”Мизопростол” эмийн жагсаалтад бүртгэлтэй ч зах дээр зардаг нь хуурамч
2013 оны 2 сарын 27
”Мизопростол” эмийн жагсаалтад бүртгэлтэй ч зах дээр зардаг нь хуурамч
-Үнэ өртөгт нь хяналт тавьдаггүй ч 25-60 мянгаар зарах эм биш-

Манай сонин өчигдрийн дугаартаа “Нарантуул” ОУХТ-д “Мизопростол” нэртэй эмийг хууль бусаар зарж буй тухай сурвалжлан хүргэсэн билээ. Эхийн хэвлийд дөнгөж бүрэлдэн буй ураг буюу Монгол Улсын ирээдүйг авч явах учиртай бяцхан үрсийг хэдхэн төгрөгөөр хөнөөх далд наймаа газар авчээ.
Энэ удаад бид ураг зулбуулдаг гэх “Мизопростол” эмийн талаар НМХГ-ын биобэлдмэлийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч Д.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Зах дээр зарж байгаа Хятадад үйлдвэрлэсэн “Мизоп­ростол” гэх эмийг манай улсад оруулж ирэхийг зөвшөөрсөн байдаг уу. Ер нь ямар замаар, яаж орж ирдэг юм бол?

-Хил, гаалийнхан хяналтаа сайжруулах хэрэгтэй. Бид улсын хилээр нууцаар оруулж ирсэн эмийг хаана хадгалж, хаагуур зараад байгааг нь мэдэхгүй шүү дээ. Хамгийн гол нь хилээр оруулж ирэхэд нь илрүүлэх л чухал байгаа юм.  

-“Нарантуул” зах дээр эм зарж буйд хэн хяналт тавих ёстой вэ. Ураг зулбуулах эмийг гэхэд охид бүсгүйчүүд олноор худалдаж авдаг гэсэн?
-Манайх Тагнуулын ерөнхий газар болон цагдаа нартай хамтарч хэсэгчилсэн шалгалтыг жилд нэг удаа хийдэг. Шалгалтаар явахад ийм зүйл илэрч байгаагүй.

-Огт илрүүлж байгаагүй хэрэг үү?
-Бид 1997-2005 онд ЭЦГ-ын мөрдөн байцаагчтай хамтарсан шалгалт хийхэд ураг зулбуулах эм нууцаар зардаг байсан этгээдүүдийг илрүүлж байсан. Нийслэлийн хэмжээнд 2000 гаруй эмнэлгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудад биобэлдмэлийн 6-8 байцаагч хяналт тавьж ажилладаг. Бид 2000 гаруй обьектод хяналт тавьж байгаа хүмүүс. Өдөр бүр зах дээр шалгалтаа хийнэ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ үүнийг шалгалт огт хийдэггүй гэж ойлгож болохгүй. Манайх шалгалтаа хийж, хяналт тавьдаг. Эм хангамжийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл бүхий, тодорхой мэргэж­лийн тусгай үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байдаг. Дээр нь 5-6 жил анагаахын чиглэлээр боловсрол эзэмшсэн мэргэжлийн хүмүүс нь хад­галалт, тээвэрлэлтийн горимыг мөрдөн эм худалдаалах үйл ажиллагааг эрхэлж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан бид төрийн тусгагдсан удирдамжийн дагуу шалгалт хийдэг. Тэр бүр өөрсдийнхөө санаагаар хийнэ гэж байхгүй, хуулийнхаа дагуу л шалгана.  

-Зах дээр эм зарж байсан хүмүүс цаанаасаа өөр хүнээс аваад дундаас нь ашиг унагаж зардаг гэж байсан?
-Бид тэрийг мэдэхгүй. Хэнээс хаанаас яаж аваад байгааг хууль хяналтын байгууллага шалгах нь зөв байх. “Нарантуул” зах дээр ямар хүн яаж зардгийг үнэндээ мэдэхгүй.
 
-Мэдээллийн мөрөөр, иргэдийн гомдлоор танайх шалгах эрх бий юу?
-Гомдлын дагуу шалгалт хийж болох ч бидэнд зааг хязгаар гэж бий. Зах дээр бол далд бизнес болоод газар авчихсан. Зориулалтын бус газар зарж байна гэдэг хууль зөрчсөн үйл ажиллагаа. Тиймээс хуулийн байгууллага нь ажлаа хийх ёстой.

-Энэ эмийг зарах эмийн сан тусгай эрх авдаг уу?
-Зах дээр зарагдаж байгаа ураг зулбуулах эмийг хууль бусаар оруулж ирсэн гэдгийг иргэд мэддэг. Яагаад гэвэл Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэхдээ англи, орос, монгол хэл дээр байгаа тохиолдолд л бүртгэдэг юм шүү дээ. Гэтэл зах дээр хятадаар найрлага нь бичигдсэн, эмийн бүртгэлд ороогүй загвартай хуурамчийг нь зарж байна. Гэхдээ Хятадын “Мизопростол” нь эмийн жагсаалтад орж “Азифарм” гээд албан ёсны эм ханган нийлүүлэх бөөний төв тусгай эрхтэйгээр импортолж оруулж ирж байгаа. Энэ эмийг хэрэглэхдээ улсын бүртгэлийн шаардлагын дагуу бүртгэгдсэн, Хүний эмийн салбар зөвлөлийн хурлаар ороод нэгдсэн төв лабораторид чанарыг нь шинжлээд, Монгол Улсын эмийн практикт хэрэглэх үү, үгүй юу гэдгээ шийддэг юм.  Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл лиценз авна. Харин зах дээр зарагдаж байгаа 25 мянган төгрөгийн үнэтэй эм нь Монголд бүртгэлгүй, хуурамч эм гэдгийг иргэд мэддэг байх ёстой.  Хамгийн гол нь хэрэглэх гэж байгаа хүн сав баглаа, хаяг шошгыг нь харах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Тэгвэл энэ эмийг яаж ялгах юм бэ?
-Монгол Улсын эмийн бүртгэл гэдэг манай эмнэлгийн практикт хэрэглэх жагсаалтад орсон эмийг хэлдэг. Энэ жагсаалтад оруулахын тулд эхлээд нэгдсэн төв лабораторид мэргэжлийн шинжээчид ажиллаж чанарынх дүг­нэлтийг гаргаж эмчилгээнд хэрэглэх үгүйг нь шийддэг. Шалгуур үзүүлэлт буюу яаж таних вэ гэхээр монгол, англи, орос хэл дээр савлагаатай, хэрэглэх заавар нь бичигдсэн хуулийн дагуу импортлогдон орж ирж байгаа.

-Энэ эмийг эмийн сангуудаар зардаг юм уу?
-Өрхийн эмнэлэг болон хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт бий. Уг нь эмчийн жороор олгогдох ёстой ч мэр сэр эмийн сангууд зарж байна. Гэхдээ ховор л болов уу.  Манайхан мэдлэг муутайгаас болж хямдыг нь бодоод зах дээрээс аваад байгааг үгүйсгэхгүй. ЭМЯ-нд зах дээр зарж байгаа эмийн хайрцгийг аваад очвол Монголд бүртгэгдсэн эсэхийг нь мэдэх боломжтой.

-Үнэ өртгийг нь мэдэх үү?

-Үнэ өртөгт нь хяналт тавьдаггүй болохоор мэдэхгүй. Гэхдээ 25-60 мянган төгрөгөөр зарагдах эм биш байх.

-“Мизопростол” эмийн найрлагад мансууруулах төрлийн бодис агуу­лагдаж, эмэгтэй хүний савыг хайлуул­даг гээд сөрөг нөлөө ихтэй гэдэг юм билээ. Эмийн найрлагад ямар бодис ордгийг мэдэх үү?
-Мансууруулах төрлийн бодис агууллагддаг эсэхийг бид мэдэхгүй. Түүнийг нь МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжилж ямар найрлагатайг тогтоодог. Нөгөө талаас Гаалийн төв лаборатори шалгадаг байх.

О.Сайханцэцэг

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ