Оюутолгойг оролдоод нэмэргүй болжээ
2013 оны 3 сарын 5
Оюутолгойг оролдоод нэмэргүй болжээ
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр хуралдав. Хачирхалтай нь хурлаар юу ярьж, шийдвэрлэсэн нь өнөө хэр нь тодорхойгүй байна. Өмнө нь ч иймэрхүү бүрхэг болж өнгөрсөн.
Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Кэмерон МакРей “Зарим асуудлыг шийдвэрлэсэн. Гэхдээ шийдвэр гаргахад цаг хугацаа хэрэгтэй” гэж баасан гарагт мэдэгдсэн байна. Гэтэл Монголын талын ажлын хэсгийнхэн амнаасаа нэг ч үг унагахгүй байгаа нь хачирхалтай. Угтаа ажлын хэсгийнхэн 13 заалт бүхий шаадрлагыг Рио Тинтогийнхонд хүргүүлсэн гэх. Гэтэл 13 заалтын ядаж нэгийг нь ч шийдэж чадаагүй гэж үү. Ноён Кэмерон МакРей мэдэгдэл гаргачихаад байхад манайхан яагаад дуугүй байгаад байна вэ. Тэгэхээр Рио Тинтогийнхон анхны хөрөнгө оруулалт яагаад нэмэгдсэн талаарх асуултын хариуг өгөөгүй гэж ойлгож болох юм.

Угтаа Хувь нийлүүлэгчдийн хурал болохоос өмнө монголчууд Оюутолгойн гэрээг өөрчлөх бодолтой байсан. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн анхны хуралдааны дараагаас уг гэрээг өөрчлөх талаар ярих нь бүү хэл дурсахаа ч болив. Учир нь гэрээг өөрчлөх нь байтугай анхны хөрөнгө оруулалт хоёр орчим тэрбум ам.доллар буюу 40 гаруй хувиар нэмэгдээд байгаа нь монголчуудад “аюул” авчраад байгаа юм.
Оюутолгой төслийн гэрээнд зааснаар Төсөл анхны хөрөнгө оруулалтаа нөхөж, ашигтай ажиллаж эхэлсэн цагт Монголын талын эзэмших хувь хэмжээг 51 хувьд хүргэнэ гэсэн байгаа. Тодруулбал, одоо төсөлд оруулаад байгаа 7,1 тэрбум ам.доллараа хөрөнгө оруулагч тал бүрэн гаргаж авсны дараа монголчууд Оюутолгойн 51 хувийг эзэмших ёстой гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн байдлаар монголчуудын хувьд Оюутолгойн 51 хувийг эзэмшинэ гэдэг нь мөрөөдөөд ч нэмэргүй зүйл болчихоод байгаа.

Монголчуудыг түгшээсэн бас нэг асуудал нь Оюутолгойгоос зээлсэн 250 сая ам.доллар. Тус  компани өнгөрсөн 2012 онд татвараа төлөөгүй гэж байгаа. Учир нь монголчуудад зээлсэн мөнгөө татварт суутгах асуудалтай холбоотой. Гэтэл Монголын тал 250 сая ам.долларыг 2014 оноос татварт суутгахаар төлөвлөсөн байгаа гэх. Энэ саналыг ч Рио Тинто хүлээж аваагүй бололтой. Энэ хоёр асуудлыг байтугай Монголын талаас тавьсан бусад асуудал бол дурсаад ч нэмэргүй гэдэг нь ойлгомжтой болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 2012 оны 12 дугаар сарын 21-нд Монголын Үндэсний олон нийтийн телевизэд ярилцлага өгөхдөө “Оюутолгойг одоо оролдоод хэрэггүй ээ. Бид нэг охиноо айлд бэр болгоод өгчихсөн гээд ойлгочихъё. Нэгэнт айлд өгсөн охиноо дахиад охин биеэр нь эргүүлц авъя гэлтэй биш. Тэгээд л орхие. Харин дараагийн охиноо айлд өгөхдөө бодолтой байх хэрэгтэй” гэж хэлсэн. Явж явж энэ үг л үнэний ортой болж үлдэх шив дээ. Ерөнхий сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Хувь нийлүүлэгчдийн хурлын талаар нааштай үг унагахгүй байгаа нь ингэж хардах үндэслэл болж байгаа юм.

Одоо тэгээд яах вэ. Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбумаар нэмэгдээд 7.1 тэрбум ам. Долларт хүрчихээд байдаг. Хөрөнгө оруулагчид энэ хөрөнгөө гаргаж авсны дараа монголчууд Оюутолгойнхоо 51 хувийг эзэмших эрхтэй болно. Хэдийгээр монголчууд татвараас ашиг авна гэж байгаа ч хөрөнгө оруулагчид үйл ажиллагааныхаа талаар хаалттай учир хэзээ тэр хөрөнгөө авч дуусахыг монголчууд хянаж чадахгүй. Тиймээс Рио Тинто оруулсан хөрөнгөө авч дууслаа гэж хэлэх хүртэл монголчууд нүдэн балай, чихэн дүлий суусаар байх л үлдэх шив дээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив