Интерпол Н.Энхбаярын дүүг хайхаас айчихав уу
2013 оны 3 сарын 5
Интерпол Н.Энхбаярын дүүг хайхаас айчихав уу
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АТГ-аас баривчилсан билээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээх үндэслэлээр баривчилсан юм. Түүнд анххан болон дунд шатны шүүхээс 4,6 жилийн ял оноосон ч Улсын Дээд шүүх ялыг 2,6 жил болгон буулгасан билээ.
Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан нэлээд олон хүнийг шалгасан боловч нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт тэргүүтэй зарим хүн гадаад руу гараад сураггүй болсон тул тэднийг шалгах ажил өнөө хэр нь урагшлахгүй байгаа аж. Монголчуудын анхаарлыг хамгийн ихээр татсан нэг зүйл бол Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг интерполоор эрэн сурвалжилсан явдал.

Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэнг эрэн сурвалжилдаг интерпол хэмээх байгууллага өнгөрсөн оны аравдугаар сард Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа болон Н.Энхбаярын туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжилж буйг дэлхий даяар цацсан юм. Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг шалгах болсон учир нь Н.Энхбаярын “Эскон” гэх хувийн компанитай холбоотой аж. Тэрбээр уг компаниа 2010 онд Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдлахыг завдсан хэмээн шүүх үзсэн байна. Харин Б.Хуягийг “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлсэнтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Учир нь Б.Хуяг 2007 онд “Хар дун” компанийн захирлаар ажиллаж байсан юм байна.

Тэгвэл Н.Энхтуяа гэж хэн бэ. Яагаад ахынхаа хэрэгт холбогдож интерполоор эрэн сурвалжлагдах болов гэдэг асуулт гарч ирнэ. Н.Энхтуяа гэгч нь 1960 оны хоёрдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн. Монгол, Орос, Англи хэлтэй. Засгийн газрыг төлөөлөн далайн асуудал хариуцсан төлөөлөгчөөр Сингапурт ажиллаж, амьдарч байжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Монголын хөлөг онгоцонд хориотой бараа тээвэрлэдэг, Төрийн далбаа зардаг хэмээж байгаа. Мөн Төрийн ордны чанх өмнө нь сүндэрлэх “Blue sky tower" буюу олны ярьдгаар сэлмэн барилгын нууц эзэнтэн гэдэг. Түүнийг тус барилгад 27 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа. Тиймээс түүнийг уг хэргээр АТГ, ТЕГ хамтран шалгаж байв.

Түүнчлэн "Media холдинг" компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн гэх. Энэ хувьцааг авсан Н.Энхтуяа удалгүй “Эскон” компаниа "Media холдинг”-д нэгтгэж захирал болсон ажээ. Ингээд ахынхаа оруулж ирсэн ТВ9 телевизэд хөрөнгө оруулалт хийж ирсэн гэдгийг албаныхан хэлсэн. Түүнчлэн “Улаанбаатар таймс” сониныг хувьчлахад 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хийж 49 хувийг нь эзэмшихээр болсон гэж байгаа.

Энэ мэтчилэн Н.Энхбаярын гар хүрсэн газар бүрт Н.Энхтуяа холбогдож байсан тул түүнийг АТГ шалгах шаардлагатай болсон аж. Харин түүнийг Монголоос байтугай дэлхийгээс эрээд олох аргагүй болсон АТГ-ынхан интерполд хандсан байна. Хачирхалтай нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн цагаас Н.Энхбаярын удирдлагад байдаг МАХН-ынхан түргэн авчя эхлэх нь тэр.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд дэээрх хүмүүсийг эрэн сурвалжлахыг зогсоохыг шаардаж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргад электрон шуудангаар захиа илгээсэн юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Хууль зүйн дэд сайдын явуулсан захидлаас болж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газраас давхар сануулга ирсэн. Ингэснээр энэ хүмүүсийг эрэн сурвалжлах шийдвэрээ тэд эргэн харж магадгүй байна” хэмээн мэдэгдсэн. Энхрий хайрт намын даргын дүү, туслах хоёрын төлөө ганцхан Э.Эрдэнэжамъян хөдөлсөн юм биш. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүд бүгд л Интерполд хандсан гэхэд болно.

Харин энэ оны нэгдүгээр сард Н.Энхтуяа, Б.Хуяг нарын нэр Интерполоор эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтаас гэнэт алга болчихсон. Интерпол тэднийг яагаад эрэн сурвалжлахаа зогсоочихов оо. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны бичсэн захидлаас болоогүй нь тодорхой. Интерпол тэднийг эрэн сурвалжлахаа зогсоосон шалтгааныг МАХН-ын зарим нөхөд “Угаасаа онц хүнд гэмт хэрэг хийгээгүй хүмүүсийг эрэн сурвалжилсан нь интерполын буруу байсан” гэх зүйлийг хэлж байна. Хачирхалтай л юм интерполоор эрэн сурвалжлахад тодорхой шалгуур байдаг л байж таараа. Тиймээс Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжлах шаардлагатай юм байна гэж үзсэнээс л эрэн сурвалжилсан хэрэг. Харин дэлхийд зартай интерпол юуны учир тэднийг эрэн сурвалжлахаа зогсоосон бэ гэдэг нь анхаарал татсаар байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив