О.Магнай Г.Батхүүг барах уу
2013 оны 3 сарын 21
О.Магнай Г.Батхүүг барах уу
О.Магнай даргад талархаж, сав л хийвэл хошуу өргөдөг цаг ард өнгөрөв бололтой. Учир нь О.Магнай дарга хэнтэй яаж харьцдаг вэ гэдэг нь түмний нүдэнд илхэн болов.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 12-нд Шунхлай компани шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмчихэв. Бусад нефть импортлогчид нэмээгүй байхад ганцаараа үнээ нэмдэг ямар хачирхалтай юм бэ хэмээн иргэд алмайрч байна. Шунхлай үнээ нэмсэний маргааш нь буюу 13-нд ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд хэлэхдээ “Шунхлай, Магнай трейд компаниуд шатахууны үнээ нэмэх саналаа ирүүлсэн. Өөр компаниудаас ийм хүсэлт ирээгүй байна. Үнэ нэмэх болсон шалтгааныг нь манай байцаагч нард судалж байгаа. Шатахууны үнэ өнгөрсөн долдугаар сараас хойш нэмэгдээгүй. Одоо нэмж буй 50 төгрөг бол бодитой тооцоо, судалгаанд үндэслэсэн үнэ юм. Ер нь цаашдаа шатахууны үнэ жижиглэнгийн зах зээл буюу хэрэглээний түвшинд тогтвортой байх болно. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллах болно” хэмээх нь тэр. Дээрх компаниуд үнийн санал дээрээ 200 гаруй төгрөгөөр нэмэх хүсэлтэй байгаагаа дурьдаад эхний ээлжинд ард иргэдээ бодож 50 төгрөгөөр нэмж буй талаараа дурьдсан байна.

Үгүй мөн хачин юм аа. Шунхлай компани үнээ нэмэхээр бодит үнэ болчихдог. Бусад нь үнээ нэмчихвэл үндэслэлгүй гэгддэг. Ийм зарчим манайд аль хэр удаан үргэлжлэх юм бол доо. Бас болоогүй ээ. О.Магнай даргын хэлснээр шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд талхны үнэ дөрвөн төгрөгөөр л нэмэгдэх юм гэнэ. Гэтэл тэр дөрвөн төгрөг нь хэрэглэгчийн гар дээр очихдоо 40 төгрөгөөр нэмэгдээд очдог тал бий. Тэгвэл яах болж байна. Талх үйлдвэрлэдэг томоохон компаниуд болох Атар өргөө, Талх чихэр компаниуд бас л үүнээс өөр арга байсангүй гээд суух биз. Тэгэхээр нь О.Магнай дарга “Манайхан судалж байгаа. Талхны үнэ нэмэгдэх шалтгаан байна” гээд суух уу.

Ингэж хардах үндэс байна. Нэгдүгээрт, шатахууны үнэ нэмэгдэхэд зөвхөн талхны үнэ нэмэгддэггүй гэдгийг О.Магнай дарга мэддэггүй юм бол ард иргэд мэдэрдэг, хүссэн ч, хүсээгүй ч хэрэгцээт зүйлээ нэмэгдсэн үнээр нь худалдан авдаг. Хоёрдугаарт, угтаа нефть импортлогчдыг шатахууны үнээ нэмэхгүй байлгах талаар засгийн газраас арга хэмжээ авч тэдэнд хөнгөлөлттэй зээл олгосон. Алгаа дэлгэж зээл авахдаа тэд үнээ нэмэхгүй гэдгээ хэлсэн биш билүү. Гэвч 2013 он гармагц буюу шинэ оны эхний долоо хоногт шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдсэн. Тухайн үед О.Магнай дарга мөн л “Шатахууны үнэ нэмэх нь бодитой зүйл юм. Хэрэв Засгийн газраас зээл олгоогүй бол 250 төгрөгөөр нэмэгдэхээр байлаа” хэмээж байсан. Гэвч түрүүчийн хэлсэн үг нь газар унаагүй байхад араас нь мөн л тэр үгээ тоть шиг давтахын хэрэг юу билээ.
Түүнчлэн зөвхөн Шунхлай, Магнай трейд компаниуд л өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажилласан гэвэл худлаа. Бусад нефть импортлогчид цаад газраасаа хямд үнэтэй авч, дээрх хоёр компани арай өндөр үнээр авдаг болж таарах нь ээ. Алдагдалтай ч бай, ашигтай ч бай бүгдээрээ ижил баймаар. Нөгөө талаар дээрх хоёр байгууллага ШӨХТГ-т яг ижил хүсэлт хүргүүлсэн гэж байгаа. Харин Магнай трейд хариугаа хүлээх зуур Шунхлай хүсэлт өгсөн даруйдаа үнээ нэмчихсэн нь хачирхалтай. Гайхах юу байх вэ дээ. “Шунхлай”-гийн эзэн хэн билээ дээ. УИХ-ын дархлагдсан гишүүн Г.Батхүү. О.Магнай “Шунхлай”-гийнханд шалгаж дуустал үнээ нэмэхгүй бай гэж хэлж зүрхлэхгүй байгаа нь Г.Батхүү гишүүнээс айсан хэрэг биш гэж үү. Айгаагүй юм бол ашиг сонирхлын зөрчил байна уу гэж хардах эрх олон нийтэд бий.

О.Магнай хэзээнээсээ л Г.Батхүүтэй холбоотой асуудлыг нүдээ аниад өнгөрөөдөг зантай гэлтэй. Өнгөрсөн оны есдүгээр сард “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тоглолтынхоо үеэр АПУ компанийн согтууруулах ундааг ашиглаж, далд реклам хийж байна” хэмээн ШӨХТГ-ыг шалгаж өгөх хүсэлт ирүүлсэн байдаг. Тухайн үед энэ талаар О.Магнай дарга тун итгэлтэйгээр “АПУ-г шалгах болно” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тунхаглаж байсан. Гэвч өнөө хэр нь ШӨХТГ-аас АПУ-г шалгасан эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл хэдэн жилийн өмнө бүтээсэн киног ивээн тэтгэснийхээ төлөө “Жем интернэшнл” компанийн үйл ажиллагааг сар шинийн өмнөхөн хоёр сараар хааж чадсан. О.Магнай дарга чадах зүйлээ чаддаг л юм байна гэдгийг монголчууд харсан. Харин АПУ, Шнухлай зэрэг Г.Батхүү гишүүний компаниудыг бол барахгүй нь бололтой.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив