Ижийтэйгээ байхад баян
2013 оны 3 сарын 11
Ижийтэйгээ байхад баян
Бид... “Эхийнхээ хэвлийд арван сар
Уруугаа бойжин ургаж
Эх газарт хүрүүтээ
Дээшээ урган өссөн  
Цаг тооны үргэлжлэл
Цагаан сүүний ургамал...”. Тийм ээ, бид энэ орчлонд эх, үрийн заяагаар хүйн холбоотой. Мөнхөд үргэлжлэх цагаан сүүний ургамал.
Хүн гэдэг зүүний үзүүр дээр тогтох будаатай адил энэ ховорхон тохиолоор хүмүүн биеийг олж, эхийнхээ хэвлийд арван сар бойжин дуугаа хадаан эх дэлхий дээр мэндлэх тэр мөч яах аргагүй бурхдын бэлэг. Бас ээж хүний энэ орчлонгийн хамгийн нандин үе. Харин унтах нойроо хугаслан байж, үрээ өсгөсөн эх хүний зовлонг бид мэддэг хэрнээ мэдэхгүй өнгөрөөх нь олонтаа. Хүн гэдэг үрдээ үр харам гэхчээр хэзээ ч мууг бодолгүй, сэтгэл нь үргэлжилж шаналж, араас харуулдах нь бий. Хол газар зовж, бие нь тавгүйтэхийг хүртэл зөн совингоороо ээж нар минь мэддэг. Энэ нь эх, үрийн хүйн холбоог илтгэдэг.
Бурууг нь зөөллөж, бусдаас далдуурхан өмөөрөх, бас хайраа нуун хааяахан зэмлэлийн үг илгээхэд нь гомдогч энэ бол ээж хүний шагнал. Бид энэ шагналыг олон болон цөөн удаа хүртэхдээ гол нь биш. Харин энэ шагнал зарим нэгэнд хожмын үед бодох сургааль байдаг нь нууц биш. Тиймээс ижий бурхдынхаа цагаан мэлмийд сөгдөн мөргөж чаддаггүй юмаа гэхэд сэтгэлийг нь хааяа нэг баярлуулж байх нь хамгийн том бэлэг биз ээ. Тэднийхээ сургааль, урмын үгийг нь сонсож байхад хамгийн их аз буян. Тиймдээ ч ижийтэйгээ байхад баян байдгийг санах биш, өдөр бүр урамшиж явах нь энэ насны жаргал буй.

Хатуу хүнд зовлонгийн ирмэгээс эх хүн хүүхдээ л хамгаалан өрсдөг. Хэзээ ч өөрийгөө боддоггүй. Энэ бол гашуун үнэн. Өнгөрсөн намар голын мөс цөмрөн эх хүүхэд хоёр урсаж, одоо хэр нь олдоогүй. Үүнийг яагаад дурсав гэвэл, эх хүүхэдтэйгээ голоос арай гэж мөсөн дээр гараад “Туслаач” гэж явахад нь хэн ч тэднийг авраагүй. Хэрвээ хэн нэг нь туслаад аварсан бол өдийд амьд сэрүүн байхыг үгүйсгэхгүй. Харин голын тэсгим хүйтэн уснаас амь тэмцэж, хүүхдээ аврах гэж тэр ээж хэчнээн их тэмцээ бол оо. Хатан ухаан, эрэмгий дайчин чанар монгол ээжүүдэд минь бий ч ус гэдэг аюулыг үртэйгээ гаталж чадалгүй, хүйтэн ертөнцийн өмнө өвдөг сөгдсөн биз ээ. Тиймээс энэ хүний хайрыг энэ өдөр эргэн нэг сануулах гэсэн минь энэ.

Хэдийгээр шүүдрийн дуслыг цуглуулж цай чанаж өгч чаддаггүй юмаа гэхэд Мартын-8 буюу Олон улсын эмэгтэйчүүд баярын өдрөөр нь ээжүүддээ баглаа цэцэгсийн оронд хайртай гэдэг үгийг нэг удаа ч болов уу хэлж байя. Мянга мянган ээжийн минь сэтгэл нь гэрэлтэнэ.

С.БАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив