Их үргээлгэ
2013 оны 3 сарын 25
1.
Ерөнхийлөгчийн сонгууль дөхлөө. Бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчид Ардын нам ч ялгалгүй, Ардчилсан нам ч ялгалгүй ёстой нөгөө хоёулаа миний хүү. МАХН нь ч тэр, ИЗН нь ч энэ бас л хоёулаа миний хүү. Эрдэмтэн, зохиолч Ц. Дамдинсүрэн гуайн “Хоёулаа миний хүү” өгүүллэгийн санаа лүгээ адил юм л даа.
Харамсалтай нь “хоёулаа миний хүү” хэллэгт МАН орж чаддаггүй. МАХН яадаг бол?! МҮАН бас яадаг бол?! Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Их баривчлагаа” гэхэд хаашаа юм. “Их үргээлгэ” бол явж байна аа. Улс төрийн байгууллагаас хувь хүн хүртэл их үргээлгэ газар авлаа. “Ардын намыг устгая” л гэнэ. Зарим нь булшъя л гэнэ. Устгах булшлах хоёрын хооронд ямар ялгаа байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ л ийм яриа газар авлаа. Капиталын нийгэмд капиталын утга учир ч олдохоо болилоо. Лениний музейг нь булаая л гэнэ. МАН-ын вэб сайтыг хаах шийдвэр гарлаа гэнэ. МАН-ыг улс төрөөс арчих л гэнэ. Ард түмний санал санаачлаггүйгээр яаж төрөөс арчих юм бэ. Аливаа намыг бүх нийтийн санал хураалтын дүнгээр л улс төрөөс арчиж болно. Хэрэв тухайн  нам нэг ч санал авахгүй бол л улс төрөөс арчигдах байх. Аандаа шүү дээ, түүнээс механикаар бус. Байр байшингаа галдан шатаалгасан нам Монголд цорын ганц байдаг. Тэр нь Монголын анхны улс төрийн хүчин МАН. Уг нь жил гаруйхны өмнө энэ элдвээр аашилж авирлаж байгаа хүмүүс ийм байгаагүй л юм даа. Ард түмний ой санамж ядаж нэг жилийн настай байлгүй. Парламентийн түвшинд ч Ардын намынхан эдлэх ёстой эрхээ булаалгаж зовов. Одоо ч бүрэн дүүрэн эрхгүй байна. Сөрөг хүчнийг сөхөртөл нь дарж байна. Гэвч сөрөг хүчний гол түшиг ард түмэн. Бас Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч. Түүний хамгийн том үүргийг Үндсэн хуулиндаа ингэж заажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Гэтэл өнөөдрийг болтол ард түмний 40 хувийн санлыг авсан МАН-ын талаар тойвтой үг, тоймтой санаа бодлоо Ерөнхийлөгч илэрхийлсэнгүй. Ард түмэн гурван сармагчин биш. Би дуулаагүй, би хараагүй, би хэлээгүй гэдэг гурван сармагчин биш. Би хэлгүй, дүлий, нүдгүй гурав биш шүү дээ. Хэлтэй, сонсголтой, хараатай. Уг нь үүнийгээ сонгуулийн үеэр л соргогоор нотлох ёстой юм.  Парламент дахь цорын ганц сөрөг хүчин Ардын нам. Засгийн газрын цорын ганц хүчтэй байх сөрөг хүчин. Эднийг байхгүй болгоод өрсөлдөгчгүй болбол өнөө ардчилал чинь автоматаар алга болно шүү дээ. Б.Жаргалсайхан: “Ер нь АН луйварчдын нам болох МАН-ыг дарж авсан нь зөв. Гэхдээ одоо санал тоолох машинаар луйвар хийхээ зогсоо” гэж саяхан намуудын уулзалт дээр хатуу анхаарууллаа.  Үнэхээр санал тоолох хар машинд үл итгэх үзэл нийгэмд суурьшиж байна. Яагаад гэвэл өнгөрсөн сонгуулийн дүнгийн хяналтын тооллогыг эрх баригчид хийлгэхгүй байна. Хар машин үнэн тоолдог юм бол намууд болоод ард түмний төлөөллийг оролцуулаад сөрөг хүчний хүссэн дурын тойрог дээр гараар тооллого хийж болдоггүй юм уу?! Программ хангамжийн аюулгүй байдалд эргэлзээд байгаа юм уу? Хар машины гацдаг барьдагт эргэлзээд байгаа юм уу? Хэрэв эхнийхэд нь маапаан байвал энэ бол Төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт хэрэг. Энэ бол юун Уотергейтын хэрэг. Уотергейтийн хэрэг үүний дэргэд “мальчик”-дана даа. Тэр нь сөрөг намынхаа штабад чагнах хэрэгсэл тавьж, зарим  баримт бичгийн зураг хөргийг авсан л төдий юм. Түүнээс төрийн эрхийг хулгайлаагүй. Иймд эргэлзээг тайлахын тулд цорын ганц сөрөг хүчин хөндлөнгийн экспертэд ч хандаж болно. Сөрөг хүчин юун төлөө гишүүн нь билээ. Социнтернээс ч зөвлөмж тусламж авч болно. Барак Обомад ч хандаж болно. Бүр НҮБ-д ч хандаж болно. Арай л сар, нар луу л хандаж болохгүй байх. Нэгэнт хүчирхийлэлд автсан цорын ганц улс төрийн хүчин бололцоотой бүхнээ хийх нь тэдний эрх. Хэнд ч хэнийг хардах, эргэлзэх эрх бий. Тэр чинь л ардчилал шүү дээ. Яагаад энэ тал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэл бодлоо илэрхийлэхгүй байна вэ?!  Яагаад энэ талцал эргэлзээг тайлах хүчин чармайлт гаргахгүй байна вэ?! Тун саяхан 1990-иэд онд Э. Бат-Үүлийн дараахан Ардчилсан нам дарга асан, Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, эдүгээ МҮАН-ын дарга М. Энхсайхан: “XX зууны Мон-голын түүхэнд олон гэгээлэг үйл явдал болс¬ны нэг нь Монголд Улс төрийн нам байгуулагд¬сан явдал юм. Энэ өдрийг хожмоо Эх орончдын өдөр гэх бол¬сон. Энэ өдөр бол улс төрийн бүх намд ха¬маа¬тай, тэмдэг¬лэлт өдөр яахын аргагүй мөн. Улс төрийн нам бай¬гуулаг¬дана гэдэг бол төр зохион байгуулалтын хувьд эрэм¬бэ ахисан том үйл явдал байлаа. Өнөөд¬рийн олон намын тогтол¬цоо тэр үеэс л эх үүсвэр¬тэй гэж үзэх хэрэг¬тэй юм... Цааш¬даа бүх намууд хамтарч тэмдэглэдэг болох байх гэж бодож байна” гэж “Өдрийн сонин”-д дурджээ. Үл тэвчих үзэл, үгүйсгэл, туйлшралын туйл болсон Монголын өнөөгийн нийгэмд ийм үг содон сонсогдож байна. М.Энхсайханд мань мэт тайлбар хийлтэй биш.  

2.
Шоронд хүмүүс ороод л байна. Дөрөв хүрэхгүй жилийн өмнө Ерөнхийлөгч байсан хүн торны цаана сууж л байна. Аймгийн дарга нар ч ял эдлэв. Агентлаг, яам тусгай газрын нөхдүүд ч “нэг худагт” орж гарсаар л байна. Буруу юм хийсэн хүн гэм буруугаа хүлээх нь хууль шүүхийн өмнө тэгш эрхийг хангаж байгаа хэлбэр мөн. Гэвч сүүлийн 23 жилд аж ахуй эрхэлсэн, алба тушаал хашсан улсуудаас ухаад байвал хүн бүрээс ямар нэг юм гарах нь баттай магадлалтай. Яагаад гэвэл энэ 23 жилд төр засаг байтугай хувь хүмүүс хяналт контролио алдсан байлаа. Алдаа гаргасан хүмүүсийн ихэнх нь нийгэм эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн золиосууд юм. Энэ хямрал дан ганц Монгол улсад ч биш бүх постсоциалист орнуудад гарч байсан алдаа завхрал юм. Харин ч манайд хүн алж хүрээ талсан нь бараг үгүй байх. Гэхдээ л хүн болгонд давагдашгүй хүчин зүйлийн бэрхшээл тохиодсон байх их том магадлалтай. Намайг худлаа хэлж байна гэвэл Ардын нам, Ардчилсан нам, Иргэний зориг, МАХН-ын гишүүн гэлт үгүй, Ерөнхийлөгч, Ердийн наймаачин гэлт үгүй хүн бүр өөр лүүгээ шагайгаад үз дээ. Та бүхэнд ямар нэг юм бодогдож байгаа биз?! Их бага нь гэлт үгүй нэг л юм бодогдоно. Хэрэв ээ бодогдохгүй байгаа бол Та худлаа амьдраад сурчээ. Таны ямар нэг алдаа дутагдал гаргасан нь улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн золиос болгосон таньж мэдэхгүй он цаг үед байсан болохоос Танд ихэнх буруу нь байгаагүй юм. Иймд өнөөгийн Ерөнхийлөгч ямар нэг байдлаар хэсэгчилсэн байна уу, өөр ямар хэлбэр байдаг юм ард түмэндээ амнисти зарлах хэрэгтэй. Шудрага ёс байж болно. Гэхдээ шудрага ёсыг тогтоох гээд айдас хүйдэс их үргээлгэ байж болохгүй. 1937 онд ч гадны хүчинд автаж Монголын төр “шудрага ёсны төлөө” “ардын дайсан” “хорлон сүйтгэгч” нарыг олныг устгасан даа. Өнөөдөр ч бид элдэв гадаад улсын нэр хаяг их ярьдаг байх аа. Ер нь постсоциалист онуудад ч гэсэн Ю.Тимошенко, М. Ходорковский гээд мянга түмэн хүмүүс шилжилтийн үеийн золиос болж байна. Тэд тухайн цагт шоронд орохоо мэдсэн бол үйлдэл хийх байсан уу?! Манай Монголд өглөө болгон шахуу л эрүүд татагдах хүмүүсийн нэрс гарах юм.  Ц. Анандбазарыг хорилоо л гэсэн. Сонгууль болох хугацаа дуусахад суллаад л тавьсан. Одоо нэрийг нь санахгүй олон дараг цэргийг хашиж хорьсон. Эдүгээ Ч. Хүрэлбаатарыг татна л гэнэ. Б.Чойжилсүрэн ингэнэ л гэнэ.  Ийм бүртгэл үргэлжлэнэ. С. Чинзориг, Д.Хаянхярваа, О.Содбилэг... үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр хэрэгт холбогдож байгаа хүмүүс МАН-ын эсвэл, МАН-ын угшилтай байгаа нь их содон байна. Манай сонгуулийн хууль хүнийг хэрэгт хийх хууль болжээ. Хэн нэгэн нэр дэвшигчийн нэрийг бариад л нэг баадуутай хүн тэр надад ийм юм өгсөн гэхэд л бол оо?! Хэн нэгний эсрэг шүүхийн шийдвэр гарвал дараагийн хүн УИХ-ын гишүүн болж байна. Энэ нь урд байгаа хүнээ цааш нь харуулахад болох тогтолцоо байна шүү дээ. Иймд тухайн тойрог дээр сонгууль хүчингүй болбол дахин сонгууль явуулах нь л шудрага ёсонд дөхөж очино. Тэгэхгүй бол шүүх эрх мэдэлд дулдуйдсан сонгуулийн систем болох нь.  Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж энд бас байр сууриа илэрхийлэх нь зайлшгүй чухал юм. Энэ бүгдэд байр сууриа илэрхийлэхгүй дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшвэл учир дутагдалтай л байх болно.

3.
Засгийн газрын алдаа болгон ард түмнийг үргээдэг. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилалын Ерөнхийлөгч гэдэг тодотголтой. Үнэхээр Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж маань ард түмнээ алагчилдаггүй хүн бол одоо Ардын намаас нэг дэвшээд үзээч. Тэгвэл яг ард түмний Ерөнхийлөгч болно доо. Энэ вариант шүү.  Дуу жингүй гарна шүү. Ардчилсан Ерөнхийлөгч байсан бол Ардын Ерөнхийлөгч болчих.  (Уншигч Та битгий инээгээд бай л даа. Би бодсноо үнэнээс нь хэлж байна) Яадаг юм, Ардын намаас УИХ-д гарсан Ардчилсан намыг 22 жил тас дайрч шүүмжилж байсан Д. Арвин хүртэл Ардчилсан намд орчихоод тууж л байна шүү дээ.  Арвиныг орхъё. Манайд ийм практик бий шүү дээ. П. Очирбат гуай, 1990-1993 онд МАН-аас дэвшсэн Ерөнхийлөгч байсан. 1993-1997 онд  Социалдемократ намаас дэвшсэн Ерөнхийлөгч байсан. Энэ нь цаад утгаараа өнөөгийн АН, МҮАН-ын бүтэцтэй нэг блок болж  хамтарсан хэрэг. Ингэж л П.Очирбат гуай бараг бүх ард түмний Ерөнхийлөгч чадсан Монгол эр хүн дээ. За энэ бол санамж юм. Гурав дахь хэсэг яагаад Засгийн газрын алдаа Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг сонгогчдоос холдуулах үргээлгэ болоод байгааг сануулах үүднээс ингэж эхэллээ. Өнөөдөр халагдсан, хавчигдсан төрийн албан хаагчид, түүний ар гэр, үр хүүхэд, амраг садан, танил найз Ц. Элбэгдоржийн эсрэг болох маш том магадлал үүсч байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ноён Ч.Сайханбилэг их муу ажилж байна. Яагаад гэвэл Ерөнхий сайдаа хууль зөрчигч болгож чадлаа. Ардын нам ялалт байгуулсан Аймгийн Засаг дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилуулж Ерөнхий сайдаа хууль зөрчигч болгож нэг үзэв. ТЕГ-ын дэд даргаар болзол хангахгүй Д. Ариунсан гэдэг татварын газар л тохирох хүнийг томилуулж Ерөнхий сайдаа Үндсэн хуулийн өмнө дахин бүдрүүлэв. Энэ мэтчилэн хууль бусаар төрийн албан хаагчидтай харьцах, төрийн албны ач холбогдлыг алга болгох нь ард түмний дийлэнх хэсгийн дунд их үргээлгийг хийж байна. Энэ их үргээлгэ 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг явах магадлал өндөр байна. Өнөөдөр мэргэжсэн албан хаагчдын хувь заяаг төөрүүлэхгүй байх нь Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Засаг дарга нарын үндсэн үүрэг. МАН ялсан дөрвөн дүүрэг байна аа. Гэтэл тэр дөрвөн дүүргийн Засаг дарга нар МАН-аас  биш байна. МАН-ынхан тийм их албан тушаалд дургүйдээ Засаг дарга аа өгөв гэж дээ. Хэнд ч ойлгомжтой эд. Тэнд хүчирхийлэл, далайлт, урвалт зэрэг зэрэг үйлчилсэн байх. Ингээд байвал яах юм бэ гэдэг шиг ард түмний хүсэл эрмэлзлэл мөхөж байна. Сөрөг хүчнээ хүндлэхгүй байна гэдэг бид хэддүгээр зуунд явж  байна вэ?  Канадын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч асан, олон улсын зөвлөх, хатагтай Мариа Баррадос  саяхан Монгол Улсад айлчлаад: “Канадад төрийн албан хаагчийг халдаг явдал 100 жилийн өмнө л байсан” гэж “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа хэлээд явсан. Тэгэхээр манай ардчилагчид чинь 100 жилээр хоцорч яваа юм биш үү. Тэгвэл 1913 оны үеийн Ардчилалын Ерөнхийлөгчийг сонгоно гэвэл сонгогч бид нилээн зориг гаргах л хэрэг гарч дээ. Ажлаас халагдсан улс ч зав зай ихтэй байдаг даа. Тэр завтай улс арай их үргээлгийн эсрэг их үргээлгэ хийгээд  Ардчилсан Ерөнхийлөгчийг минь баллах вий дээ.

4.
Юм болгон шүүх прокурор болоод ч байх шиг. Авилгалчид гээд нийлэг нэр яваад ч байх шиг. Буу замаг л тачигнаагүй байна. Айдас хүйдэс бол байна.  Их үргээлгэ сунжрахгүй байх аа. Яагаад гэвэл бид 1913 онд биш, 2013 оны гуравдугаар сарын 24-нд амьдарч байгаа хүмүүс

Х.Бүрэнтогтох
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив