Аминаас үнэтэй барилгын ажил айдас дагуулсаар хаалга тогшлоо
2013 оны 3 сарын 21
Аминаас үнэтэй барилгын ажил айдас дагуулсаар хаалга тогшлоо
Сарын дотор 10-аад хүний амийг авч одсон барилгын салбарын ажил эхэллээ

Хавар ирчихлээ. Хүн малын зоо тэнийсэн урин цагтай зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил эхлэж байна. Өвөлжин хүглийж эзнээ хүлээх мэт бараантан байсан дутуу баригдсан барилгын ажил одоо үргэлжилж эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн сэтгэлд айдас, түгшүүр төрөх нь тэр. Явах зайгүй болтол шахцалдан баригдаж буй барилгын ажлууд хэр найдвартайг хэлэхэд бэрх байна. Учир нь баригдаж буй барилгуудад ажиллаж буй ажилчдын төдийгүй иргэдэд аюулгүй байна гэсэн баталгааг хэн ч гаргасангүй. Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн намар ойр ойрхон болсон ослоос хойш төр засгийн тэргүүнүүд ямар ч үйлдэл хийсэнгүй. Хотын мэр Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасныг эс тооцвол энэ салбарын үйл ажиллагаа, түүнээс үүдэн хүний амь эрсдэж байгаа нь шинэчлэлийн Засгийн газарт огт хамаагүй бололтой. Хэрэв барилгын салбарт юу болсон бэ гэдгийг Ерөнхий сайд болон албаны бусад хүмүүс мартсан бол эргэн сануулъя.

Өнгөрсөн оны есдүгээр сарын гурванд хичээлийн шинэ жилийн эхний өдрийн хичээлээ тараад харьж явсан 12 настай бяцхан охины дээрээс III эмнэлгийн баруун талд баригдаж буй “Мүүди” ХХК-ийн барилгын бетон зуурмаг шахагч машины цемент дамжуулах хоолой унаж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Түүнчлэн энэ хэрэг гарснаас 10-аадхан хоногийн дараа Тэнгис кино театрын дэргэд баригдаж буй барилгаас төмөр унаж 19 настай оюутан залуугийн амийг авч одсон. Үүнээс гадна барилгын салбарт ажиллаж байгаад амиа алдсан хэд хэдэн хэрэг гарсан. Тэр бүү хэл Төрийн ордны дэргэдүүр явж байсан охины толгой дээр тоосго унаж гэмтээсэн удаатай.
Есдүгээр сарын 7-нд Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа “Рапид харш” орон сууцны барилгын материалыг дээшээ өргөж байсан краны оройн хэсэг нь хугарч унан, 26 настай краны жолооч С-ийн амь нас эрсэдсэн. Түүнчлэн 12 настай бяцхан охин амиа алдсан өдөр буюу есдүгээр сарын 3-нд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын аманд “Бридж констракшин” ХХК-ийн баригдаж буй сургуулийн өргөтгөлийн барилгын дөрвөн давхраас БНАСАУ-ын иргэн 30 настай Х унаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан. Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд баригдаж буй барилга дээр ажиллаж байсан БНХАУ-ын иргэн 49 настай Ч-ийн дээрээс тоосго унаж, амь насыг нь хохироосон. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо “Алтай” хотхоны 17 дугаар байрны гадна пассадны ажил хийж байсан “Тайгам Алтай “ ХХК-ийн туслах ажилтан 34 настай Г-ийн нуруун дээр нь 10 дугаар давхраас хоёр метр урттай бэхэлгээний төмөр унасны улмаас нас барсан гэх гурван хэрэг бүртгэгдсэн байдаг.
Дээрх хэрэг гарснаас 10-аад хоногийн дараа Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 18 дугаар сургуулийн хашаанд баригдаж буй барилгын найман давхраас  дүүжин шатных нь оосор тасарсны улмаас хоёр ажилтан унаж бэртсэний нэг нь амиа алдав. Талийгаач 40 эргэм насны,  дөрвөн хүүхэдтэй эр байсан гэж байгаа. Яг үүн шиг хэрэг мөн л 10-аад хоногийн дараа гарсан нь Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн дэргэд баригдаж байсан долоон давхар барилгын хананд өнгөлгөө хийж байсан 25-30 орчим насны залуу татлага тросс нь тасарсны улмаас доош унаж, эмнэлэгт хүргэгдсэн боловч амьд үлдэж чадаагүй. Энэ мэтчилэн барилгатай холбоотой амиа алдсан хүмүүсийг жагсаагаад байвал хэд хүрэхийг бүү мэд. Дээрх хэргүүд ердөө нэг сар гаруйн хугацаанд болсон хэрэг.

Авлигаас улбаатай амиа алдсан хэргүүд замхраад өнгөрөх үү

Барилгын салбарт бугшсан, төр засгийн албан тушаалтнууд авлига, хээл хахуульд хэрхэн өртсөнийг амиа алдан байж илчилсэн хэрэг бол 12 настай Б.Есүгэн,  19 настай, ШУТИС-ын оюутан хүүгийн хэргүүд байсан. Гэтэл эдгээр хүүхдийн амиа алдсан хэргийг өнөө хэр нь шийдвэрлээгүй байна. Хагас жил өнгөрчихөөд байхад уг хэргийг яагаад шийдвэрлэхгүй байна вэ. Энэ бол зүгээр л төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тэнгис кино театрын дэргэд баригдаж байгаа барилгаас үүдэн амиа алдсан хүүгийн хэргийг хоёр газар шалгаж байгаа гэнэ. Анх цагдаагийн байгууллага шалгаж байсан уг хэргийг Авлигатай тэмцэх газар шалгах болсонд мэдээж талийгаачийн эцэг эх баяртай хүлээж авсан байх. Гэтэл байдал шал өөр. Хүний амь эрсэдсэн асуудлыг цагдаа, барилыгн асуудлыг нь АТГ шалгаж байгаа аж. Хоёр газар хэзээ асуудлыг шийдэж, хэзээ нэгтгэн нэг шийдвэр гарахыг чөтгөр л мэдэх байх.
Тэгвэл 12 настай охин амиа алдсан хэргийг шалгаж байгаа гэх боловч байцаагч нь хоёр гурван удаа солигдсон гэнэ. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нь солигдоод байхад ажил нь яаж ч урагшлах билээ.
Нөгөө талаар бяцхан охин амиа алдан байж төрийн ажил хэрхэн явагддагийг, хууль ямар байдаг, хэрхэн хэрэгждэг гэдгийг олон нийтэд дэлгэлээ гэж хэлж болох юм. Хамгийн энгийн жишээ гэхэд л Барилгын осол болсон шалтгааныг тогтоохын тулд шинжээчээр нь Мэргэжлийн хяналтынхан ажилладаг байна. Тиймээс МХГ-ын гаргаж өгсөн шинжилгээний дүнд үндэслэн цагдаа, шүүхийнхэн шийдвэр гаргадаг юм байх. Харамсалтай нь тэр шинжээчээр ажиллаад дүгнэлт бичээд байгаа МХГ-ынхан “Мүүди” ХХК-ийн захиалгаар “Төгс гүрэн” ХХК-ийн баригдаж буй барилга “Барилгын угсралтын зураг төсөлд улсын магадлан шалгалт хийгдэж баталгаажаагүй, инженерийн шугам сүлжээнд холбох техникийн нөхцлүүдийг аваагүй” зэрэг зөрчилтэй хэрнээ долоон давхар болтлоо баригдчихаад байхад мэдээгүй байсан газар шүү дээ. Тэгэхээр баригдаж буй барилгад хяналт тавьж чадаагүй МХГ ямар дүгнэлт гаргах нь тодорхой.

Есүгэн охины амиа алдсан хэргийн өмгөөлөгч нь Баянгол дүүргийн хяналтын прокурорт “МХГ-ын байцаагчийг шинжээчээр ажиллуулахгүй хөндлөнгийн хяналтын байгууллагаар дүгнэлт шинжилгээ хийлгэхийг хүссэн” өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн байна. Прокуор нь хөндлөнгийн байгууллагаар шинжээч хийлгэхээс татгалзсан тайлбартаа “НМХГ-ын Баянгол дүүрэг дэх хэлтсийн гаргасан шинжээч нарын дүгнэлт зөв болох нь эргэлзээтэй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165.2-т зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр даалгасан” хэмээжээ. Хамгийн инээдтэй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тэрхүү прокурорын хэлсэн 165.2 гэсэн заалт байхгүй байгаа юм. Энэ хэргийн цаана хүний амь хохирчихоод байхад хуульд байхгүй зүйл заалт бичээд сууж байгаа прокурор андуураагүй л байлтай.

Үнэндээ 12 настай бяцхан охин амьд байх боломж бүрэн байсан. Хэрэв тухайн өдөр бетон зуурмагийн машиныг ажиллуулж эхлэх зөвшөөрөл олгодог оператор ажлаа хийсэн бол,  хэрэв МХГ ажлаа хийж тус барилгыг долоон давхар болтол бариулаагүй бол, хэрэв газрын алба “Мүүди” ХХК-д газар эзэмших зөвшөөрөл олгоогүй бол, хэрэв гуравдугаар эмнэлгийн дарга хашаандаа барилга бариулахыг зөвшөөрөөгүй бол гэхчилэн олон зүйл бий. Энэ бүгдийн ард өнөөх л авлига, хээл хахууль яваагүй гэж үү.
Гэтэл охины амиа алдсан шалтгааныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй ажилтнаар үүрэг гүйцэтгүүлсэн хэмээжээ. Үүнээс харахад ямар нэгэн барилгын захиалагч, гүйцэтгэгч байгууллага биш тухайн үед ажиллаж байсан хоёр ажилтан л хариуцлага хүлээхээр харагдаж байна.
Тэгвэл үнэн хэрэгтээ манай улсын барилгын салбарт бетон зуурмаг шахах машин, түүнийг ашиглах технологи орж ирээд 10 гаруй жил болж байхад энэхүү тусгай механизмын аюулгүй ажиллагааны заавар, дүрэм байдаггүй аж. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ дүрэм журмын талаар хэн ч юу ч мэдэхгүй байгаа бөгөөд хэрэг гарсны дараа шинжээчээр ажилласан хүн үйлдвэрлэгчийн зүгээс уг механизмыг дагалдуулан өгсөн англи хэл дээрх аюулгүй ажиллагааны заавартай танилцаж байсан гэх. Гэтэл тэр заавар нь манай улсын Эрүүгийн хуулиас 10 дахин зузаан байсан гэж байгаа. Тэгэхээр аюулгүй ажиллагааны заавар, дүрэм байхгүй тул хяналт тавих үүрэг бүхий улсын байцаагч нар нь “ачаа оосорлох”, “ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм зөрчсөн” гэх мэт үндсэндээ энэхүү механизмтэй огт хамаагүй барилгын норм, дүрэм зөрчсөн тухай акт үйлдээд сууж байгаа нь эмгэнэлтэй.
Барилгын салбарын үйл ажиллагаанаас болж олон хүн амиа алддаг бөгөөд ганцхан жишээ буюу 12 настай бяцхан охин амиа алдсан хэрэг ямар шатандаа явж байгааг сонирхоход нэг иймэрхүү.

Монголчууд өмөөрөх төр, өмөлзөх нутаггүй мэт амиа алдсаар л байх уу

Иргэд нь ар араасаа амиа алдсан хар өдрүүд өвөл болсноор нэг юм ард хоцорсон. Гэвч одоо хавар болчихлоо. Өнөөх аймшигт хэргүүд гарахгүй гэх баталгаа алга. Яагаад гэвэл энэ хугацаанд иргэдээ аюулгүй аж төрүүлэхийн тулд төр засаг нь хуруугаа хөдөлгөх нь бүү хэл амаа ч хөдөлгөсөнгүй.
Барилгын салбар, ер нь бүхий л болж бүтэхгүй зүйлсийн тухай ярихаар шинэчлэлийн Засгийн газрынхны нэг хэлдэг үг бий. “Өмнө Засгийн газрын хийсэн бузар булай үйлдлийн горыг бид амсаж байна” гэж. Тэр үнэний ортой. Гэхдээ бүхнийг өнгөрсөн рүүгээ түлхээд суусаар л байх уу. Өмнөх Засгийн газрын бусармаг үйлдлийг 12 настай бяцхан охин, 19 настай хүү амиа алдан байж илчиллээ шүү дээ.
Гэтэл шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МХЕГ-ыг хариуцсан Шадар сайд Д.Тэрбишдагва, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар маань яагаад бүлх залгичихсан мэт дуугүй суугаад байна вэ. Та бүхэн өөр өөрийн хариуцсан салбартаа эзэн нь байж үүрэг хариуцлага өгөөд дахин ийм хэрэг гаргахгүй талаар яагаад анхааруулахгүй байна вэ.

Ерөнхий сайд аа, дээрх хэрэг гарснаас хойш аль хэдийн хагас жил өнгөрчихлөө. Та ямар нэг арга хэмжээ авдаггүй юм аа гэхэд амаа нээгээд уучлал гуйж болохгүй гэж үү. Уг нь талийгаач Есүгэн охины аав охиныхоо 49 хоногийг өнгөрөнгүүд төр засгийн өндөрлөгүүдэд хүсэлт хүргүүлсэн байдаг. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг хүлээн авч уулзан, уучлал гуйж, жил бүрийн есдүгээр сарын 3-ныг Есүгэн охины нэрэмжит өдөр болгохоо амласан. Ерөнхийлөгчийн эл үйлдлийг олон нийт шоу хэмээж байгаа ч тэрбээр Төрийн тэргүүний хувьд энгийн иргэний амиа алдсан явдалд уучлал гуйж чадлаа. Төр уучлал гуйх нь гадаадын оронд зайлшгүй байх ёстой асуудал болоод удаж байна. Жишээ нь Австралийн тухайн үеийн Ерөнхий сайд Кевин Руд Австралийн уугуул иргэдийн хүүхдүүдийг эцэг, эхээс салган тусгайлсан сүм, лагеруудад бөөнөөр өсгөж байсан (stolen generation буюу хулгайлдсан үеийнхэн) үйлдлийн төлөө уучлалыг 2008 онд гуйж байсан нь манай улс төрийн хэлмэгдүүлэлтэй харьцуулж болох зүйл. Уучлал гуйсан үгийг нь парламентаас баталгаажуулсан байдаг байна.

Харин Ерөнхий сайд та бяцхан охин, хүүгээ алдсан иргэдээсээ яагаад уучлал гуйж чадахгүй байна вэ. Уучлал гуйна гэдэг нэг ёсны соёл төдийгүй ардаа асар их хариуцлага дагуулж байдаг. Хэн нэг хүнийг гомдоочихоод уучлал гуйх нэг хэрэг. Харин тэрхүү үйлдлээ давтчихаад дахиад уучлаарай гэх нь үнэгүйдэнэ. Гурав дахиа болоход бүр хэтрүүлж хэлбэл шившиг болно. Иргэнгүй төр гэж байдаггүй. Иргэнээсээ уучлал гуйх нь “Би дахиж ийм үйлдэл гаргуулахгүй ээ” гэсэн үг.  Энэ үйлдлээрээ дахин тийм хэрэг гаргуулахгүй гэдгээ амлаж байгаа хэрэг. Тэгвэл таныг иргэнээсээ уучлал гуйхгүй байна гэдэг нь энэ үйлдэл дахин давтагдахыг мэдэж байгаа, түүнийг таслан зогсоож чадахгүй гэдгээ дээд зэргээр мэдэж байгаа учраас тэр гэж ойлгож болох уу.

Баянхонгор аймагт нэгэн сувилагчийн хариуцлагагүй үйлдлээс болж нярай хүүхэд түлэгдэхэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарынхаа нэрийн өмнөөс уучлал гуйсан. Зам тээврийн сайд А.Гансүх Москва хотод зорчигчдоо орхин ниссэн МИАТ ХХК-ны үйлдлийн өмнөө уучлал гуйж, нэр бүхий албан тушаалтуудад хариуцлага тооцсон. Ингэснээрээ тэд салбартаа дахин ийм үйлдэл гаргуулахгүй, хэрэв ийм үйлдэл гарвал огцроход ч бэлэн гэдгээ илэрхийлж байгаа юм. Хэрэв Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд амь үрэгдсэн охины аав ээжээс уучлал гуйсан бол хэдхэн хоногийн дараа Тэнгис кино театрын хажууд болсон хэргийн төлөө өөрийн биеэр хариуцлага хүлээж огцрох ёстой байлаа.
АНУ-ын Конгресс 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас 11 хоногийн дараа буюу есдүгээр сарын 22-нд хохирогчдод нөхөн олговор олгох зохицуулалт бүхий Air Transport Safety and Stabilization Act буюу агаарын тээврийн аюулгүй байдал болон тогтворжуулалтын тухай хуулийг баталсан байдаг. Хохирогчдод нөхөн олговорыг ямар хэмжээнд хэрхэн олгох асуудлыг энэхүү хуулийн дагуу дагалдан гарсан журмаар зохицуулсан боловч төрийн дээд аппарат нь өөрөө маш хурдан ажилласан байна. Энэхүү хуулийн дагуу хохирогчдын ар гэрт эдийн болон эдийн бус (материаллаг болон материаллаг бус)  хохирлыг нөхөн төлөх үндсийг бий болгосон аж.

Гэтэл манайд ар араасаа гарсан аймшигт хэргүүдийг усанд хаясан чулуу шиг замхруулахаас өөр юу ч хийхгүй байна. Ядаж л баригдаж буй барилгын хажуугаар өнгөрч яваад амиа алдвал хэнтэй хариуцлага тооцох нь ч тодорхойгүй байна. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар энэ хавраас эхлээд барилгын салбарт аймшигт хэрэг гаргахгүйн төлөө амиа алдсан иргэдийн ар гэрээс албан ёсоор уучлал гуйх ёстой. Үүний дээр энэ салбарт бугшсан идээ бээрийн төлөөс болж амиа алдсан иргэддээ нөхөн төлбөр олгох хэрэгтэй болов уу.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив