Бялуугаа хэтрүүлсэн Н.Алтанхуяг баларч эхлэв
2013 оны 3 сарын 15
Бялуугаа хэтрүүлсэн Н.Алтанхуяг баларч эхлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн суудал нь өнцөгдсөн бололтой. УИХ-ын 2012 оны сонгуульд АН олон болж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран Засгийн газар байгуулсан. Намын даргын хувьд Н.Алтанхуяг Ерөнхий сайдын зөөлөн сэнтийд заларсан билээ. 1996-2000 оныг эс тооцвол Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш засгийн эрхийг бариагүй АН-ынхан ёстой л “Юм үзээгүй” гэдэг шиг зүйл болох нь тэр. Дээр доргүй албан тушаалын халаа сэлгээ. МАН угшилтай нөхдийг толгой дараалан ажлаас нь чөлөөлж, оронд нь АН-ын гишүүн л бол албан тушаалын бялуу хүртэх эрхтэй гэсэн зарчим үйлчилж эхлэв. Үнэндээ зарим нэг хүн “Ардчилал яллаа гэж бодсон чинь юу болох нь энэ вэ” хэмээн халаглаж суусан.
Арга ч үгүй биз. Албан тушаал, эрх мэдэл гэдэг зүйл намын харъяаллаас гадна ах дүүсийн хамаарлаас шалтгаалж эхлэсэн юм хойно. Ямар сайндаа л олон нийт Н.Алтанхуягийн ах дүүсийн томилгоо гээд нэрлэчихсэн байх вэ дээ. Ингэж нэрлэхээс ч өөр аргагүй байсан юм хойно. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга болсон бол, Н.Алтанхуягийн дүү Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдов. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландорж нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилогдсон ч өөрийн хүсэлтээр татгалзсан гэж байгаа. Энэ ч яах вэ. Энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд дүүгээ нэр дэвшвэл муу нэр зүйлгэхгүй гэсэндээ хийсэн үйлдэл хэмээн олон нийт дүгнэж байгаа. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний дүү Х.Хулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга, УИХ-ын дэд дарга С.Баярцогтын дүү С.Баярбат Эрчим хүчний яамны газрын дарга болсон. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн харилцааны дарга болгоод амжсан бол УИХ-ын гишүүн А.Бакейн эхнэр Хөдөө аж ахуйн яамны газрын албаны даргын суудалд заларсан гэж байгаа.
Түүгээр ч зогсохгүй АН угшилтай “Шударга ёс” эвслийн гишүүн Г.Уянга өөрийн нөхөр А.Баатархуягийг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилуулж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ах Ж.Бат-Эрдэнийгээ Монголын цахилгаан шуудан компанийн ерөнхий захирлаар, С.Одонтуяа нөхөр н.Өлзийдүүрэнгээ Газрын тосны газрын дарга болгож дөнгөсөн. Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын томилгоо ах дүүсийн хүрээнээс хальж туслахуудыг нь ч харж үзсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн туслах н.Номингэрэл Хууль зүйн яаманд, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн туслах н.Оюунцэцэгээ Боловсролын яамны Хяналт-мониторингийн газрын дарга болгосон бол УИХ-ын гишүүн Х.Баттулга МоАХ-ын нарийн бичиг байсан эмэгтэй Г.Байгалмааг Барилга хот байгуулалтын  дэд сайдаар томилох нь тэр.
Энэ мэтчилэн АН-ынхны ах дүү, танил талын албан тушаалын томилгоо эхэндээ олон нийтийн анхаарлын төвд байсан ч ээлж, дараалан халаа сэлгээ хийсээр байсан тул тэгсхийгээд байх л ёстой зүйл мэт болж хувирав. Засгийн эрхийг гартаа атгасан Н.Алтанхуягийн ах дуу, анд нөхдийн амраг садан нэгэнд өөрт тохирсон суудалд оногдсон тул тэрбээр дараагийн алхмаа хийж эхэлсэн. Энэ юу вэ гэвэл ялалтын бялуу, албан тушаал хуваарилалтын амтыг мэдэрсэн Ерөнхий сайд маань дахин нэг ч суудлыг сөрөг хүчинд өгөхийг хүссэнгүй. Тиймдээ ч тэрбээр Орон нутгийн хурлын сонгуульд МАН-ын ялсан аймаг, дүүргүүдийн Засаг дарга нарын томилгоог баталгаажуулахгүй, өөрийн намын нөхдийг томилж гарах нь тэр.
Иргэн Ш.Раднаасэд, П.Ганзориг нар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орон нутгийн хурлын сонгуулийн дараа Дармаагийн Амарбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын “Үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, мөн  Хөвсгөл аймгийн Засаг дарга Лааганы Цэрэнжавыг  “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн байна. Үүнийг нь Цэц хэлэлцээд маргаан үүсгэх шаардлагатай хэмээж асуудлыг Дунд суудлаар хэлэлцэхээр болсон. Гэтэл Цэцийн дунд суудлын хуралдаан болохын өмнөх өдөр буюу 2013 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр дээрх иргэдийн мэдээлэлд дурьдсан Монгол Улсын Ерөнхий сайдын  захирамжууд, мөн дээрх захирамжтай агуулга ижил Дорнод аймгийн Засаг даргаар Д.Цэрэнчимэгийг Засаг даргын ”Үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” 2013 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон тухай  захирамжийг  Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байдаг. Ерөнхий сайд ямар их сандарсан болохыг түүний үйлдлээс харж болохоор байна.
Энэ бол АН-ын ялагдсан аймгуудын эрх мэдлийг эсрэг талдаа өгөхийг хүсээгүй түүний үйлдлийн хариу болсон юм. Тэгвэл Ерөнхий сайдын үйлдлийн хариу болгож бас нэгэн харанга дэлгэв бололтой. Учир нь иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 83 дугаар захирамжаараа Засгийн газрын тохируулагч агентлаг -Тагнуулын Ерөнхий газрын дэд даргыг томилохдоо гүйцэтгэх ажлын мэдлэг туршлагатай байх хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Үүний дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэн шалгасан байна.
Цэц Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх захирамж нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах  төрийн үүргийг хөсөрдүүлж байна хэмээн үзжээ. Тиймээс дээрх маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудал гуравдугаар сарын 20-нд хуралдахаар болсон байна. Угтаа Ерөнхий сайд маань өнгөрсөн оны 11 дүгээр сард  Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Д.Ариунсанг томилсон билээ. Д.Ариунсан нь өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Харин Н.Алтанхуягийн ивээлд багтаж, АН-ын бялуунаас хүртэн ийнхүү Тагнуулын ерөнхий газрын дэд дарга болсон хэрэг.
Үндсэн хуулийн Цэц Н.Алтанхуягийн томилгооны талаар хэлэлцэх товоо зарлачихлаа. Харин эрхэм ноён Ерөнхий сайд маань яах бол. Арай бас өмнөх шигээ Цэцийн дунд суудал хуралдахын өмнөх өдөр шийдвэрээ цуцалсан гэдэг бичиг илгээх юм биш байгаа. Арай ч үгүй байлгүй дээ. Цэц дуудах болгонд гаргасан шийдвэр бүрээ цуцалчихсан шүү гээд бичиг илгээх юм бол анхнаасаа томилох хэрэг юу байна. Юу болохыг харж л байя.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив