Кондукторт загнуулж, таксины жолоочид зандруулсан минь
2013 оны 3 сарын 5
 	 Кондукторт загнуулж, таксины жолоочид зандруулсан минь
Иргэд хүрсэн газартаа саадгүй очих дөрвөн боломж бий. Энэ бол нийслэл Улаанбаатар хотын иргэдэд хамааралтай асуудал гэсэн үг. Баян чинээлэг нэг нь ганган хээнцэр, өөрийн хөлөглөдөг машинаараа, боломжтой нь таксийгаар. Цалингаас цалингийн хооронд байдаг нь автобусаар зорчино. Харин боломжгүй нь хоёр зээрдээрээ л явах. Энэ дагуу нийтийн тээврийн том оврын автобусаар хотын төвөөс гэр хорооллын эцсийн буудал орохоор зорчлоо.

Сурагчид, оюутнуудын хичээл тарж байгаатай таарсан болоод ч тэрүү автобусны голын хаалгаар нэгэн зэрэг олон хүн дайрав. Өмнөөс бууж байгаа хүмүүсээ ч хүлээхгүй, тэд буухын тулд хамаг байдгаар дайрна. Нүдний шил нь далийж, цүнхээ арай гэж татаж авч байгаа харагдлаа. Үүнтэй зэрэгцээд автобусны кондуктор нь “Визагаа сургуулийн үнэмлэхтэйгээ харуулахад бэлдээд байж байгаарай. Байхгүй хүмүүс нь мөнгөө өгөөрэй” хэмээн хар эрчээрээ хашгирч, “Урагшаагаа яваад өг” гэж араас түлхэв. Шахцалдаж ядан, барих барьцгүй, дээр нь тэнцвэрээ олж ядан цүнхнээсээ мөнгөө гаргаж амжаагүй байтал “Мөнгө төгрөгөө орж ирэхээсээ өмнө бэлдэж байгаа ч. Би ганцхан хүнд үйлчилдэггүй ш дээ. Энэ олон хүнийг харж байгаа биз” хэмээн ааштай кондукторт загнуулах нь тэр. Тамхи баагуулсан жолооч хүмүүсээ суулгаад хар эрчээрээ давхихад кондуктор “Мөнгөө төлөхгүй бол үхсэндээ суусан юм. Алив зогсож бай” гээд шүлсээ цацруулан бухимдсан байдалтайгаар халамцуухан нэгнийг хаалгаараа түлхээд буулгав. Ийм байдлаар автобусны нэг зогсоолоос нөгөөд хүрсээр явлаа. Харин хотын төвийн замын түгжрэл үд болохоор ихэсдэг учир жолооч үе үе хүчтэй тоормозлож, зорчигчдын тэнцвэрийг алдагдуулж, зарим нь барих барьцгүйдээ араас унаж ирэх нь энүүхэнд. Хотын төвийн түгжрэлээс арай гэж гарахад жолооч хурдны замаар явж байгаа юм шиг салхи татуулан давхив. Зарим зорчигч бууж амжаагүй байхад нь автобус хөдөлж, хаалганы хооронд хавчуулагдахад “Хаалгандаа дөхөж ирэхгүй яасан юм бэ” хэмээн ам хуурагүй үглэх ааштай кондурктор зүй бусаар харьцана.

Уг нь автобусны буудлаа зарлаж явах байтал кондуктор нь зорчигчдыгоо загнаж явах нь хэрээс хэтэрсэн асуудал байлтай. Нэгэн зорчигч нөгөө хүнийг өмөөрөн “Та нар хүний амь насыг боддоггүй. Харилцааны соёлгүй, бүдүүлэг” хэмээн хэдэн үг хэлэхэд “Та дуугүй яв. Явж чадахгүй бол буухгаад таксигаа бариад явахгүй юу. Битгий олон юм яриад бай” хэмээн настай хүний үгийг сонсох нь байтугай хэл амаар доромжлохыг сонсоход дуугармаар санагдсан ч дуугарвал кондуктор элдэв бусаар доромжлох нь тодорхой тул дуугүй явлаа. Харин жолооч нь “Юундаа хуцаад байгаа юм. Дуугүй яваач” гэж хоёр талаас хөгшин хүнийг барьж идэх нь холгүй явж байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээг соёлжуулах асуудал нэн түрүүнд ирснийг сануулах нь тэр.

Гэр хорооллын тэнэмэл хүмүүс эхүүн үнэр нэвт шингэсэн хувцастай, тааран шуудайнд хийсэн хэдэн шилээ тажигнуулан энэхүү нийтийн тээвэрт суухад  нөгөө муухай байдлаар харьцдагаар л харьцана. Ажлаа тараад гэртээ харих гэсэн, яарсан, сандарсан, ажилдаа явах гэсэн олон хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Энэ бүхэнд нь соёлгүй, бүдүүлэг харилцаа угтаж, тэр хэрээр яаж тайван, стрэссгүй байх билээ. Ингэж автобусны кондукторт загнуулж байж нэг чиглэлээс нөгөөд хүрлээ.

Харин хотын төв орох гэсэн ч автобуснуудын жолооч, кондуктор нь үдийн цайгаа ууж байгаа гээд явсангүй. Хамгийн хурдан очих боломжийг хайсны дагуу таксины дуудлага өгөхөөр холбогдов. Хаягаа хэлтэл “Та түр хүлээж байгаарай” гээд минут хэрийн дараа “Наана чинь 20 минутын дараа очино” гээд утсаа салгачихав. Дахин өөр лавлах руу залгатал “Таван минутын дараа очлоо” гэж хөл залгах унаандаа хүрэв. Гэвч дансан дахь хамаг мөнгөө таксины дуудлагад зарцуулчихсан нь тэр. Гэтэл хүрэх гэсэн газартаа иртэл дуудлагын хөлс, дээр нь нийт км-тээр тооцтол хавьгүй их мөнгө нэхэв. “Яагаад ингэж гарч байгаа юм” гэвэл “Юу яриад байгаа юм. Гарсан км-рээ тооцоод үзэхээр ингэж гарч байна” хэмээн зандруулж, мөнгөнийхөө хариултыг нүүр рүүгээ шидүүлэн байж буув. Нийтийн тээвэр, таксигаар зорчсон нэг өдөр адармаатай бөгөөд нэгийг бодож, хоёрыг тунгаахыг сануулж байсныг нуугаад яах вэ. Энэ асуудалд ч төр засгийнхан анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ.
                               
С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив