Зүйр цэцэн үг
2013 оны 3 сарын 25
1.
   “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
   Үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэг зүйр цэцэн үг байна.
Энэ үгийг 100 жилийн өмнө амьдарч байсан Монгол хүн мэдэж л байсан байж таар аа. Түүнээс өмнө хэдэн зуун жилийн өмнө зохиогдсон үг юм бүү мэд. Ямар ч атугай үнэн үг хэлж хүнд өшөөтэй болох шаардлага нийгэмд байдаг байна. Туркийн нэрт яруу найрагч Назым Хикмет :
   “Хэрэв ээ би шатахгүй юм бол
   Хэрэв ээ чи шатахгүй юм бол
   Өргөн энэ хорвоо дээр
   Өөр хэн шатах юм бэ?” гэсэн буй. Үнэхээр аливаа үнэн золиос шаарддаг байна. Аливаа шудрага ёс золиос шаарддаг. Золиос шаардаад ирэхээр зоригтой хөвгүүд охид төрж гардаг. Дарангуйлалыг эсэргүйцэж, эрх чөлөөний төлөөх тэмцлийг уриалж ийм үг хэлж байжээ. Фашизм дарангуйлал гэж том юм яриад яах вэ? Үнэн үг угаасаа үеийн үед эрх баригчдын дургүйг хүргэж ирсэн. Харин худлаа хуурмаг нь давамгайлаад ирсэн үед үнэн үг эрчээ алддаг байна. Өөрөөр хэлбэл худал хуурмаг нь амьдралын хэв маягт нь байх ёстой хэвийн үзэгдэл мэт суугаад ирэхээр үнэн гэдэг аандаа ач холбогдолгүй болдог байна. Өнөөдөр төрийн аппаратыг цомхотгоно гэж бүх нам ярьж байна. Ер нь өнөөдөр ч биш өнө мөнхөд л ярьж ирсэн. Төрийн албан хаагчид олширч төрийн аппарат нь данхайвал хүнд суртал улам гаардаг номтой юм гэнэ лээ. Дотоодын нийт бүтээгдхүүний 30 орчим хувийг төр үйлчилгээ нь идэж байвал болж бүтэж байгаагийн шинж гэдэг. Манайх хэрэв төрийн аппаратаа данхайлгавал дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 50 хувийг төр лүү алдана гэсэн үг. Тэгвэл улс хэрхэн хөгжих вэ?! Мянган Бурхан хүрээллээд ч аврахгүй юм байдаг гэсэн. Түүн лүгээ адил иймэрхүү байхад зуун Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер ирж лекц уншаад ч ид шид нь илрэхгүй болох вий дээ. Украйн, Молдав зэрэг ажилгүйдэл байх түвшнээсээ өндөр байгаа орнууд гэхэд дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 47-48 хувийг төрийн үйл ажиллагаандаа зориулж байна. Сөрөг хүчин үнэн үг хэлж эхэллээ. Угаасаа сөрөг хүчин л үнэн үг хэлдэг. Урдын цагт бол ямар ч хүнийг  дарга сайд бол гэхэд худал үнэнч гэсэн: “Би чадах юм болов уу даа” гэдэг байсан. Одоо бол “Би сайд болно. Би дарга болно. Хэрэв тэгэхгүй бол ингэнэ. Ингэхгүй бол тэгнэ” гэдэг болж. Ардын намын Ц.Нямдорж: “Сонгуулийн өмнө эд нар чинь бүгдээрээ төрийг цомхон болгоно. Сайн  сайхан болгоно гэж донгодож байсан. Яамдын тоог бараг 20 хүргэж хоёр дахин нэмэх тухай ярьж байна. Энэ чинь эрх барих гэсэн хэсгийн хоёр гишүүний дунд нэг яам оногдож байна гэсэн үг. Энэ нь улсын эрх ашигт нийцсэн, хүнд тааруулсан яам шинээр бий болгож утга учиргүй зардал гаргана гэсэн үг” гэжээ. Гэтэл эрх баригчид яам олон болсон ч бараг орон тоо нь цөөрөх ч юм шиг, ажил үйлс нь шуурхай болох ч юм шиг ойлголт өгөхийг хүсч байна. Хоёргүй нэг утгаар шүү. Яам болгон төрийн захиргаа удирдлагын газартай байх ёстой. Тэр үгүй бол яам байхын утга үгүй болно. Санхүү, хөрөнгө оруулалтаа хариуцсан газартай байх ёстой. Тэр үгүй бол тоглоомын яам болно. Гадаад харилцаатай байх ёстой. Тэр үгүй бол даяаршиж байгаа ертөнцийн маань даяаршлын үйл явц зогсоно. Гэхмэтчилэн яаманд зайлшгүй байдаг орон тоо бий. Тэгэхээр Ц.Нямдоржийн хэлдэг үнэн болж таарна. Нийтлэлч Ж.Гангаа дээрх төрийн данхар болох төлөвлөгөөг “Төр засаг 25 толгойтой хотгойлжин хар мангас шиг болох нь” гэж тодорхойлсон байна. Гэтэл олонхи “чоно борооноор” гэгчээр яаж шүү явж байгаад сайд болох вэ гэсэн хүмүүсийн цуглуулга байгаа мэт энэ данхар төрийн шинэ төлөвлөгөөг нэг нь ч үл шүүмжлэнэ. 130 сая хүн амтай Япон улсын яамдын тоо 11. 150 орчим хүн амтай хойд хөрш маань төрийн цомхон биш аппараттай гэж өөрсдийгөө шүүмжилдэг гадныхан ч шүүмжилдэг тэнд 19 яамтай. Харин социализмын үед Монголд яам тусгай газар нийлээд 40 орчим байсан юм шүү. Оросууд ямар сайндаа: “Страна дарг” (“дарга нарын орон” гэх юм уу даа ) гэж элэглэж байх вэ дээ. Үнэхээр дарга нарын орон байсан хэрэг. Одоо харин тийшээгээ явах гээд байна уу гэсэн сэтгэгдэл төрөх боллоо. Сайд нарын орон болох нь уу? Сайд байсан хүнийг баруунд ажлаа өгсөн байсан ч хүндэтгэл үзүүлж сайдаа гэж дууддаг юм гэнэ лээ. 1990 оноос хойш 20-иод Засгийн газар солигдож сайд байсан хүмүүсийн тоо аль эрт 200 гаруй болчихоод байгаа билээ.
“Ноёнтой заргалдвал толгойгүй болдог” гэдэг.
“Нохойтой бол бүр хормойгүй болдог” гэдэг үг бий.
Цомхон төрийн төлөө тууштай тэмцэж ирсэн Ардчилсан намынхан болон Н.Энхбаяр, М.Энхсайханы эвслийн шудрага ёсныхноос ганц хоёр ч хүн яагаад ядаж ишиг шиг майлахгүй хурга шиг дуугүй байгаад байна?! Юу хүлээгээд байна. Ө. Энхтүвшин, Ж. Энхбаяр, Ё. Отгонбаяр, Ц. Нямдорж нар л дуугарч байх харагдах юм

2.
Сү.Батболдын соёл. У.Хүрэлсүхийн соёл. Ийм юм байна.  Тэд ямар ч хэрүүл шуугиангүй намынхаа ч ажлыг өгөв. Сү. Батболдын хувьд Засгийнхаа ч ажлыг өгөв.Одоо чинь албан тушаалаасаа амь тавин зууралддаг болсон үед иймэрхүү юм үзэх чинь “Учиртай гурван толгой” дуурийг  үзсэн шиг хуучны юм санагдаад сайхан юм. Алба ажлаа өгөхгүй арга саам хийгээд л тамга тэмдэгээ авч зугтаагаад л явдаг жишиг Монголын  нийгэмд тогтоод удаж байна.  Элдэв фракц эвсэл болох гэж гүйгээд л... Аргаа яддаг шүү дээ. Адгийн наад зах нь явуургүй заль хэрэглээд түүнийгээ хор найруулах гэж нэрлээд бид олон жилийг тууллаа. Энэ тал дээр Ардын намынхан ёстой өнөө ардач байр суурин дээрээ байж чадлаа. Ямар ч гэсэн хэнээс ч юу ч гуйсангүй. Сү.Батболд Лондонгийн олимпийн наадамд оролцох эртний төлөвлөгөөтэй байсан ч төр засгийн үйл ажиллагааг хурдан болгох үүднээс энэ явдлаа зогсоолоо. Э. Бат-Үүлийг хотын дарга болгон батлав. Явдал суудлаараа гул барьсангүй Ерөнхий сайдынхаа албыг өгье гэсэн шиг хүлээж байгаад өгчихлөө. Э.Бат-Үүл хонгилын инженер болох цаг ирлээ.  Нийслэлийн сонгуулийн үеэр Г. Мөнхбаярыг “хонгилын инженер” гэхчилэн элдвээр хэлсэн. “Хүссэн юм хүзүүгээр татна” гэдэг дээ. Улаанбаатар хотын газар доорх хотод онцгой анхаарах цаг нь ирсэн. Яагаад гэвэл 2000 он хүртэл хот маань мөнгөний гачаалд байсан. Одоо л үндсэн хонгил руугаа орох цаг. Бат-Үүл гуайн гол хийнэ гэсэн ажил бол гэр хорооллын айл болгонд инженерийн шугам татаж амины тохилог орон сууцтай болгох. Энэ ажил бол тэр чигээрээ “хонгилын инженер”-ийн ажил юм даа. Жон Кеннеди: “Цагаан ордон бол шинэ танилууд цуглуулах газар биш хуучин нөхдөө дуудах газар” гэж хэлсэн байдаг. Монгол ардын зүйр цэцэн үг бий. “Хүний хуучин нь дээлийн шинэ нь” ч гэж бий. “Таньдаггүй Бурханаас таньдаг чөтгөр дээр” ч гэж буй. Кеннедигийн үгийн санааг маш товчоор уран хэлжээ. Порпорцианаль системээр явдаг сонгууль чинь намын эрхтэн дархтантай ойр бол таньдаг Бурхан ч гаргаад ирж мэдэх, бүр таньдаггүй чөтгөр ч гаргаад ирж мэдэх юм байна. Хаана юу хийж байсан юм бүү мэд. Хэн юм бүү мэд. Ямартай ч өнөөдөр хэлснээ маргааш нь мартдаг хүн  гаргаад ирдэг л золиг байна. Ардын нам бол Ардчилсан намын хувьд ёстой өнөө “хүний хуучин нь дээлийн шинэ нь” юм байгаа юм. Бидний багад нэгдүгээр ангид сурдаг хүүхдийг “нэгийн нэгдлийн гахай”, хоёрдугаар ангид сурдаг хүүхдийг “хоёрын хоргол” гэх мэтчилэн ямар ч утга учиргүй хочилдог байж билээ. Түүн лүгээ МАНАН гээд хэлсэн хүүхдийн цэцэрлэгийнхний хочноос л их айсан юм уу даа. Уг нь бол байгалийн үзэгдлийн хувьд манан гэдэг маш сайн үзэгдэл шүү дээ. Тэр тусмаа Монгол орны уур амьсгалын хувьд. АН “Улаан махны”-хантай нийллээ гээд тэнэг тэнэг юмаар гуйвуулаад байж хэн ч чадна шүү дээ. Цэцэрлэгийн хүүхдийн сэтгэлгээнээс цэцэдийн сэтгэлгээнд хүрэх цаг нь иржээ. Цэцэн үг хэлж мэргэн ухаан зарах төрийн түшээд олон болтугай. Бид зүйр цэцэн үгээ чагнахаа байчихаж. Гурван жил гаруй явж байгаад Ардчилсан нам Ардын намыг эвслийн Засгийн газраас хаяад явахад нь Сү.Батболд “унаж яваад морио, ханилж яваад нөхрөө” гэж дуу алдсан. Одоо Ардын намыг бүлэг ч үгүй, эвсэл ч үгүй байдалд хүргэлээ. Ардын намынхны хувьд таньдаг чөтгөр нь таньдаггүй чөтгөр болсон шиг л байгаа байх даа.

Х.Бүрэнтогтох


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив