Эрдэнэтийг оросуудад алдах нь ээ
2013 оны 2 сарын 22
Эрдэнэтийг оросуудад алдах нь ээ
Монголын “Саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн совет ирэх гуравдугаар сард хуралдах сураг байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард ОХУ-ын “РОСТЕХНОЛОГИЯ” корпорацийнхан Монголын талд хандаж “Эрдэнэт” үйлдвэрт хувь эзэмших хэмжээг аль аль талдаа 25 хувь болгож бууруулах санал тавьсан талаар мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл “РОСТЕХНОЛОГИЯ” корпораци хэзээнээс “Эрдэнэт” үйлдвэрийг сонирхох болов.
Анх 2009 онд “Эрдэнэт” үйлдвэрт хямралын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрийг ОХУ-ын төрийн мэдлийн “РОСТЕХНОЛОГИЯ” корпораци боловсруулсан ажээ. Энэ хөтөлбөрийн үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрт ажилчдын орон тоог бүрэн хадгалж чадсан байна. Мөн ажилчдын цалинг 20 хувиар нэмжээ. 2008-2011 онд “Эрдэнэт” үйлдвэрийг шинэчлэхэд 402,2 сая ам.доллар зарцуулсаны 103,2 саяыг нь тус үйлдвэрийн ашгаас зарцуулжээ. 2010, 2011 онд “Эрдэнэт” үйлдвэрийнхэн зэсийн олборлолт, өнгөт металлын борлуулалтын орлого болон ашиг нь 1974 онд анх байгуулагдсан цагаас нь хойш байгаагүй өндөр түвшинд хүрчээ. 2009 онд ОХУ-ын талд 27,3 сая ам.доллар, 2010 онд 34,4 сая ам.доллар, 2011 онд 75,7 сая ам.долларын дивидендийг “Эрдэнэт” үйлдвэр оруулсан байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн совет өнгөрсөн оны 11 дүгээр сард хуралдсан ч “РОСТЕХНОЛОГИЯ” корпорацийнхан хоёр улсын эзэмших хувиа бууруулж, гуравдагч орны өөр стратегийн түншид худалдая гэсэн саналын талаар олон нийтэд зарлаагүй юм. Тиймээс энэ асуудал бүрхэг хэвээр үлдсэн.
Оросууд Эрдэнэт, Монголросцветмет үйлдвэр,  Улаанбаатар төмөр зам гэсэн цөөн хэдэн хамтарсан  аж ахуйн нэгж дээр түшиглэн Монгол дахь ашиг сонирхлоо ахиулж байгаа гэх хүн ч бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Тэднийг Монголоос хувь эзэмшдэг үйлдвэрүүддээ өөрсдийн байр суурийг бэхжүүлснээр өөртөө давуу эрх авах бодолтой байгааг ч зарим эх сурвалж өгүүлж байгаа юм.
Бид хэтэрхий их шуналтай хүнийг “Алтан загасны эмгэн” болох вий дээ хэмээн шоглодог. Тэгвэл Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт энэ үгийг хэлэх цаг нь болсон бололтой. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газрынхан Монголын аль өнгөтэй өөдтэй болгоны удирдлагыг сольж, өөрсдийн хүнийг томилсон. Эрдэнэс МГЛ, Эрдэнэс Тавантолгой, Монросцветметийн захирлуудыг сольсон тэд одоо Эрдэнэт үйлдвэрийн даргыг халааслахаар улайрч байгаа.
Одоогоор "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Даваацэрэн гэгчийг томилчихоод байгаа. Ц.Даваацэрэн нь уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан нэгэн бөгөөд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат. Уул уурхайн гавьяат ажилтан, аймгийн заан, чөлөөт бөхийн спортын дэд мастер нэгэн. Тэрбээр Бор-Өндөрийн жоншны уурхайн дэд дарга, 1990 оны дунд үеэс Бэрхийн уурхайд дарга, 2000 оны Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга, 2006 онд "Өргөө менежмент" ХХК-ийг байгуулан захирлаар нь ажиллаж,2009 оноос Ашигт малтмалын газрын Уул уурхай судалгааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Хэдийгээр “Эрдэнэт”-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилсон ч энэ нь Оросуудад том завшаан болж магадгүй юм. 1986 оноос 1998 он хүртэл Ш.Отгонбилэг агсан “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан. Харин 1998 онд Д.Дорлигжав, 2000 оноос Х.Наранхүү, 2007 оноос Ч.Ганзориг ажиллаж байсан билээ. Өнгөрсөн 2011 онд Ч.Ганзоригийн үүрэгт хугацаа дууссан хэдий ч совет түүнийг хэвээр үлдээсэн.
Үүнээс харахад Ш.Отгонбилэг агснаас хойш “Эрдэнэт” үйлдвэрийг үргэлж монгол хүн удирдаж байсан. Харин Н.Алтанхуягийн шийдвэрээр түр үүрэг гүйцэтгэгч захиралтай байгаа “Эрдэнэт” үйлдвэр оросуудын гарт ороход хүрээд байгаа гэнэ.
Өмнө нь 2004 онд Улаанбаатар төмөр замыг 13 жилийн турш удирдсан Р.Рашийг УИХ-ын гишүүн болмогц Д.Загджав Төмөр замын дарга болно гэж дөвчигнөснөөс болж оросууд В.Магдайг авчирч тавьж байсан. Тэгвэл энэ түүх “Эрдэнэт”-д давтагдана хэмээн Кремль хүлээж байгаа. Тиймээс АН-ынхан их шуналаа дарж, эх орноо бодох цаг нь болжээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив