Тавантолгойн нүүрсээр ”Огих” улстөрч байна уу
2013 оны 3 сарын 25
Тавантолгойн нүүрсээр ”Огих” улстөрч байна уу
Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн В.Мөнгөнчимэг биеийнхээ сүв болгоноос нийт 20 гаруй бурхан, 2000 гаруй чулуу гаргасан тухай мэдээ монголчуудыг алмайруулж орхив. Бүр шээсний сүвээрээ 9,7 кг чулуу төрүүлснийг харсан хүн байгаа аж. Сэтгүүлч нь өөрийн нүдээр харсан тухайгаа мэдээлснийг үзээгүй хүн итгэхэд бэрх энэ мэдээлэл амнаас ам дамжин яригдаж байна. Хөвсгөлийн телевизийн сэтгүүлч, зураглаач нар бодит байдлыг харуулсан хэдий ч итгэж чадахгүй хүн олон. Зарим нь бүр “Гал гаргадаг Өнөрмаагийн хэрэг шиг зүйл болох вий дээ” хэмээн даажигнаж эхлэв. Ямартай ч В.Мөнгөнчимэг бурхнаар бөөлжиж байгаа бичлэг олон нийтэд хүрлээ. Хэрэв энэ үнэхээр бодит юм бол Гиннесийн номд бичүүлэхээр үйл явдал болж байна. Үнэндээ В.Мөнгөнчимэг бодсон зүйлээ гаргаад байна уу, эсвэл бурхны тааллаар төрүүлээд байна уу гэдэг тайлагдашгүй оньсого мэт зүйл.
М.Мөнгөнчимэг бүсгүйн бурхнаар бөөлжсөн бичлэг олныг талцуулж үнэн, худал гэхчилэн шуугих зуур зарим нэг хүн “Манай улстөрчид идсэн ууснаараа бөөлжих болоогүй юм байх даа” хэмээж байх юм. Бодох л зүйл. Дээд тэнгэрийн тааллаар идсэн ууснаа гаргадаг бол ч манай дээдэс мөн ч их зүйл гаргана даа. Га, га-гаар нь газар, боодол боодлоор нь ам.доллар, сүндэрлэсэн барилгууд гээд л цааш нь мөн ч их зүйл гарна даа.

Тэгэхээр улстөрчдөд тавих нэг санал байна. Тавантолгойн нүүрсээр огиод өгөөч. 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэх Тавантолгойн зүүн Цанхийг ашиглахаар 2011 оны долдугаар сарын 26-нд Хятадын “Чалко” компанитай үзэглэсэн гэрээ өнөөдөр цуцалж ч болдоггүй, яаж ч болдоггүй нэг гацаанд орсон асуудал болчихоод байгаа. Манай төр засгийн тэргүүнүүд “Чалко”-той гэрээ хийхдээ 350 сая ам.доллар зээлчихсэн. Түүнийгээ аваад ард түмэндээ амлалт биелүүлэх нэрээр тараачихсан гэж байгаа. Томчууд Тавантолгойг барьцаалж зөвхөн “Чалко”-д өр тавьчихсан юм биш. Ард түмнийхээ өмнө ч өртэй байгаа. Тэд Монгол Улсын иргэн бүр Тавантолгойд 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй гэсэн. Тэр хувьцаа нь хаана ч яваа юм бүү мэд. Ямарч байсан нэг хүн 1072 хувьцаатай л гээд байгаа. Зарим хүн бүр брокерийн пүүст дансаа нээлгэчихсэн байдаг. Гэтэл Оюутолгойн хуудуутай гэрээний араас “Чалко”-той хийсэн гэрээ Тавантолгойн гэрээ асуудалтай болж, одоо бүр гэрээгээ цуцлахад хүрээд байна. Гэрээ цуцлах гэхээр өр босч ирээд үгүй мөн гачлантай юм болох нь тэр. Өрөө төлж байгаад ч болтугай гэрээгээ цуцлах нь Монголд ашигтай гэнэ. Тавантолгой 2011 оны долдугаар сараас хойш өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 2,7  сая тонн нүүрсийг “Чалко”-д нийлүүлсэн байна. Анх гэрээ байгуулахдаа “Чалко”-д нэг сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүйгээр /ханш харгалзахгүй/ тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ  хийсэн байна. Харин өнгөрсөн оны  хоёрдугаар улирлаас эхлэн индексийн аргаар үнэ тооцох болж хоёрдугаар  улиралд 68,57, гуравдугаар улиралд 65,9, дөрөвдүгээр  улиралд 56,7 ам.доллар  болж буурчээ. Энэ оны эхэнд гэхэд нийлүүлэх тонн нүүрсний үнэ 53,6 ам доллар  болж багассан байна. Үүнээс болж манай “Эрдэнэс-Тавантолгой” компани нэг сая тонн нүүрс нийлүүлэхдээ 40, түүнээс хойш өнөөг хүртэл 59 сая орчим ам.долларын алдагдал хүлээжээ. Хэрэв цаашид тонн нүүрсээ 53,6 ам.доллараар нийлүүлэх тохиолдолд гэрээний үлдэгдэл 186 сая ам.доллараа төлж дуустал бид нэмж 60 сая ам.долларын алдагдал  хүлээхээр байгаа юм. Тиймээс одоо нүүрс нийлүүлэлтээ зогсоочихоод байгаа.

Монголын тал “Чалко”-д өрөө төлж байж гэрээгээ цуцлая гэхээр 500 сая ам.доллар хэрэгтэй болж байгаа. Үүнийг Чингис бондын мөнгөнөөс төлье хэмээн “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь Засгийн газраас гуйсан боловч тэд бондын мөнгөөр биш өөр арга замаар энэ мөнгийг олж өгнө гэж хариулсан.
Тэгэхээр “Чалко”-д төлөх мөнгийг улстөрчдөөс гаргуулбал ямар вэ. Үнэндээ ард түмний буруугаас биш, гэрээ үзэглэх үед төр барьж байсан хоёр намын буруу гэдгийг олон нийт мэдэж байгаа.

Эгэл жирийн монгол бүсгүй бурхнаар бөөлжөөд болоод байгаа юм чинь энэ гэрээг байгуулсан улстөрчид нүүрсээр бөөлжиж яагаад болохгүй гэж. Алдагдалтай зарсан нүүрсийнхээ хэмжээгээр улстөрчдийг бөөлжүүлье. Хэрэв тэгж чадвал удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлсэн ч яадаг юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив