Урлагийнхан унтаа байдлаасаа сэрмээр юм
2013 оны 3 сарын 11
Урлагийнхан унтаа байдлаасаа сэрмээр юм
Монголын урлаг унтаа байдалтай байна хэмээн хэн нэгэн хүний хэлсэн үг санаанаас гарахгүй байсан ч сүүлийн хэд хоногт болсон үйл явдал энэ үгийг батлаад өгөх шиг болов. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Харин энэ баярын сургаар урлагийн тоглолтууд борооны дараах мөөг шиг бужигнав. Хэзээнээс нааш эмэгтэйчүүдийн баярыг ээжүүдийн баяр хэмээн хүн бүр л ижийгээ баярлуулах гэж хичээдэг.
Шүүдрийн дусал цуглуулж цай чанаж өгвөл ижийнхээ ганцхан шөнө босож хөхүүлсэн ачийг нь л хариулдаг юм гэнэ лээ. Тэгэхээр ижий бурханы ачийг хариулж барна гэж байдаггүй гэдэг үг үнэн. Тиймээс л ядаж жилдээ ганц болдог эмэгтэйчүүдийн баяраар ээжийгээ баярлуулах гэсэн хүн бүр том жижиггүй мэрийх нь дамжиггүй. Ижийгээ баярлуулах гэсэн үрийн сэтгэлээр тоглож буй урлагийнхныг харахад үнэхээр өрөвдмөөр. Гуравдугаар сарын 5-наас эхлээд л эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтууд ар араасаа хөврөв. Нийтийн дуучид салхийг нь хагалсан Мартын 8-ны тоглолтууд рок поп, хошин урлагийнханаар үргэлжлэх нь тэр. Нийтийн дуучдын тоглолт Монгол бөхийн өргөө, Улаанбаатар паласт хийгдсэн бол рок попынхон арай өөр сонголт хийжээ. Тэд ресторан, паб-д тоглолт хийж, харин хошин урлагийнхан Соёлын төв өргөөнүүдийг сонгожээ.
Үгүй яах вэ дээ. Ижийтэй хүн бүрт зориулсан, Монголын сайхан ээжүүдэд зориулсан урлагийнхны тоглолт 10 мянгаас 160 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг дээ. Хэрэв мөнгөтэй бол ижийдээ, эхнэртэй дуртай тоглолтыг нь үзүүлж болно.Ижийдээ урлагийн тоглолт үзүүлж чадахгүй байгаа хүний хохь нь. Хамгийн хям дхан тоглолт бол хошин урлагийн “Маск”, “Х түц”, “Шинэ үе”-ийн тоглолтуудын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй. Тэгвэл “Үртэй хүн жаргалтай”, “Жаргааж амьдрахсан ээжийгээ”, “Миний ээж хөөрхөн” зэрэг нийтийн дуучдын тоглолтын билет 10-15 мянган төгрөг. Эдгээрээс гадна рок попынхны тоглолтын тасалбартай танилцвал:  “Хурд” хамтлагийн “Ханьдаа дуулъя” амплаггед баярын цэнгүүн “Irish Pub”-д болсон бөгөөд тасалбар 160 мянган төгрөгт хүрэв. Тэгвэл “Thai” ресторанд   “A Sound” хамтлагийн залуус “Woman`s day” тоглолтоо хийсэн бөгөөд 50 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Харин “Баянгол” ресторанд болсон нэвтрүүлэгч Д.Цовоо, “Харанга” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин  Ц.Энхманлай нарын “Хайрын дуу” нэртэй хамтарсан тоглолтын тасалбар 80 мянган төгрөгөөр үнэлэгджээ. Тэгвэл Ардын жүжигчин А.Долгор тоглолтоо 20 мянгаар, МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг "Сүүтэй энгэрийн аялгуу" нэртэй VIP цэнгүүнээ 88 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Магадгүй дуу хуураар дүүрэн үдэш бүр сайхан, аз жаргалтай байсан биз.
Гэхдээ энд нэг зүйлийг хэлмээр байна. Хэн нэгэн дуучин өөрийн ур чадвараа хэдэн төгрөгөөр ч үнэлж болно. Тэднийг үзэх нэг нь үзнэ, үзэхийг хүсэхгүй нь үзэхгүй. Энэ бол хувь хүний сонголт. Гэсэн хэдий ч урлагийнхны эл үйлдлийг харахад арай ч биш юм шиг санагдаж байна. Тэд яагаад заавал баяр болохоор ингэж олуулаа онгорхой болгонд тоглолт хийх ёстой гэж. Ердийн үед яагаад тоглож болохгүй гэж. Үнэндээ баяр ёслолын биш жирийн нэг үдэш тоглолт үзэхээр гарвал хошин урлагийн хэдэн тоглолтоос өөр зүйл байдаггүй. Тэр үед нийтийн болон рок попын дуучид унтаж байдаг бололтой. Үгүй ядаж шинэ уран бүтээл хийсэн ч юмгүй байдаг юм шив дээ.
Үүнийг нь тэдний ээжүүдэд зориулсан тоглолтоос харж болно. Нэг л их сайхан нэртэй, сүржин рекламтай тоглолтууд. Ээжийн тухай, ханийн тухай, хайрын тухай сайхан нэртэй тоглолтын реклам чөлөө завгүй телевизүүдээр цацагдахыг харсан олон нийт ээжийнхээ, ханийхаа сонирхолд тааруулж, сэтгэлд нийцсэн тоглолтын тасалбарын эрэлд гарсан. Харин дээрх үнэ ханшаар худалдан авсан төдийгүй нийтийн дуучдын тэр дундаа “Үртэй хүн жаргалтай”, “Миний ээж хөөрхөн” тоглолтуудын тасалбар борлуулалт ихтэй байсан бөгөөд билет шаглагчид 25-30 мянга хүртэлх үнээр дамлаж байсан гэж байгаа. Шагийн үнээр ч болтугай билет олсондоо баярласан хүүхдүүд нь ээжийгээ баярлуулахын тулд л тэр шүү дээ.
Харамсалтай нь ижийтэйгээ, эхнэртэйгээ урлагийн тоглолт үзсэн залуусын сэтгэл тун дундуур байсан бололтой. Урлагийнхан үзэгчдээ дэндүү доромжилчих шиг болов. Тэдний тоглолтод шинэлэг зүйл нэг ч алга. Нөгөө л дуулдаг хэдхэн дуугаа байдаг л янзаараа дуулах нь дэндүү инээтэй. Тэд шинэ жил, Мартын 8-ны үеэр ашиг орлого ихтэй байдаг гэдгээ мэдсээр байж тэднийг үзэхээр очиж байгаа үзэгчдийг хүндэтгэх ёс зүйгүй байгаа нь харамсмаар. Эрхэм дуучин таныг үзэх гэж эгэл нэгэн ээж зүүсгэл гоёлоо зүүсээр очсон шүү дээ. Гэтэл эгэл нэгэн ээжид барьсан  таны бэлэг юу байв гэдгийг бодох цаг нь болжээ. Урлагийн хүн байнга л бэлтгэл сургуулилт хийхгүй бол зэвэрдэг хэмээдэг биш билүү. Тэгвэл манай урлагийнхан зэврэх нь байтугай юм болчихож. Яагаад шинийг эрэлхийлж, сайхан зүйлийг сэтгэхгүй байна вэ.
“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд яагаад төрийн соёрхол хүртсэн гээч. Тэр шинийг эрхийлж, шинэлэг зүйл хийж чадсан юм. МУГЖ С.Жавхланд яагаад үзэгчид хайртай байдаг гэвэл тэр чадалтай хоолойтой төдийгүй нийтийн дуунд хэрэгтэй байгаа орон зайг олж харж чаддаг юм. Тэгвэл энд тэндгүй тоглогдох нийтийн болон рок попын тоглолтууд ядаж л Д.Болд, С.Жавхлан нар шиг сэтгэж чадахгүй байна шүү дээ. Дуучид минь дээ. Та нарын хэдэн жил улиг болтлоо дуулсан дууг үзэж, сонсох гэж үзэгчид үзвэрийн билет авдаггүй юм гэдгийг харах цаг болоогүй гэж үү.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив