Харьд бэрлэснээс хадамд гараагүй нь дээр
2013 оны 2 сарын 25
Харьд бэрлэснээс хадамд гараагүй нь дээр
Монголчуудын дуулах дуртай “Сэндэр охин” дуунд баян хүнтэй гэрлүүлсэн аав, ээждээ гомдсон Сэндэр охин
“Арван ембүү хараад алгаа тосдог аав уу даа
Хорин ембүү хараад хормойгоо тосдог ээж үү дээ
Арван хошуу дамжуулахаар адуучин хүүдээ өгөөсэй
Хорин хошуу дамжуулахаар хоньчин хөвгүүндээ өгөөсэй” хэмээн гуниглан дуулсан байдаг. Тухайн үед аав, ээж нь охиныхоо хувь заяаг шийддэг байснаас хөөрхөн охин ийнхүү дуулж. Тэгвэл нүд улаан мөнгө цагаан болсон өнөө цагт монгол охид, бүсгүйчүүд маань өөрсдөө ийм замыг сонгох болсон нь эцэстээ амь нас, эрх чөлөөгөөрөө хохироход хүргэж байна.

Монголын загвар өмсөгч бүсгүйг интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдаж, олны анхаарлыг татлаа. Тэр нь бидний сайн мэдэх “Bavaria” шар айргийг рекламдсан хөөрхөн охин болох Т.Аятунгаа гэнэ. Түүнийг хүүхэд, хүний наймаа, хар тамхины хэрэгт холбогдсон хэмээн интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар шуугих нь тэр. Гэтэл интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаа хэвлэлийн хурал зарлаж өөрийгөө хүүхдээ алдсан хохирогч хэмээн мэдэгдлээ. Угаас өрөвч зөөлөн сэтгэлтэй монголчууд түүнийг өрөвдөж эхлэв. Гэвч өрөвдүүлж байгаа бүсгүй таван сартай хүүхдээ гэрээсээ алдсан хэмээн мэдүүлж байснаа, ээжтэйгээ цуг гудамжинд хаягдсан хэмээх болсон нь олныг эргэлзэхэд хүргэв. Хачирхалтай нь тэрбээр охиныхоо эцгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Олон улсын иргэншилтэй тул яг аль улсын иргэнийг нь мэдэхгүй, чухам ямар ажил хийдгийг нь ч мэдэхгүй гэнэ.

21 настай Тодруул овогтой Аятунгааг Филиппиний хууль сахиулах албаны хүсэлтээр дэлхий даяар хайж байгаа нь ямартай ч үнэн. Тэгвэл Т.Аятунгаа гэж хэн бэ. Тэрбээр “Miss Mongolia 2011” тэмцээнд оролцож шилдэг 20 оролцогчийн нэг болж байсан.  2008 онд 17-хон настайдаа "Супер модель" тэмцээний ялагчаар тодорч “Гран при” шагналыг хүртэж байсан юм.
Харамсалтай нь залуу бүсгүй өнөөдөр охиноо амьд эсэхийг ч мэдэхгүй байна хэмээн уйлж сууна. Гэхдээ тэр азтай юм. Тэр ямар ч байсан эх орондоо эсэн мэнд ирчихсэн байна. Түүнийг өмөөрөх монголчууд байна. Харин түүний эл үйлдэл олон монгол бүсгүйд том анхааруулга байгаасай гэж хүснэм.
Т.Аятунгаа юуны учир хаанахын хэнийг нь мэдэхгүй зүгээр л нэг гадаад эр дагаад явчихав. Тэр эх орон, ээж аавгүй нэгэн үү. Тэр эх орондоо хөдөлмөрлөөд хоолоо олоод идчих чадваргүй нэгэн гэж үү. Түүнд уудам дэлгэр нутагтаа Монгол оронд гишгэх газар байсангүй юу. Түүнд бүх зүйл байсан. Гэвч тэр амьдралаас илүү ихийг хүссэндээ гадагш гарчихсан юм биш үү. Тэгээд одоо би охиныхоо эцгийг аль улсын жинхэнэ иргэн, ямар ажил хийдгийг мэдэхгүй гээд сууж байгаа нь харамсалтай. Яг түүн шиг сэтгэхүйтэй олон охид өнөөдөр хүний наймааны золиос болоод байгааг дэлхий нийтээр анхааруулсаар байна.
Харь эрийн өвөрт ороод хохирч буй бүсгүй Т.Аятунгаагаар зогсохгүй одоогоос долоон жилийн өмнө буюу 2006 оны 11 дүгээр сард 28 настай Ш.Алтантуяа бүсгүйг уулын модонд аваачиж биед нь байлдааны гранат зүүж дэлбэлсэн байхыг нь олсон юм. Ш.Алтантуяа нь Бээжинд Эдийн засаг, менежментийн сургууль төгссөн англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн байсан. Гэвч 2004 онд Хонконгт Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал, аюулаас хамгаалахын ажилтан, тус улсын томоохон бизнесмэн Абдул Разак Багиндатай танилцаж, хүүхдийг нь төрүүлсэн байдаг. Гэвч түүнийг Разак Багиндагийн захиалгаар амиа алдсан хэмээдэг.

Монголын сайхан бүсгүйчүүд үүгээр зогсохгүй. Сүүлийн үед Өмнөд Солонгос хүнтэй гэрлэж хохирогч болж, бүр амиа алдахад хүрээд байгаа. Ганцэцэг хэмээх нэгэн сайхан монгол охин нутаг нэгт охиноо хамгаалж байгаад түүний нөхрийн гарт зэрлэгээр алтан амиа алдсан аймшигт хэргийн тухай монголчууд мартаагүй. Ганцэцэг нь 2009 оны гуравдугаар сард Жоннам мужийн Нажү хотод очсон. Түүний нөхөр хүн орхоодойн аж ахуй эрхэлдэг, түүгээрээ ар гэрээ тэжээдэг. Ганцэцэг нөхөр болон  хадам ээж, дөрвөн сартай хүүгийн хамт амьдарч байсан юм байна. Гэтэл нэгэн монгол охин түүнтэй холбогдсон байдаг. н.Эрдэнэцэцэг гэх монгол охин 2009 оны 10 дугаар сард Жоннам мужийн Нажү хотод анх очсон гэнэ. Хадам аав, ээж, нөхрийн хамт амьдардаг байсан аж. Эрдэнэцэцэгийн нөхөр ажилгүй, архи байнга ууж, архи уухаараа Эрдэнэцэцэгийг зодож маш ихээр дарамталдаг  байсан тухай тэндхийн монголчууд ярьсан байдаг. Түүгээрч үл барам түүний хадам аав, ээж нь түүнийг гадагш гаргадаггүй байсан гэх. Тиймээс нутаг нэгт дүүгээ өмөөрсөн бүсгүй нөхөр болох Янсүён гэгчийн гарт есөн удаа хутгалуулсны улмаас хорвоог орхисон билээ.
Энэ мэтчилэн монгол бүсгүйчүүд харьд бэрлэж, харийнхны гарт амиа алдах, амьд үхсэн нь мэдэгдэхгүй болох зэрэг үйлдлүүдийг одоо зогсоох цаг нь болжээ.

2002 оноос эхлэн БНСУ руу зуучлалын буюу захиалгат гэрлэлт гэгч бий болоод байгаа. Гэрлэгсдийн 95-97 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Гэрлэж буй эмэгтэйчүүдийн 80 хувь нь 18-25 насны, 20 хувь нь 30-35 нас байхад солонгос нөхрүүдийн дундаж нас 35-50 буюу өөрөөсөө хоёр дахин ах хүмүүстэй гэрлэдэг байна. Судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн 57.1 хувь нь зуучлах товчооны танилцуулгаар, 16.7 хувь нь өөрөө танилцаж суудаг гэсэн мэдээ байдаг аж.
Харамсалтай нь солонгос хүнтэй суусан эмэгтэй бүр жаргалтай байдаггүй. Учир нь тэд зүгээр л нэг зураг хараад гэрлэчихсэн болохоор тэр. Сайхан залуугийн зураг хараад гэрлэж солонгост очтол хөдөлж чаддагүй суумгай хүнтэй суучихлаа гэсэн эмэгтэй байдаг бол, боолын хөдөлмөр эрхэлж өдөр шөнөгүй тариан талбайд нухлуулсан бүсгүй ч байдаг. Монгол бүсгүйчүүд маань ийм харанхуй байдлаасаа хэзээ салах вэ. Япон, Солонгост орчуулагч хийдэг нэгэн бүсгүй “Монгол бүсгүйчүүд шиг эрх чөлөөтэй байдаг эмэгтэй Япон, Солонгост байдаггүй. Тэд үргэлж нөхрийн дарамтад амьдардаг. Монголд сайн эмэгтэйг сардаа нэг гэдэг хошин үг байдаг бол энд тэр үг биеллэлээ олдог. Тэгэхээд монгол бүсгүйчүүдээ япон, солонгостой бүү гэрлээсэй гэж хэлмээр байна” хэмээн захиж байсан.

Эцэст нь хэлэхэд монгол охид маань юугаар дутлаа гээд харийнхныг сонгох болов. Энэ бол боловсрол нимгэнтэй жирийн охидоос эхлээд урлаг соёлын оддоос ч асуух асуулт. Монгол эр хүн шиг уужуу ухаантай, холч хараатай эр хорвоод ховор шүү дээ. Хэрэв монгол эртэй гэрлэмээргүй байгаа юм бол харьд бэрлэснээс хадамд гараагүй нь дээр биш гэж үү.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив