Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр нарын тоглолт Ц.Элбэгдоржийг унагах уу
2013 оны 3 сарын 7
Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр нарын тоглолт Ц.Элбэгдоржийг унагах уу
Ардын нам лидергүй болчихоод байна. Сонин байгаа биз. 92 жилийн түүхтэй экс эрх баригч хүчин энэ удаа яалт ч үгүй өвдөг сөхөрч байна. МАН-д үнэхээр онцгойрсон лидер байхгүй байгаа нь Н.Энхбаярын хувьд маш том орон зай гарч ирж байна гэсэн үг. Гэхдээ тэр одоо ялтан. Гэлээ ч МАН-ын энэ байдал Н.Энхбаярын хувьд асар их шаанс тул тэрбээр улс төрийн тавцанд ямар тоглолт хийхээс их зүйл шалтгаална.

МАН-ын хувьд УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн ч сөрөг хүчний зовлонг ойлгохгүй байна. Ойлгох яагаа ч үгүй байна. Тэд УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдаж байж жинхэнэ сөрөг хүчин болно. “МАН олигтой сөрөг хүчин байж чадахгүй байна. Хэн нэгнийг маань аваачаад бариад хорьчих вий гэсэн айдастай байна” хэмээн хэлсэн М.Энхсайханы үг ортой мэт харагдах болов. Тэд Сүүдрийн Засгийн газар байгуулаад нэг их хол явахгүй л болов уу. Өмнө нь ИЗН Сүүдрийн Засгийн газар байгуулж л байсан. Гэсэн ч олигтой зүйл болоогүйг олон нийт мэдэж байгаа.

200 гаруй мянган гишүүнтэй хамгийн том улс төрийн хүчин маань нэгэнт эрх баригч хүчний орон зайгаа алдсан. Тиймээс ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль бол тэдний эцсийн тулаан гэсэн үг. МАН 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи сонгууль бүрт ялагдал хүлээж байгаа нь гашуун үнэн. Гэхдээ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Н.Энхбаярыг унагах үйлдлийг МАН-ынхан хийсэн гэдэг. Түүнээс болж Н.Энхбаяр өрх тусгаарлаж намынхаа хуучин нэрийг сэргээн дахин нэг МАХН-ыг бий болгосон. Тэр үед Монголын улстөрчид дотор Н.Энхбаяр шиг муу хүн байгаагүй. “Авлигалын загалмайлсан эцэг” нэр зүүсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АТГ-аас баривчлахад МАН-ын лидерүүд амнаасаа нэг ч үг унагаагүй. Тэд болох ёстой зүйл болдгоороо л болж байгаа мэт авирлаж байсан. Гэвч Н.Энхбаярын баривчилгаа МАН-д сөргөөр тусч экс Ерөнхийлөгчөө өмөөрсөн МАН-ын гишүүд МАХН руу цувраснаар нэг ёсондоо МАН уруудаж эхэлсэн юм. МАН-аас тасарсан МАХН-ыг намын лидер гэгддэг Ц.Нямдорж “МАН бол их мөрөн, МАХН бол их мөрнөөс тасарсан шалбааг” хэмээж байсан. Гэтэл одоо МАН, МАХН хүч хавсарч ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох талаар яригдаж эхлэв.

МАН, МАХН хамтарч болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудал МАН-ын дүрмээр явах уу, МАХН-ын дүрмээр явах уу гэдэг асуудал гарч ирнэ. Намаасаа хортой, шартай МАХН-ынхан “Та нар хэнийг дэвшүүлэхээ шийд. Бид дэмжиж ажиллая” гэж хэлэх нь юу л бол. Хамгийн гол нь МАХН, МАН-тай хамтрах ганцхан асуудал байгаа. Тэд намын дарга Н.Энхбаярыгаа аврахын төлөө л МАН-тай эвсэж байгаа хэрэг. Түүнээс МАН-тай нэгдэнэ гэвэл МАХН засгаас гарах хэрэгтэй болно. Нөгөө талаар намын нэрний асуудал ч сөхөгдөх нь тодорхой. Хамгийн гол асуудал нь МАХН-аас Засгийн газарт орж сайдын сэнтийд заларсан нөхдүүд суудлаасаа ховхрохыг нэг их хүсэхгүй. Түүнчлэн МАХН засгаас гарвал МАН-аас ялгаагүй л болно гэсэн үг.

Бодит үнэн гэвэл МАН, МАХН-ын гишүүдийн үзэл бодлоос илүү намын дарга нарын тохиролцоонд тулгуурласан тоглолт болох нь тодорой байна. Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж байдаггүй гэдэг. МАН-ын дарга Ө.Энхтүвшин МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэд хэдэн удаа эргэж очсон байна. Ингэхдээ зүгээр нэг хуучин хамтрагчийн хувиар биш, хоёр намын даргын хувиар уулзсан бололтой. Тэд ирэх сонгуульд эвсэж орохоор шийдчихсэн гэнэ. Н.Энхбаярын хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2009 онд “Далаараа тавиулсан”, улс төрийн золиос болсныхоо хариуг авах. Ө.Энхтүвшин навс уначихаад байгаа намаа аврах. Ийм л зорилготойгоор тэд гар барилцсан аж. Харин нар, нарснаас хийх тэдний тоглолт ямар байх, түүний үр дүнд Ц.Элбэгдоржийг унагаж чадах эсэхийг харах л үлдэх шив дээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив