлөө, монгол ухаан, монгол зан заншил, монголчлолыг бий болгохын төлөө зөвхөн дуулах биш, өөрт байгаа бүх боломжийг ашиглах хэрэгтэй” гэдгийг хамгийн ихээр ойлгожээ.



Түүнийг италичууд өөртөө урвуулахын тулд “Хоёр сая ам.доллар өгье” хэмээн нэг сар дагасан гэдэг. Харин С.Жавхлан “Та нар монгол хэл сур. Та нарт монголоор дуулах цаг ирнэ” хэмээн бардам хэлээд буцаасан юм. Үнэхээр монгол эр хүний уужуу ухаанаар хандсан хэрэг. Хэрэв түүнээс өөр, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй нэгэн байсан аль хэдийн Итали руу нисчихсэн байгаа. Харин С.Жавхлан бол ийм л хүн. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг авахаар очихдоо костьюм пиджак өмссөн нь олныг алмайруулсан үйлдэл байлаа. Гэтэл нэгэн сэтгүүлч “Та монголчуудыг үндэсний хувцсаа өмсөхийг уриалдаг хэрнээ өөрөө яагаад өмссөнгүй вэ” хэмээн асуухад тэрбээр “Дэлгэсэн тэрлэг шиг нутаг минь харийнхны гараар сэглэгдэж байна. Би дээлээ цоолохыг хүсээгүй” гэж хариулсан юм. Тухайн үед тэрбээр залуу хүний эрч хүч дүүрэн инээмсэглэлээр “Энэ цол намайг чимэх биш, би гавьяатыг чимэх болно” хэмээн бардамхан хэлж билээ. Үнэхээр ч дэлгэсэн тэрлэг шиг эх сайхан нутгийнхаа төлөө тэрбээр өнөөдөр тэмцэж явна. Ус мөрөн, уул уурхай, гал голомтоо ариун байлгахын төлөө тэр дуугарч байна.

2007, 2008 оны үед нэр төр, алдар гавьяа бүх зүйл С.Жавхлангийн дээрээс бороо шиг асгарч байлаа. Тэр л үед тэрбээр УИХ-ын 2009 оны нөхөн сонгуульд нэр дэвшив. Гол зорилго нь мөнөөх л мартагдах шахсан монгол зан заншил, өв соёл. Түүний өрсөлдөгч нь Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт байлаа. Тухайн үед Д.Зоригт Оюутолгойн гэрээ, С.Жавхлан монгол зан заншил, ядаж л монгол хүн дээлээ өмсөж сурах талаар уриалж байв. Сонгуулийн дүн гарахад С.Жавхлан өвдөг шороодож, Д.Зоригт ялалт байгуулж байлаа. Тэгвэл өнөөдөр Д.Зоригтын байгуулсан Оюутолгойн гэрээ ямар байдалтай байна вэ. Гэтэл монголчууд үндэсний хувцсаа хэрхэн дээдэлж байна вэ гэдгийг харьцуулахад тун хялбар байна. Хамгийн ойрхон жишээ бол саяхан болсон Цагаан сар. Өвөө эмээ, аав ээ, эхнэр нөхөр, үр хүүхэд бүгд л дээлээрээ гоёж байна. Тэгэхээр тухайн үед С.Жавхлангийн хэлсэнчлэн “Монгол дээл” ялагдаагүй гэдэг үг үнэн болов. Хэрэв тухайн үед С.Жавхлан ялсан бол монгол дээл, монгол зан заншил Төрийн хэмжээнд яригдах байлаа. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд төрсөн нутаг Увс аймагтаа очин нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Гэхдээ тэр увсчуудын өмнө биш мөнгөний өмнө өвдөг шороодсон юм.



Сайн нэрийг хүсэвч олдоггүй гэдэг. Харин сайн яваа нэг нь дутуу хүтүүтэй нэгэндээ хайр энэрэл, итгэл найдвар хайрлах нь зүйн хэрэг. Саяхан Хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавын “Хайранд мансуурсан аялгуу” тоглолт дээр С.Жавхлан гэнэтхэн л МУГЖ тэмдгээ гудигч үгүй тайлаад Б.Магсаржавт өгчихсөн. Хэрэв тэр гавьяа шагналын хойноос хөөцөлддөг байсан бол өнөөдөр Төрийн соёрхол хүртсэн байх байлаа. Гэтэл тэрбээр “Би энэ хүний маш олон дууг дуулж түмэнд хүргэсэн. Энэ хүний гавьяаг үнэлээгүй байхад, би зүүх нь ичгэвтэр байна” хэмээн тайлбарласан юм. Түүнчлэн С.Жавхлан цагтаа монголчуудыг уярааж явсан ч хараагүй, харж хандах нөхөд дутмагаас 20 жил гэртээ суусан дуучин Ч.Амаржаргалын тоглолтыг ивээн тэтгэж хийлгэсэн. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг л энэ.

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг. Түүний амьдрал нэр алдрын оргилд хүрсэн шигээ дардан байсангүй. Насныхаа ханиа гээд нэгэн бүсгүйг сонгосон ч энэ нь буруу сонголт байсныг охинтой болсныхоо дараа ойлгожээ. Нэгэнт хүсэл зорилго, сэтгэл санаа нийлэхгүй хойно түүний анхны амьдрал салхинд хийсэх нь тэр. Эр хүн бүдэрсэн ч эргээд хурдан босох хэрэгтэй гэдэгчлэн С.Жавхлан өөрийн амьдралд гутарсангүй. Тэрбээр эх орон, элгэн садан, монгол үндэс угсаагаа ярьж, хэлж, дуулж явсан юм. С.Жавхлан нэг л өдөр “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй гэр бүл болов. Дуунд дуртай монголчууд тэднийг сайн, муу үгтэй угтсан, одоо ч янз бүрээр ярьдаг. Гэсэн ч С.Жавхлангийн энэ удаагийн сонголт зөв байсан гэдгийг тэрбээр амьдралаараа харуулж байна.

Эх орноо зургаан удаа бүтэн тойрч, өөрийн дуугаар монголчуудыг уяраасан, Монгол орны өнцөг буланд очиж тулганы гал бадрааж эх орноо ширгэлсэн түүний суу алдар Монгол туургатанд мандан бадарсан. Түүний монголчлолын төлөөх үйл хэргийг Монгол цустай хүмүүс уухайлан түрж, Монгол туургатнаараа гал бадраах гэж байна. Тиймээс тэрбээр одоо “Монгол туургатны тулганы галыг бадраах” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. С.Жавхлан Монголд төдийгүй Монгол туургатны эв нэгдлийн төлөө зүтгэж,  явна.

Дуун түрлэгтэй орчлонд Монголоо гэсэн их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн нэгэн залуугийн цус халуун байна. Зүрх сэтгэлийн гал нь бадамлаж, монгол туургатныг омогшуулан байгаа нийтийн дууны ханхүү түүнийг Их Монголын ханхүү хэмээн нэрийдэхэд хилсдэхгүй болов уу.
Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ