Өнөөдөр Пи тооны олон улсын өдөр
2013 оны 3 сарын 14
 Өнөөдөр Пи тооны олон улсын өдөр
Математикийн тогтмол π тооны баярыг дэлхий даяар жил бүр зохион байгуулах болоод удаж байгаа билээ. Тус баярыг гуравдугаар сарын 14-нд буюу π тооны эхний гурван цифртэй ижил өдөр зохион байгуулдаг байна. Хэдийгээр π тоо нь төгсгөлгүй үргэлжлэх иррациональ тоо боловч дэлхий дахинд тус тооны эхний гурван цифр буюу 3.14-ийг хамгийн түгээмэл ашигладаг.

Иймээс π тооны баярын өдрийг гуравдугаар сарын 14-ний өдөр тэмдэглэж байх санааг гаргасан байна. π тооны баярын өдрийг хамгийн анх 1988 онд өргөн дэлгэр тэмдэглэж байжээ.

2009 оны гуравдугаар сарын 12-нд АНУ-ын Конгрессийн доод танхимын гишүүд 2009 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн жил бүр Үндэсний π тооны баярын өдрийг тэмдэглэж байх явдлыг албан ёсоор баталсан.

2010 оны π тооны баярын өдрийг дэлхийн хамгийн том интернетийн хайлтын систем Google дэмжин ажиллаж энэ өдөр өөрийн лого болон π тооны тэмдэглэгээ бүхий тойргуудаар интернетийг чимсэн байна.

Манай орны хувьд өнгөрсөн жил ШУТИС-ийн эрдэмтдийн зүгээс санаачлан π тооны өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон.

Өнөөдөр ой санамжын чадвараа шалгагчдын хувьд ой тогтоолтын шалгуурын ноён оргил буюу “Everest” нь π тооны таслалаас хойш хязгааргүй үргэлжлэх аль болох олон оронг цээжлэн буцаж алдаагүй санах явдал юм. Тэр ч утгаараа үүнийг шалгадаг мөн дээд амжилтыг нь Геннисийн номонд бүртгүүлдэг албан ёсны байгууллага болох Дэлхийн π тооны холбоо байдаг. Энэ холбоо нь урт хугацаанд хичээллэх, бэлтгэл хийх боломжтой ой тогтоолтын спортын уралдаан тэмцээн зохиох шаардлагатай болсон учраас Дэлхийн π тооны холбоог байгуулсан байна. Учир нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа олонх ой тогтоолтын спортын холбоодууд тамирчдын мэдээллийг маш хурдтайгаар цээжлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл олон улсад явагдаж буй ой тогтоолт оюуны спортын тэмцээнд тухайн тамирчин тэмцээний үеэр төрлүүд нь тодорхой ч ямар мэдээлэл цээжлэх хэрэгтэйгээ урьдаас мэдэх боломжгүй гэсэн үг юм. Харин

Дэлхийн π тооны холбооноос зохион байгуулдаг тэмцээн уралдааны хувьд оролцогчид урьдаас π тооны таслалаас хойшхи орныг цээжилсэн байдгаараа ялгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл шалгалтын материал нь тодорхой учраас тухайн тамирчин энэ төрлөөр хүссэн хэмжээгээрээ бэлтгэл хийх боломжтой гэсэн үг.

БНХАУ-н иргэн оюуны спортын тамирчин Чао Лу 2005 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр π тооны таслалаас хойш 67,890 цифрийг 24 цаг 4 секундын турш алдаагүй нэрлэж Гиннесийн номонд албан ёсоор бичигдсэн байдаг. Нэг хатуу дүрэм нь цифр бүрийг нэрлэх хоорондын зай 15 секундээс их байж болохгүй. Тиймээс ариун цэврийн өрөө явах, босож суухыг ч хориглодог.

Сүүлийн үед хүмүүс хөдөлгөөний ач холбогдлыг сайн ойлгох болж, биеийн тамираар хичээллэн эрүүл мэнддээ анхаарах болоод байгаа билээ. Хэдийгээр хүн бүр өдөр тутмынхаа амьдралд хаа нэг тийшээ гүйх эсвэл ямар нэгэн хүнд зүйл өргөх шаардлага гардаггүй ч гэсэн бие бялдрын хувьд эрүүл чийрэг байх нь тэдний амьдралд эерэг нөлөө үзүүлдэг. Биеийн тамираар хичээллэх нь биеийн эрүүл чийрэг байдлыг сайжруулдагтай нэгэн адилаар оюуны спортоор хичээллэх нь мөн уураг тархийг хөгжүүлж байдаг. Ямар нэгэн зүй тогтол давтамжгүй мэдээллийг цээжлэх нь ой тогтоолтын хувьд хамгийн хүнд даалгавруудын нэг байдаг. Иймээс π тооны таслалаас хойшхи цифрүүдийг цээжилж, эргүүлэн санах нь урт хугацааны ой тогтоолтын чадварыг шалгах үндсэн хэрэгслэл болдог. Иймээс оюуны спортын нэгэн төрөл болох ой тогтоолтоор хичээллэх нь зөвхөн цифр санах чадварыг хөгжүүлдэг бус харин үүний зэрэгцээ суралцах, уураг тархиндаа бий болсон бодлууд болон санаануудыг зүй зохистой холбох чадвар зэргийг давхар хөгжүүлдэг онцлогтой юм.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ