Гуд-бай, Улс төр. Амар байна уу? Та
2013 оны 3 сарын 25
1.
Цагаан сар сайхан баяр. Золгоно. Цагаална.Шинэлэнэ. Сайхан шүү. Ахмадууд маань ямар аз жаргалтай бас ач холбогдолтой болдог гэж бодно. Гэтэл энэ цагаан сараар нэг сонин юм үзлээ. Цагаан сар өнгөрөөд чамгүй удсан ч гэсэн үзсэн юмны маань дуулиан тасрахгүй юм. МАХН-ын хэдэн гишүүн Ардын намын байранд ирж золголт хийжээ. Тэд бас жирийн гишүүд биш намынхаа бага чуулганы гишүүд юм байна.  Цагаан сарын шинийн гурванд золгох гээд хүмүүс ирж байхад ямар ч ёс жаягаа мэддэг улс бие биендээ найртай сайхан үг хэлээд л гаргадаг ёс нь бий. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар: “Цагаан са¬рыг ах дүү, хамаатан садан учран золгодог учир утгатай баяр гэдэг. Үүний адил өмнө нь нэг намд хүчин зүтгэж ирсэн намын ахан дүүс учирч байгаад баярлаж байна. Эвлэсэн цагтаа хүчтэй байх цаг үе ирж байна. Өнгөрсөн сонгуулиудад нам хоёр хуваагдсанаар ямар сөрөг үр дагаварт хүрснийг бид сайн ойлгож байгаа. Бид тусдаа байвал хуваагдах, харин эв эеэ хичээж нэгдмэл байвал үржүүлэхийн бэлгэ-дэл байх болно” гэсэн байна. Энэ нь гадаадын нэг томоохон зочин ирээд: “Хоёр орны гадаад худалдааны эргэлт хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Цаашид улам сайжруулах хэрэгтэй байна. Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд итгэж байна. Найрамдалт хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлье” гэсэнтэй л агаар нэг юм боллоо. Эсвэл Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Кирсан Илюмжинов саяхан Монгол Улсад айлчлахдаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатартай  уулзсан. Тэд хоорондоо золгоо байлгүй дээ. Сайн сайхан үг хэлэлцээ байлгүй дээ. Сар шинэ нэг их хуучраагүй байсан.Тэр тусмаа Монгол хүн сар шинээр бие биедээ чихэнд чимэгтэй үг хэлдэг учиртай. Хоёр нам байтугай хотол олноороо бид эв эеийг хичээх, эвлэлдэн хамтарч ажиллах боломжуудыг цаг ямагт биш гэхэд цагаан сараар ядаж олж байгууштай мэт. Гэтэл үүний дараа  МАН-ын нөхөд ч элдэв юм энд тэнд давслаад л... МАХН-ынхан ч үл тэвчигчийн байр суурь илэрхийлээд л ... Баллах нь ээ. Бүр сүүлдээ бид улс төрийн халууралдаа автаад золгож ч чадахаа байж. Харин МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, хоёр нам нэгдэх бус өнөөгийн дайсагналцаж байгаа байдлаа даван туулах гэсэн оролдлого хийж байна гэж мэдэгдсэн. Энэ л орчин цагийн голыг нь олсон дүгнэлт байлаа. Бид зарим юманд сэлүүхэн хандаж суръя. Нэгдээд нийт олонд үр ашигтай юм хийж байвал сайн л биз. Кирсан Илюмжинов хүртэл: “Би дэлхийн Монгол туургатнуудыг нэгдэхийг үргэлж дэмждэг” гэж хэлж чадаж байна шүү дээ. Гэтэл бидний хэдэн монголчууд нэгдэхээ болъё гэхэд хэл амаа олж болдоггүй юм. Уг нь том нам нь том учраас л эвтэй байя гэж л дээ.
2.
Дээрх үйл явдлын дараа МАХН-ын нилээн том зүтгэлтэн, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: “Үнэндээ МАН доройтож, хүч нь суларч байгаа шүү дээ” хэмээн мэдэгдлээ. Яг нарийндаа бүх нам доройтож байгаа шүү дээ. Ард нийтийн намд итгэх итгэл үнэмшил байнга доошилж байдаг судалгаа бий. Улс төрийн зарга зайлхай улс орныг хөдөлгөх хүч болж байгаа нь аюулын дээд аюул юм. Яг үнэндээ, МАН гэдэг ЗХУ задархад Орос улс үлдсэн шиг байх 93 жилийн бааз суурьтай нам шүү дээ. Ардын намаас тасраад Ардчилсан намд орсон мянга мянган хүн бий. Бусад намд ч ялгаагүй. Ингэж бодох юм бол зүйрлэж үзвэл МАХН бол МАН-аас тасраад ЗХУ задархад Гүрж ч юм уу,Киргиз ч юм уу, эсвэл Молдав улс тусгаар улс болсны дайтай л эд шүү дээ. 93 жилийн өмнө Ази, Африкийн улс орнуудад Япон, Энэтхэг, Хятад зэрэг ганц хоёрхон орныг эс тооцвол улс төрийн нам гэдэг юм угаас байгаагүй юм биш үү!!! Японы 1874 онд байгуулагдсан Айкоку кото, Хятадын Гоминьдан , Энэтхэгийн үндэсний конгресс гэхчилэн хэдхэн юм байсан болтой юм. АНУ-д цагаачилж байсан оросын нэрт зохиолч С.Довлатов: “Бид хийсэн нүглийнх нь төлөө Сталинг хязгааргүй их хараадаг. Гэхдээ  хэн түүнд дөрвөн сая матаас бичсэн бэ гэдгийг асуумаар байдаг юм” гэсэн буй. Үүн лүгээ бид ч гэсэн дор дороо өөрөө өөрсдөөсөө юм асууж сурах л цаг. Та бидний өвөг дээдэс өнгөрсөн түүхийн сайн муугийн аль алинийх нь эзэд шүү дээ. Өнөөдрийн ч гэсэн сайн муугийн эзэд Та бид.  Ядаж бид цагаан сараар бие биенээ нэг их танихгүй улс шиг байх хэрэг байна уу?  Онигоо ч юм шиг, тоглоом ч юм шиг. Нэг нь: “Амар сайн байна уу? Та” гэхэд нь:“Мэндээ, мэнд сайхан байна уу?” гээд гүйцээ шүү дээ. Сар шинээр золгоход хүртэл улс төржөөд яах вэ?!

Х.Бүрэнтогтох
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив