Д.Гармаа: Зохиолынхоо санааг амьдралаас олдог
2013 оны 3 сарын 26
Д.Гармаа: Зохиолынхоо санааг амьдралаас олдог
Уран бүтээлээ 1955 оноос эхлэн  улмаар Монголын утга зохиолд  авьяас билгээ зориулан  “Морьтой ч болоосой”, ”Хөхөө гэрлэх дөхлөө”, ”Нарны унага” кино, ”Эрх гүнж”, ”Намайг сонсоцгоо”  жүжиг,  ”Хөгжөөнтэй туужууд”, ”Хөөрхий дөө, Болдоо минь”, ”Аав цэцэрлэгт орсон нь”, “Анхны хайрын тууж” зэрэг хүүхдийн шилдэг зохиол  “Цагаан булаг”, “Харуул Алтай”, “Газар тэнгэр” зэрэг роман, ”Хуучин хэрэм”, ”Дайны сүүдэр” зэрэг уянгын туужуудаараа уншигч олны талархлыг хүлээсэн  Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн, Америкийн хүүхдийн зохиолч, зураачдын нийгэмлэгийн гишүүн, зохиолч Доржийн Гармаатай ярилцсан юм.

-Зохиолч Д.Гармааг газ­рын хөрснөөс ундаалан тэ­жээгдсэн олон салаа үндэстэй буурал нарс лугаа зүйрлэж болмоор санагдана гэж нэгэн судлаачийн үг санаанаас гардаггүй юм. Энэ буурал нарс анх хаана ямар үрнээс ургасан юм бэ?

-Бага наснаасаа номонд хорхойтой болж маш эрт хүүхэд наснаасаа өөрийнхөө авьяасыг олж харсан гэх үү дээ. Оросын нэрт монголч эрдэмтэн миний олон номыг орчуулсан найз нөхөр доктор Лидия Скородумова  намайг  тэгж  үнэлсэн нь ”Монгольский язык Образы мира” номын 183 дугаар талд бий. Монголын бусад зохиолчтой адил амьдрал туулсан эгэл жирийн хүн дээ. Миний төрсөн газар шороо бол хатан Туулын сав газар. Хан Хэнтийн салбар уулсын дундах ургамал цэцэг зундаа алаглаж байдаг, өвлийн дүн хүйтэнд баавгай, хандгай, буга согоо анчин баавай нарын хорхойг хүргэн, хөвч шугуйдаа харайлган явдаг өнөр баян Гурван Баяны нутаг, Харзтай сэрүүн булаг, мөнхийн сарьдаг Алтан өлгийн  оргил тэнгэр баганадсан хөвч тайгын буурал сарьдгууд  цас  мөсөн дуулгаараа гайхуулсан  уулсын орон, Туул, Тэрэлж голын ай саваар түмэн  жилийн турш хөдөлмөрч хүн ард амьдарсан өгөөж баян хангай, Архуст, Хөөрөг, Баянголын  давхиад баршгүй уудам хөндий, Харзтай сэрүүн булаг, Тогосын хоолойн нүд алдам хөндий тал, Налайх, Багануурын  болон Цагаанбулгийн шохойн үйлдвэр олон хөгжсөн хот тосгод, тэрхүү үзэсгэлэнт нутаг минь билээ. Энэ л уудам сайхан нутагт нүцгэн хөлийн тавхай гялалзуулан хонь, үхэр, тэмээний сайхан бэлчээрт газар шороон дээрээ өнхөрч тарвалзаж өссөн би азтай хүн.      
Төв аймгийн нутаг Шохой цагаан булаг хэмээх газар ажилчин  Доржийн гурав дахь хүү нь  болон мэндэлсэн. Найман наснаасаа Төв аймгийн Эрдэнэ сумын бага, дунд сургуульд орж 1955 онд долоон жилийн сургуулийг төгсгөж, улмаар Улаанбаатар хотноо Санхүү-эдийн засгийн техникумд суралцсан.

-Техникумд төгссөн нягт­лан бодогчоос  мэргэж­лээр төгсөөд, төрийн шагналт зохиолч болсон  гэхээр хэн хүний чих сортосхийдэг. Сургуулиа төгсөөд мэргэж­лээрээ ажилласан уу та?

-Хүсэл бодол минь хөдөөг зорьсон болоод л  Сангийн яаманд өргөдөл гаргаж улсын аль хэрэгцээтэй газар томилж ажиллуулахыг хүссэн. Сангийн яам хүсэлтийг ёсоор болгож Баянхонгор аймгийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон. Баянхонгороос Төв аймагт ирж мөн л Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж  гайгүй ажилтай гэж үнэлүүлж явлаа.

-Тэгээд таны зохиол бичиж түмэнд танигдаж эхэлсэн тань хэдий үе юм бэ?


-1955 оноос уран бүтээлээ эхэлж 1959 онд Монголын анхны инээдмийн “Морьтой ч болоосой” киногоо бүтээсэн. Энэ кино нь нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй Монголын анхдагч кино болж байлаа. Түүний дараа атрын сэдэвтэй  “Хөхөө гэрлэх дөхлөө”-г бичсэнээр уран бүтээлийн замдаа шуударсан даа.

-Инээдмийн сэдэвтэй зохиолууд таныг уран зохиолын замд хөтөлсөн гэж ойлгож болох нь ээ?

 -Тэр үед намайг авьяас билигтэй зохиолч гэж улсаас үнэлж 1961 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явуулсан. Монголоос анх удаагаа тус сургуулийн үргэлжилсэн үгийн зохиолчийн ангид очиж 1966-1973 онд сурсан. Төгсөөд Монголын Зохиолчдын хорооны хүүрнэл зохиолын зөвлөлийн эрхлэгч болсон, Удалгүй Монголын радио, телевизэд редакцийн даргаар 1978 он хүртэл ажилласан, 1983 онд Монголын зохиолчдын хорооны орлогч даргаар томилогдон ажилласан.

-Миний хувьд дунд сургуульд байхдаа таны Цагаан булаг номыг уншсан. Гэхдээ Шохой цагаан булагт төрсөн хүү энэ гайхамшигт зохиолоо бичжээ гэдгийг төсөөлж явсангүй. Тан­ы  намтар сонин санагд­чихлаа?


-Нутгийн ахан дүүс болоод, миний уран бүтээлийг уншигчид  маань туулсан амьдрал, уран бүтээлийн намтар цадигийг байнга асууж сураглаж байдаг. Хүн хүнээс онцгой нэрд гарсан зохиолч биш ч өөрийн авьяас билгийн хэмжээгээр түмэнд үнэлэгдсэн хэдэн зохиол бүтээл хийсэн нь үнэн.  Шохой цагаан булагт ажилчны аж амьдралыг багаасаа мэдэрсэн би “Цагаан булаг” номоо бичих нь тэр нутгийн унаган хүүгийн хувьд зохиолчийн хөдөлмөрийг сорьсон хэрэг л дээ.

-Таныг “Хөгжөөнтэй туу­жууд” номоороо төрийн шаг­нал, ”Газар тэнгэр” романаар Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг  хүрт­сэнийг мэднэ. Танд гадаадын уншигч одоо олон байгаа байхдаа?


-Анхны том шагналыг “Хөгжөөнтэй туужууд”-аараа хүртсэн.  Хүүхдийн зохиолч гэдэг эрхэм алдар ч бас ирсэн. Уран бүтээл хийх энэ хугацаанд “Цагаан булаг”, ”Газар тэнгэр” роман маань орос хэл дээр гарч,  ”Хөгжөөнтэй туужууд” ном Москва болон Бакуд хэвлэгдсэн.  “Харуул Алтай”, ”Аав цэцэрлэгт орсон нь”, ”Алтан суварга” зохиолууд хятад оронд хэвлэгдэн  дэлхийн 30 гаруй оронд монгол зохиолчдын түүвэр хэвлэгдэхэд миний  өгүүллэг туужуудаас  орж  мөн  англи, герман хэл дээр гарсан  Монголын зохиолчдын номонд хэд хэдэн  бүтээл маань орсон.  “Анхны хайрын тууж” ном  Лондон хотод төвтэй Дэлхийн олон улсын номын нийгэмлэгийн шийдвэрлэснээр дэлхийн хамгийн шилдэг номоор 2012 онд шалгарсан гээд уран бүтээлийн олз дүүрэн явна даа.

-Таны уран бүтээлд хүүхдийн зохиол томоохон байр суурь эзэлдэг. Анх ямар зохиолоор уран бүтээлээ эхэлсэн бол, хамгийн их инээд хүрч бичсэн зохиол, хэлэх дуртай үг гээд л сонин юм ч танд олон бий дээ?

-Гуравдугаар ангид байхдаа анхныхаа шүлгийг бичиж Цэрэндолгор багшдаа үзүүлж магтуулаад нэг их урам орж байснаа хэзээ ч мартдаггүй. Санхүүгийн техникумд оюутан байхдаа  Зохиолчдын хороогоор их гүйдэг байлаа. Энэ үеэс л хүүхдийн зохиол бичиж эхэлсэн.  “Гар чийдэн” гэдэг анхны шүлгийг зохиолч Ч.Лхамсүрэн гуай үзээд “Чи хүүхдийн зохиолоор оролд” гэж зөвлөсөн. Ер нь зохиолууд амьдрал дундаас гардаг шүү дээ. “Морьтой ч болоосой”-г гэхэд хүүхэд ахуйдаа машинтай уралдаж байсан түүхээсээ сэдэвлэсэн.  Би охиныхоо “Та том болоод хэн болох вэ гэсэн асуултаас “Аав цэцэрлэгт орсон нь” зохиолоо бичсэн юм. Манай хоёр охин аав цэцэрлэгт орвол яах бол гээд л хоорондоо ярьж гарсан. Би тэдний яриаг зохиолдоо бичихэд л тэр аяараа сонирхолтой зохиол болж чадсан даа  “Газар тэнгэр” романыхаа өмнөтгөлд орсон “Ариун хүсэл минь тэнгэр юм. Амьдрал тэмцэл минь газар юм” гэдэг үгээ л хэлэх дуртай

-Та хүүхдэд зориулж шинээр ямар ямар бүтээл ном гаргаад байна даа?

-Хүүхдийн зохиол бичих нь амаргүй. Тэглээ гээд сурсан юмыг яаж орхих билээ.  Одоо бичсэн бүхнээ дурдвал барагдахгүй байх. Тоймтойгоос гэвэл  “Эрх гүнж” үлгэрийн сэдэвт жүжиг мөн “Мөнгөн ноён”, “Намайг сонсоцгоо” жүжиг, за тэгээд “Ганц хүү ганцаардаггүй” хүүхдийн инээд­мийн кино зохиол. “Шидэт бяцхан найз” үлгэр-тууж  гээд  олон зохиол бичсэн.

-Утга зохиолын үе үеийнх­нийг арван хуруу шигээ мэдэх хүний хувьд та цагдаагийн түүхэн номыг бичилцэж явсан зохиолч Ц.Очир гуайн талаар хуучлахаар барахгүй бас сайн найз нөхөд явсан гэдэг?

 -Жараад онд уран бүтээлээ эхэлсэн, олон сайхан ахмад зохиолч надтай ний нуугүй ярилцдаг байсны нэг нь Ц.Очир гуай.  Тэр үед  Зохиолчдын хороо одоогийнхоо  байранд ороогүй, Геологийн яамны доод давхарт хэдэн өрөөнд суудаг байлаа. Номоо хэвлүүлэхээр, зөвлөгөө авах гэсэн  олон зохиолч манай өрөөнд ирж уран бүтээлийн халуун дотно яриа өрнүүлэх. Тэр жилүүдэд намуухан дуутай, эгэл даруухан зантай Цэмбэлийн Очир зохиолч шинэ бүтээлээ барьсаар ирдэг байсан. Хорооныхон тэр хүнийг ихэд хүндэтгэн, аяга  цайгаар дайлахад шинэхэн бичсэн туужаараа биднийг дайлдаг байсныг би эдүгээ тод санаж байна. Би тэгэхэд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсөөд удаагүй байсан даа. Номын дуу сонсч, Монгол Улсаас анх удаагаа тус сургуулийн үргэлжилсэн үгийн зохиолын ангийг онц дүнтэй төгссөн болохоор зохиолчид надад хүндэтгэлтэй ханддаг байсан Энэ нь олноо сайшаагдсан  “Дайны сүүдэр”, цагдаагийн сэдэвтэй “Уулс өвгөрөх цаг” зэрэг тууж болон “Цагаан булаг” романаа хэвлүүлж, сайн зохиолч гэсэн алдрыг нөхдөөсөө сонссон болон зохиолч нөхдийнхөө итгэлийг хүлээн, уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, намын үүрийн дарга болсон зэрэг нь нөлөөлсөн биз.

-Ц.Очир зохиолчийн “Ээдрээ тайлагдсан нь” тууж уншдаг номын минь нэг байлаа. Гэхдээ зохиолчийнх нь талаар бага мэддэг юм. Та энэ хүнийг уран бүтээлийнх нь талаас хэрхэн үнэлдэг вэ?


 -Энэ ном бол цагдаа, цэргийн байгууллагад олон жил ажиллаж, монгол мөрдөгчийн мэргэжлийн ур чадвар, авхаалжийг үнэмшилтэй, сэт­гэлд буухаар урлан гаргаж чадсан сайн ном байсан. ”Ээдрээ тайлагдсан нь” тууж  зүгээр нэг адал явдлын зохиол биш, монгол сэтгэл зүйн  аргаар хэрхэн гэмт хэрэгтнийг мөрдөж буйг ил тод гаргасан манай цагдаагийн сэдэвт эхний сайн туужуудын нэг байсан юм. Ц.Очир зохиолч Монголын цагдаа, тагнуул, хилийн цэргийн  сэдэвт зохиолын төрлийг хөгжүүлэхэд авьяас билгээ зориулсан буян­тай буурлуудын нэг. Тэгээд ч энэ төрлөөр Монголын утга зохиолыг баяжуулан хөгжүүлж төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан ахмад зохиолч гэж би хувьдаа хүндэтгэж явдаг шүү.

-Уран бүтээл зохиолчдыг хамаатан садан мэт ойртуул­даг. Зохиолч Ц.Очир гуайгаас өөр адал явдлын зохиол бичиж байсан аваргууд бас л олон байсан байхдаа.


-Тэр үед бид ойртон танилцаж санаа бодлоо хуваалцан Зохиолчдын хорооны хүүрнэл зохиолын өрөөнд болон Төв шуудангаас холгүй байх тэдний гэрт уулзан учирч олон цагаар ярилцан суудаг байснаа одоо тод санаж байна. Бидэн хоёртой хааяа Р.Сайжаа нийлж номын садан болцгоон шинээр бичих зохиол бүтээлийнхээ сэдэв санааг ярилцдаг байлаа. Тэгж ярилцах явцаас Ц.Очир, Р.Сайжаа нарын хамтран бүтээсэн цагдаагийн адал явдлын ардын хувьсгалын үеийн сэдэвтэй ”Бага дарга” роман төрсөн ч байж магадгүй. Ц.Очир ч, Р.Сайжаа ч  цагдаагийн байгуулгад олон жил ажилласан, туршлагатай чекистүүд байсны хувьд тэдний бүтээл нь, болсон  явдлаас анх сэдсэн үйл явдлын хувьд үнэмшилтэй, монгол мөрдөгчийн арга ухааныг сэтгэлд буухуйцаар дүрсэлсэн, дүрүүдийн хувьд танил хүн шиг сайн дүрслэн бичигдсэн зохиолууд байдаг сан. Тэр үед гарч байсан зарим хөнгөхөн шиг дүр дүрслэлтэй зохиолоос Ц.Очир агсаны зохиол арай л даацтай, албаны үгээр хэлбэл, сэтгэлд буумаар тод томруун дүртэй, сайн зохиомжилсан  байдгаараа бусдаас ялгарч байсан. Ц.Очир, Р.Сайжаа, Г.Дүйнхэржав, Г.Батаа, Дожоо­дорж зэрэг үе үеийн авьяас билэгт зохиолчид цэрэг, цагдаа болон эх орны сэдвийг дагнан бүхэл бүтэн номын сан дүүргэхээр олон сайхан бүтээл хэвлүүлж ирсэн. Тэдний тэр олон ном, уран сайхны кино, жүжгийг ном журмын ёсоор задлан шинжилж олон түмэнд сурталчлах, ойлгуулах тал дээр манай зохиолчдын байгууллага бага анхаарч, судлал шүүмжлэгч, судлаач  нөхөд маань дуугүй өнгөрсөн нь харамсалтай.

Г.ГАНБОЛД

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ