“Женко” Х.Баттулга шинэ Засгийн газар байгуулах бэлтгэлээ базааж байна
2013 оны 3 сарын 14
 “Женко” Х.Баттулга шинэ Засгийн газар байгуулах бэлтгэлээ базааж байна
Олон нийт ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль руу анхаарлаа хандуулж, аль намаас хэн нэр дэвших вэ гэлцэж байх зуур УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газарт өөрийн гэсэн “вант улс”-ыг байгуулаад амжжээ. Ингэхдээ тэрбээр өөрийн удирддаг МоАХ-ны гишүүд болон өөрийн гарын бөхчүүдээр багаа бүрдүүлж, тэднийг аль амт шимттэй, ашигтай суудлуудад суулгаж амжсан байна.
УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газарт МоАХ-ны гурван сайд бий. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар. Өөрийн фракцид гурван сайдын суудал авсан “Женко” дэд сайдын суудлыг мартаагүй тул МоАХ-ны нарийн бичгийн даргаар таван жил ажилласан Г.Байгальмаагаа Барилга хот байгуулалтын,  А.Баттөрийг Батлан хамгаалахын дэд сайдаар томилуучихсан. Үүгээр ч зогсохгүй “Иргэний хөдөлгөөн”-ий О.Магнайг АН-д элсэхэд өөрийн фракцид оруулж амжсан тул түүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болгочихов. Ингэснээрээ “Талх чихэр”, “Атар”, “Мах импекс” зэрэг үйлдэрүүдийн дээр бизнесийн хэд хэдэн байгууллагатай хүний хувьд өрсөлдөгч нараа “айлгах” ганц түлхүүртэй болж байгаа хэрэг. За тэгээд МоАХ-ын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдоход нэлээд хөшүүрэг болж өгсөн гэж байгаа. Энэ нь хүчний байгууллагад МоАХ нөлөө бүхий байх гэсэн хэрэг хэмээн ярих хүн олон бий.
Өөрийн хүмүүсээ албан тушаалд томилуулах “Женко”-гийн хүсэл үүгээр зогссонгүй.  Тэрбээр МҮАН-ын дарга М.Энхсайханыг Төмөр замын даргаас халуулсан нь төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлаас болсон ч хэрэг биш гэнэ. Харин түүний оронд өөрийн хүн болох П.Бат-Эрдэнийг томилуулах давхар нүүдэл хийсэн юм байх. М.Энхсайханыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаас халах шийдвэртэй цуг П.Бат-эрдэнийг томилох асуудлыг цуг шийдвэрлүүлсэн гэх нь бий.
Өмнөх буюу хамтарсан Засгийн газарт Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдсон Х.Баттулга дэд сайдаараа А.Гансүхийг тавьсан. Тухайн үед А.Гансүхийг олон нийт “Женко”-гийн “битүү морь” хэмээж байсан юм. Түүгээр ч үл барам хүнийг ханилснаар нь гэдэг дээ “Женко” сонгосон юм чинь гайгүй сайн лидер болох байх хэмээж байсан нь нууц биш. Тэгвэл өнөөдөр А.Гансүх Зам тээврийн сайдаар томилогдон ажиллаж байна. Харамсалтай нь олон нийтийн бодсон шиг сайн лидер байсангүй, зүгээр л “Женко”-гийн гарын үзүүрээр хөдөлдөг “Утсан хүүхэлдэй” болон хувирчихсан гэж байгаа.
“Женко” Х.Баттулгын бас нэг давуу тал нь түүний гарт бөхчүүд бараг тэр аяараа багтдаг гэдэг. Тиймээс тэднийхээ аль дөмөгхөнийг нь албан тушаал руу зүтгүүлж, өөрийн “Вант улс”-аа өргөжүүлсээр байна. Тэрбээр Монголд анх удаа олимпийн алтан медальтныг төрүүлсэн ачтан. 2008 оны зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртсэн нь “Женко”-г хүндлэх монголчуудын хүндлэл хүчээ авсан гэж хэлж болно. “Женко” нутгийн дүү Улсын начин Б.Сэр-Одыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тамгын газрын дарга болгосон. Уг нь тэрбээр тус газрын “Сүлд” спорт хорооны дэд дарга байсан юм. Улсын начин Б.Сэр-Одыг энэ албан тушаалд тавьснаар “Женко”-гийн энэ салбарт эзлэх байр суурь хэр болох нь ойлгомжтой.
“Женко”-гийн дараагийн онилсон газар нь Монголын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр. Шинэ Засгийн газар байгуулагдаж “Эрдэнэт”-ийн удирдлагаар оролдохгүй хэмээж байсан ч нэг л өдөр тус үйлдвэрийн захирлуудыг солих болсон. Үүнд “Женко”-гийн нөлөө их байсан гэдэг. Үүнийг нотлох гэсэн мэт “Эрдэнэт”-ийн захирлаар Аймгийн арслан Цэрэнсамбын Даваацэрэн гэгчийг томилсон. Энэ хүнийг уул уурхайн компаниуд болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар ажиллаж байсан гэх боловч “Женко” бөх хүнээр биднийг удирдуулчихлаа хэмээн ГОК-ынхон дургүйцэж байгаа сурагтай. Бас нэг зүйл нь “Эрдэнэт”-ийн Худалдаа эрхэлсэн дэд захирлын албанд Хан-Уул дүүргийн АН-ын дарга асан Б.Ариунболдыг томилсон явдал. Тэрбээр 2008-2012 онуудад нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. 2008 онд нийслэлийн ганцхан дүүрэгт АН ялалт байгуулсан нь Хан-Уул дүүрэг. Гэтэл бараг дөрвөн жилийн туршид албан тушаалын хэрүүлтэй байсан билээ. Б.Ариунболдыг намын дүрэм журмыг зөрчиж, ирцгүй хурал хийж, намын удирдлага, бүтэц зохион байгуулалтад дур мэдэн өөрчлөлт оруулан намын дүрэм журмыг сахин мөрдөх, гишүүдийн эв нэгдлийг хангах үүргээ биелүүлсэнгүй хэмээн Нийслэлийн АН-ын удирдлагууд хариуцлага тооцож байсан удаатай. Намын даргын ажлаа өгөхгүй хэмээн тамга тэмдгээ авч зугтааж байсан энэ эрхэм УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтын 28 дугаарт бичигдэн нэр дэвшиж байсан. Намын жагсаалтаар нэр дэвшихээс эхлээд “Эрдэнэт”-ийн дэд захирал болох хүртэлх бүх үйл ажиллагааг “Женко” зохион байгуулсан гэх.
 “Женко”-гийн буянаар “Эрдэнэт”-д захирал болсон эрхмүүд ажилчдынхаа доог тохуу болж байгаа сурагтай. Учир нь өглөө бүр болдог Шуурхай хуралдаан дээр шинэ удирдлагууд орос хэл мэддэггүйгээс дэргэдээ орчуулагч суулгаж байгаад хуралддаг гэнэ. Энэ мэтчилэн эрдэм номтой гэхээсээ илүү эр бяртай бөхчүүд сонгодог “Женко”-гийн сонголт жаахан үеэ өнгөрөөж байгаа бололтой. Үүнийгээ ухамсарласан уу сүүлийн үед АН-д шинээр элсэж байгаа мөнгөтэй, амбицтай нэгэнд нь хамгийн түрүүлж МоАХ-д элсэх санал тавьдаг гэж байгаа.
Гэсэн ч “Женко” АН-д болон Засгийн газарт өөрийн гэсэн орон зай, баг бүрдүүлсээр байгаа нь далд санаатай байж болох. Өмнөх Засгийн газарт Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байсан тэрбээр АН засгаас гармагц бужигнуулж байсан билээ. Тэрбээр өнгөрсөн оны эхээр АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах ажиллагааг гардан хийж байсан. Эцэст нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө “Алтан гадас” болон МоАХ фракцийнхан “Энэ сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулбал Засгийн эрхийг хоёр хоёр жилээр хувааж барих” тохиролцоо хийсэн гэдэг. Тэгэхээр “Женко”-гийн хүмүүсийн албан тушаалын марафон нь дээрх тохиролцоог хэрэгжүүлэх бэлтгэл гэж ойлгогдохоор байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив