Ард түмнийг даажигнасан Н.Алтанхуяг ҮХЦ-ийг тохуурхаж сууна
2013 оны 3 сарын 25
Ард түмнийг даажигнасан Н.Алтанхуяг ҮХЦ-ийг тохуурхаж сууна
Албан тушаалын амтыг биеэрээ мэдэрч яваа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ард түмнээрээ даажигнадаг нь хэрээс хэтэрч одоо бүр Үндсэн хуулийн Цэцээр тохуурхах болов. Өмнө нь тэрбээр хамтарсан Засгийн газрын Тэргүүн Шадар сайд байсан ч дээрээ Ерөнхий сайд гэх удирдлагатай байсан тул эрх мэдлийн ямбыг төдийлөн эдэлж чадаагүй бололтой. Тиймээс АН-ын даргын хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд намаа олонхи болгож чадаагүй ч олон болгосныхоо төлөө Ерөнхий сайдын сэнтийд заларч чадсан. Хэдийгээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарч Засгийн газар байгуулсан ч давуу эрх нь Н.Алтанхуягийн гарт бий.

Ерөнхий сайд болсон цагаасаа л албан тушаалын бялууг ар өвөргүй цацсан нь эцэстээ түүнийг шаварт унахад хүргэв. АН-ын гишүүдийн албан тушаалын томилгоо гэхээсээ ах дүүсийн томилгоо болж байна хэмээгдэж байсан Н.Алтанхуягийн бялуу хуваарилалт эцэстээ албан тушаалын шунал болох нь тэр. Орон нутгийн хурлын сонгуульд АН ихэнх орон нутагт ялалт байгуулсан. Гэсэн ч АН ялагдаж МАН ялсан аймаг, дүүргийн Засаг ноёны суудалд МАН-ын гишүүдийг суулгана гэдэг түүнд даанч харамсалтай санагдаж байсан биз ээ. Тиймээс л МАН-ын ялалт байгуулсан аймгуудын Засаг дарга нарыг батламжлахгүй, АН-ын гишүүдээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томилох нь тэр. Түүний эл үйлдэл газар авсаар эцэст нь Үндсэн хуулийн Цэцийн үүдийг татахад хүргэсэн.
Орон нутгийн хурлын сонгуулийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилсон байдаг. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнчлэн тус аймгийн ИТХ-ын хуралдаанаас Засаг даргад нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхийн саналаар батлагдсан нэр дэвшигч Л.Ганболдыг томилохоос татгалзсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг хүсэж иргэн Ш.Раднаасэд ҮХЦ-д хандсан юм.

Үндсэн хуулийн Цэц иргэн Ш.Раднаасэдийн хүсэлтийг хэлэлцээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэгдүгээр сарын 7-нд гаргасан дээрх шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж уг асуудлыг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон юм. Хамгийн инээдтэй нь ҮХЦ-ийн дунд суудал хуралдахаар товлосон өдөр буюу хоёрдугаар сарын 27-ны өмнөх өдөр Ерөнхий сайд маань уг захиражаа цуцалсан гэнэ. Энэ талаараа ҮХЦ-д бичгээр ирүүлснээр Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудал хуулийн дагуу болох нь тэр. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ҮХЦ-ийн дунд суудлын хурлаар орохгүй мултарч чадлаа. Хэрэв Үндсэн хуулийн дунд суудал хуралдаж Н.Алтанхуяг хууль зөрчсөн нь тогтоогдвол тэрбээр суудлаасаа огцрох байсан юм.

Харамсалтай нь Ерөнхий сайдын энэхүү үүрэг гүйцэтгэгч томилдог жишиг нь хууль хэрэгжүүлэх шат шатны байгууллагад түймэр мэт түгэх нь тэр.
Аймаг дүүргүүдэд нийт 101 газарт түр орлон гүйцэтгэгч томилогдсон гэж байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 28, Баянгол дүүрэгт 26 хорооны дарга, Дорнод аймагт таван түр орлон гүйцэтгэгч томилогдсон байна. Ийнхүү үүрэг гүйцэтгэгч томилох моод дэлгэрүүлсэн Ерөнхий сайд маань өчигдөр хоёр дахь удаагаа ҮХЦ-ээр тоглоод амжив. Ганц ҮХЦ-ийг тохуурхаж байгаа хэрэг биш л дээ. Монголын ард түмнийг Үндсэн хуультай нь цуг нэг ёсондоо доромжилж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон юм. Түүний энэ томилгоо нь “Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хөсөрдүүлсэн явдал болсон” хэмээн иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан байна.Иргэн Д.Ламжав Цэцэд гаргасан өргөдөлдөө “Ерөнхий сайд Н.Алтанхуяг гүйцэтгэх ажлын туршлага багатай, зохих хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг дээрх албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээжээ. ҮХЦ иргэн Д.Ламжавын өргөдлийг хэлэлцээд мөн л дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх шийдвэр гаргасан юм. Тиймээс ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 20-нд болох байлаа. Гэтэл амташсан хэрээ 13 эргэдгийг үлгэрээр Ерөнхий сайд маань Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос нэг хоногийн өмнө дахиад л өөрийн хууль бус томилгоогоо цуцалсан шийдвэр гаргаж энэ талаараа Цэцэд мэдэгджээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ. Хэдэн жилийн өмнө буюу 2007 онд иргэн Д.Ламжав одоогийн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдоржийг эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж хууль засварласан гэх үндэслэлээр ҮХЦ-д хандаж Цэц Ц.Нямдоржийг буруутай хэмээн үзсэнээр түүнийг УИХ-ын даргын суудлаас огцруулж байсан билээ.
Тэгвэл шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн арай шинэлэг сэтгэдэг болохыг түүний ҮХЦ-тэй хэрхэн харьцаж байгаагаас харж болохоор байна. Гэхдээ л хачирхалтай, бас харамсмаар байна. Шинэчлэлийн Засгийн газар нэрийн дор ингэж төрийн өндөр албан тушаалаар тоглоом хийж боломооргүй л санагдах юм. Н.Алтанхуяг Б.Ариунсанг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар томилох нь хууль бус гэдгийг анхнаасаа мэдэж байсан л байж таараа. Тэгэхээр санамсаргүй гаргасан алдаа биш гэж хэлж болохоор байна. Хатуухан хэлэхэд Н.Алтанхуягт Тагнуулын Ерөнхий газрын өндөр албан тушаалд өөрийн хүнээ шургуулж, амжуулах ажил байсан бололтой. Харин одоо тэрбээр ажлаа амжуулсан тул томилгоогоо цуцалсан ч харамсах зүйлгүй болсон биз ээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив