Энергетик амбици зарлах цаг ирлээ
2013 оны 3 сарын 25
1.
   Улс орны хөгжил улс төрийн хөгжлөөс чухал үе ирлээ. Сайхан улс төр сайхан ч сайхан хөгжил бол бүр сайхан шүү дээ. Манайд улс төрөөр идэвхтэй хөөцөлддөг 900 хүн бий. Идэвхтэй хөөцөлдөхийг эрмэлздэг 2000 хүн бий. Нийлбэр нь 2900 хүн. Харин улс орны хөгжлийг хүсдэг энэ 2900-гаа оруулаад 2.900.000 хүн байна аа. Ийм ч учраас сүүлийн үед дорвитойхон сонин хэвлэлийн нийтлэлийн бодлого  аж ахуй, эдийн засаг, үйлдвэрлэлийн мөн чанар луу нэвтэрч орж байна. 23 жилийн туршид хөгжсөн улс төрийн улаан халз маргаан нэг их гайхалтай эд биш болох нь гэдгийг цаг үе харуулж байна. Энэ цаг үе бол Монгол улсад хөгжлийн хавар ирж байгаагийн эхлэл юм. Цагаан морин жилээс цахилгаан тасарч гурав дөрөвхөн өөрийн  станцтай хотуудаас бусад нь харанхуйлж байсан цаг саяхан мэт боловч бас л үе өнгөрөөн холджээ. Түүнээс хойш нэг морин жил өнгөрч хойтон хоёрдахь морин жилтэйгээ золгох нь ээ. Нийтдээ 24 жил болох нь. Гэхдээ энэ хорин жилд Монголчууд зүгээр байгаагүй том жижг бүх л суурингаа төвлөрсөн цахилгаантай холбосон билээ. Өөрөөр хэлбэл дизель түлшний хараат байдлаас гарсан төдийгүй дэнлүү лааны хараат байдлаас гарсан юм. Өнөөдөр Монголчууд арматураа үйлдвэрлээд, хийн түлш үйлдвэрлэх, нүүрснээс бензин гаргах хүртэл амбицитэй болжээ. Ямар гоё вэ?! Яасан сайхан юм!  Энэ бол эрүүл саруул амбици. Гэвч харамсалтай нь өнөөдөр бидний өрсөлдөх чадвар  муу байна.  Учир нь гол бүтээгдхүүнээ гаднаас зөөж энд авчирч овоолж байгаад л хэргийн учир байна. Иймд бүх юм үнэтэй тусч байна. Жишээ нь: Манай барилгын компани Хятадын барилгын компанитай өрсөлдье гэтэл тэд нутагтаа арматураасаа авахуулаад будаг шохой, хадаас кнопоо хүртэл үйлдвэрлэж байгаа учир хамаагүй хямд тусч байна. Хөөрхий Монгол компани зөөгөөд л байдаг зөөгөөд л байдаг зөөх тусам үнэ нь өсөөд л байдаг, өсөөд л байдаг. Ийм учраас барьсан барилга нь үнэтэй, өмссөн хувцас нь үнэтэй, унах унаа нь үнэтэй болж байгаа хэрэг. Огтоно хөеөгөө довон дээрээсээ цуглуулахад нэг өөр, таван километрийн цаанаас цуглуулахад бас нэг өөр. Үүн лүгээ адил бид чаддаг бүхнээ, чадаж болох бүхнээ хийж хувиа борлуулж, довоо шарлуулах цаг ирлээ. Өнөөдөр дэлхийн улс орон болгон зах зээлээ хармалж байна. Худалдаж авах биш худалдан өгөхийн төлөөхь тэмцэл бол оршин тогтнохын төлөөхь тэмцэл болж байна. Ийм л юм. Бид жишээ нь арматураа үйлдвэрлэдэг болчихвол баргилгын үнэ 30 хувиар  буурна. Энэ нь 100 монгол айл орон сууцанд орох байсан бол 130 болно гэж ч хийсвэрлэж болох юм. Цементээр дотоодоо хангаад өрсөлдөөн бий болбол дээрх үнэ 20 хувь буурна. Тэгвэл 100 айлын оронд 150 айл орох боломж бүрдэнэ гэж фантазалж болох нь байна шүү дээ. Тэгээд бас  хямд үнэтэй орон сууцанд орцгооно шүү дээ. Бензинээ дотооддоо нэрвэл үнэ нь тогтворжино. Малын вакцинаа дотооддоо хийчихвэл мал эрүүлжинэ. Мах эрүүлжихээр яах вэ? Махаа гадагш нь зарна.Бид сайн байвал бүх салбарт энэ мэтчилэн цаашаа жирийхнээ дээ. Энэ бүхний цаана эрчим хүчний асуудал маш чухал. Маш чухалаар барахгүй эрчим хүч хүрэлцэхгүй бол дээрх хийсвэрлэл ёстой өнөө мөрөөдлийн хийсвэрлэл болж үлдэнэ. Бид агуу их Д.Нацагдоржийн хэлсэнчилэн: “Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” гэдэг үг Монголчуудын чихэнд чимээ болж байсан шиг өдгөө “Хөгжлийг хүсвэл эрчим хүчээр ханга” гэдэг үг чихнээ чимэг болох нь. Өнөөдрийн дэлхийн гүрэн улсуудын тэмцэлдээн эцсийн бүлэгтээ эрчим хүчний төлөөхь тэмцэл болох нь. Одоохондоо нефть, газыг чухалчилж байна. Цаашдаа, нүүрс, уран гээд хэцүүгээс энгийн лүү, энгийнээс хэцүү рүү орох төлөвтэй.
2.  
Одоо манай энергетикүүд тав дахь эх үүсгэвэр хэрэгтэй, хэрэггүйн тухайд талцан үзэж байна. Энэ дотор хэтэрхий мэргэн жарайхай ч байна. Бурхи шиг хашир нэгний үг ч явна. Хийж бүтээе гэсэн романтик нөхдүүд ч байна. Энэ гурван бүлэг нэгдэх ёстой. Үл тэвчих байдлыг хойш тавьж нэгдсэн зорилгод хүрэх нь бидний эрх ашиг. Ер нь дээрх бүхэн юуг харуулж байна гэвэл Монгол улс энергетикийн талаар техник, технологийн үе уламжилсан нэгдсэн хатуу бодлого алга байгааг илэрхийлэнэ. Эрчим хүч хэрэгтэй болоод ирэхлээр л бүгд сая сэрсэн юм шиг “энерги,энерги” гэж хашгиралддаг. Шинэ Засаг болгон өөрийн станцтай байхыг хүснэ. Өөрөөр хэлбэл өөрсдөө хийсэн бүтээсний эзэн болохыг эрмэлзэж иржээ.  Урдахь нөхдийн хийснийг унтраах, үл ойшоох байдлаар хандсаар 23 жилд 14 Засгийн газрын нүүр үзлээ. Харамсалтай нь ТЭЦ-Y-ын шавыг долоон удаа тавьсан гэдэг. Энэ үнэн бол үнэхээр гайхаад барамгүй явдал юм. Монголчууд ямар нэг эрсдэл хүлээж байж сургамж авдаг. Жишээ нь: Явган хүний гүүр хэрэгтэй байхад түүнийгээ барихгүй заавал  хэдэн хүний хөл гар гэмтээж, бас нилээн хүнийг халтирч ойчуулж байж сая нэг санаа авч барьдаг. Үүн шиг өнөдөр станц болгон эцсийн хүчээрээ ажилж буй. Манайх 800 МВт орчим цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Сүүлийн үед Эрчим хүчний сайд М.Сономпил маш амбицитай мэдэгдлүүдийг хийж байгаа. Энэ бол зөв. Тэрбээр өнөөгийн биш ирээдүйн эрчим хүчийг тооцож ярьж байна. Ойрын 10 жилд 2000 МВт хүчин чадлыг хэрэглэгчид нэхэх болно гэж тооцож буй. ТЭЦ-IY бол Улаанбаатар хот 500 мянган хүнтэй, Монгол улс 2 сая хүрэхгүй хүн амтай байх үеийн байгууламж шүү дээ. Гэтэл өнөөдөр нйислэл маань 1.2 сая хүн амтай, улс орон маань 2.9 сая хүн амтай болжээ. Монгол орны аймаг, сум болгон шахуу төвлөрсөн цахилгаанд холбогдлоо. Монголын хүн ам хоёр жилийн дараа 3 сая гарна гэсэн таамаг буй. Ойрын 10 жилд хүн ам маань хэд дахин өсөхийг эцэг эхчүүд  байтугай Бурхан ч үл мэднэ. Хуучин цагт “Хүн нэмбэл хүнс нэм” гэж ярьдаг байсан бол эдүгээ “Хүн нэмбэл эрчим хүч нэм” гэж хэлэх цаг боллоо. Ирээдүйн үйлдвэрүүд, том том проектүүд зөвхөн эрчим хүч л нэхнэ. Уур ус нэхнэ. Цахилгаан, дулаан нэхнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар эх үүсвэрээ эхлээч ээ гэж олон удаа анхааруулсан. Тавдугаар эх үүсвэрийг эхлүүлж барих хүн М. Сономпил байвал сайнсан. Хэрэв тэр биш бол дараа дараагийн сайдууд гээд эстафет (буухиа) үргэлжилбэл Монгол орны хөгжил төдий чинээ хойшлох болно. Эстафет олимпийн тоглолтонд л чухал болохоос бүтээн байгуулалтанд нэг их хэрэгтэй эд биш. Манай эрчим хүчнийхэн элдэв санаа оноогоор их маргалдаж байна. Хүн болгон нь л үзсэн харсан, мэдсэн сонссоноороо мэргэ төөрүүлнэ. Өнөөдөр бид ОХУ-аас 175 МВт авч байна. Энэ тоо цаашаа явна уу гэхээс буурахгүй. М.Сономпилийн таамаглаж байгаагаар бид дорвитой арга хэмжээ авахгүй бол маш ойрын ирээдүйд энэ тоо 250 МВт болно.  Нүүрс нь байдаг. Тэгсэн атлаа бид гаднаас цахилгааны импортыг энэ хэмжээнд хийнэ гэдэг золгүй явдал юм. Том ярих юм бол бидний эрчим хүчээр хангаж мөнгө олж болох обьект бол Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалт. Оюутолгой гэхэд Хятадаас одоогоор 60 МВт авч эхэлсэн яриа байна. Уг нь тэдний ирээдүйн хэрэгцээ үүнээс хэд дахин их юм. Хэрэв Монголчууд энэ бизнесийг хийж чадсан бол Оюутолгойд байцаа лууван, гурил будаа, мах сүү, таар шуудай нийлүүлж байснаас хэдэн мянга дахин ач холбогдолтой бизнес юм. Ер нь  эцэстээ Дулааны цахилгаан станц байна уу, Усан цахилгаан станц байна уу, Атомынх байна уу хамгийн гол нь өнөөдөр шаардагдаж байгаа болон ирээдүйд хүлээгдэж буй эрчим хүчийг л хангах ёстой.  ТЭЦ-IY болон  Эрдэнэт, Дарханы станцуудад өргөтгөл хийнэ үү, өөр хувилбарууд сонгоно уу энэ техникийн шийдлийн асуудал. Гол нь найдвартай эх үүсвэрийг болдог бол хямд төсрөөр шийдэх. М. Сономпил 2000 МВт-ыг хүсч буй. Цаашилбал, цахилгаан эрчим хүч гаргахыг ч хүсч буй. Хятад улсын нүүрсний хэрэглээний хэдэн хувийг Монголчууд бид ойрын 10,20 жилд хангах вэ гэдэг маш чухал асуудал. Нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангах асуудал бол том асуудал биш. Ухлаа, ачлаа.  Харин цахилгааны хэрэглээний ядаж нэг хувийг нь хангавал маш сайхан даа. БНХАУ-ын эрчим хүчний суурь хүчин чадал нь 800 ГВт орчим байна шүү. Юун нэг хувь бэ? Түүний талыг, талын талыг нийлүүлсэн манлай баатар болох юм биш үү?!  Бид өнөөдөр үр дүнг урьдчилан тооцож чаддаг болох нь чухал. Япончууд шиг биш гэхэд Хятад, Орос хоёр шиг. Үүнийг хийж чадахгүй бол бид хөгжихгүй.
 Үр дүн өгдөггүй шинэчлэл, өөрчлөлт гэж байдаг.  Бүр үр дүнгээ өгдөггүй бүтээн байгуулалт ч байна. Дан ялангуяа энергетикээр тоглож болохгүй. Тогонд цохиулсан хүн үхдэг биз?! Энергетикээрээ тоглосон орон сүйрнэ. Одоо ч бидний байдал мундаг биш байгаа. Бид эрчим хүчээрээ жаахан жаахан тоглосон шүү. Даланзадгад, Тайшир, Бугат, Дөргөн гээд хангалттай бий. Энд дан ганц техник, технологийн асуудал яриагүй. Экологи, эдийн засаг гээд олон параметрийг ярьж байна.
Дашрамд хэлэхэд, манай “Үндэсний шуудан” сонин дээр Эрчим хүчний сайд асан, доктор С. Батхуяг, Эрчим хүчний системийн дарга асан, Монгол улсын гавьяат энергетик М. Чимид нар эрчим хүчний бодлогын талаар үлэмж үнэ цэнэтэй бодлоо илэрхийлсэнд  баярлалаа. Энэ хүндэт хүмүүс бол 50 гаруй жилийн стажтай энергетикүүд юм. 50 жилийн стажтай ч бай, таван жилийн стажтай ч бай Монголын бүх энергетикүүд М.Сономпилийн өрөөнд цугларах болтугай!
Энергетикийн асуудал бол зөвхөн Эрчим хүчний яамны асуудал биш Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад яг одоо төрж буй Монгол Улсын шинэ иргэний ноомер нэг асуудал болж байна. Харин М.Сономпил сайд болон эрчим хүчний баг   маш амбицитай байгаа. Бид тэдний амбицийг дэмжих хэрэгтэй. Дэмжих хэрэгтэй ч биш  дэмжих ЁСТОЙ.

Х.Бүрэнтогтох
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив