Нэг метр квадрат нь найман саяын үнэтэй байрыг хэн худалдан авдаг вэ
2013 оны 2 сарын 28
Нэг метр квадрат нь найман саяын үнэтэй байрыг хэн худалдан авдаг вэ
Улсын нийслэл Улаанбаатар хот маань Утаанбаатар нэртэй болоод удаж байна. Нийслэл маань Утаанбаатар нэрнээсээ салж, цэвэр агаар, эрүүл орчинд амьдрахын тулд өнөөх ад үзэгдсэн гэр хорооллыг байшин хороолол болгох хэрэгтэй хэмээн хотын мэр хэлж байгаа. Энэ амлалтынхаа хүрээнд төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа учир Баянхошуунаас эхлээд хэд хэдэн газрын иргэд орон сууцтай болох боломжтой юм. Гэхдээ энд бас нэг асуудал байна. Гэр хорооллыг байшин хороолол болгохын тулд хямд үнэтэй, иргэд худалдан авах боломжтой барилга барих нь мэдээж. Тэгэхээр гэр хороололд байсан иргэд тэндээ л сууршина гэсэн үг. Харин хотын төвд амьдарна гэдэг нь мөрөөдөл хэвээр үлдэх юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тэргүүтэй гишүүдийн санаачилсан Газрын тухай хуулиар бол нийслэлийн ямар ч иргэн хотын төвд газартай болох боломжтой гэж байгаа. Гэхдээ үүн шиг худал зүйл байхгүй гэдгийг хотын гудамжинд яваа нохой ч мэднэ. Тэртэй тэргүй эзэнтэй болчихсон газрыг дахин өмчлөх гэж байх уу. Эзэнгүй газар өндөр өндөр барилгууд сүндэрлэхгүй шүү дээ.

Нөгөө талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, ОССК-тай хамтран орон сууцны нэг метр квадратын үнийг нэг сая 100 мянгад барих боломжтой гэж байсан. Харин үүнээс өндөр үнэтэй барилгыг тансаг зэрэглэлд тооцож, өндөр татвар оноох талаар ярьсан. Гэхдээ энэ нь бодит амьдралд хэрэгжиж байгаа эсэхийг нийслэлчүүд хэлээд өгнө. О.Магнай даргын хэлснээр бол хотын төв болон Зайсанд баригдаж байгаа барилгууд тансаг зэрэглэлд багтах нь тодорхой. Учир нь нийслэлд баригдаж байгаа барилгуудын дотор нэг метр квадрат нь гурван сая 500 мянгаас найман сая төгрөгийн үнэтэй орон сууц байна. Найман сая төгрөгийн үнэтэй байр хаана байна вэ гэвэл хотын төвийн А зэрэглэл буюу Сүхбаатарын талбайн урдхан талд Континенталь зочид буудлын дэргэд, эсвэл Богдхан уулын хормой буюу Хан-уул дүүрэг Зайсанд байрлаж байна.

Гэхдээ энэ барилгыг алтаар угсарч, мөнгөөр цутгаагүй. Зүгээр л бүрэн цутгамал барилга гэнэ. Тэгэхээр юугаараа бусад барилгаас ялгаатай болоод ийм үнэтэй зарагдах болов. О.Магнай дарга болон өмнөх, одоогийн төр засгийн тэргүүнүүдийн хэлж байгаагаас найм дахин илүү үнэтэйгээр барилгаа борлуулж байгаа компаниуд үнэхээр тансаг зэрэглэлийн хүмүүст зориулж барилга барьдаг юм байна гэхээс өөр хэлэх ч үг алга. Ямартай ч нэг метр квадрат нь найман сая төгрөгийн үнэтэй орон сууцыг гурван тэрбум, 300 сая төгрөгөөр худалдан авах хүн байгаа учраас л тийм барилга баригдаж байгаа хэрэг.

Тансаг зэрэглэлийн орон сууцнаас дундаж нь буюу нэг кв метр нь 550 сая төгрөгийн үнэтэй, 92.2 метр.кв орон сууц худалдан авъя гэвэл 507 сая 99 мянга 983 төгрөг хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь бага талбайтайд тооцогдож байгаа тул борлуулагдаад дуусчихсан байгаа. Харин нэг кв метр нь таван сая 200 мянгын үнэтэй дөрвөн өрөө байр эзнээ хүлээж байгаа гэнэ. Үүнийг худалдан авахын тулд 902 сая 200 мянган төгрөг төлөх хэрэгтэй болно. Гэвч нийслэлийн эгэл жирийн иргэн ийм байранд орно гэж мөрөөдөх ч хэрэггүй. Бараг тэрбумын өрөнд орон байж орон сууцанд орохыг энгийн иргэн лав хүсэхгүй. Тэгэхээр тансаг зэрэглэл нь тансаг хэвээрээ л үлдэг.

Тэгвэл ийм үнэтэй байрыг хэн худалдан авах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ийм өндөр үнэтэй барилга сүндэрлэхийн хэрээр тэнд монголчууд биш харийнхан суурших боломж бүрдэж байгаа хэрэг юм. Үүний нэг жишээ бол гишгэх газаргүй болсон их хотын төв тун удахгүй хятадуудын мэдэлд очиход хүрсэн гэнэ. Учир нь хятадууд хотын төвд газар худалдан авах боломжгүй. Тиймээс баригдаж буй барилга, орон сууцыг нь худалдан авч, түүгээр дамжуулан эзэн суухаар шийджээ. Тиймээс л өндөр үнэтэй барилгуудын худалдан авагчдын ихэнх нь хятадууд байдаг аж. Тэд хотын аль өнгөтэй өөдтэй болгоныг худалдан аваад, эргээд монголчуудад түрээслүүлдэг байна. Магадгүй зарим нэг нь хятад иргэний нэр дээр орон сууц байхгүй хэмээх байх. Тэгвэл бодит үнэн гэвэл тэд монгол хүний нэр дээр орон сууцаа худалдан авдаг байна. Монголыг эзэгнэх гэсэн хятадуудын бодлого улам нарийссаар...

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив